Зоригтойгоор дүүлэн нис: СТАРТ АП-аа эхлүүлэхэд туслах ШИНЭЛЭГ санаанууд
Коронавирус хор уршиг, монголд нүүрлэж буй эдийн засгийн хямрал бидэнд ганц орлогын эх үүсвэртэй байх нь санхүү, эрүүл мэндийн хувьд хичнээн эрсдэлтэй болохыг мэдрүүлж байна.
Энэ сорилтот цаг үе шинийг санаачлагчдын хувьд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр онлайн платформд тулгуурласан бизнес эрхлэх марафоны талбар болж буй.
Залуу халуун насаа цалингаас цалингийн хооронд, өсөж дэвшиж гавихгүй ч хоёр идэж хоосон хонохгүй, өөрийг тань үнэлэхгүй удирдлага, хамт олон, хийж хэвшсэн уйтгартай ажилд цаг хугацаагаа хэр удаан худалдаж амьдрах вэ гэсэн бодол төрөх ч өөрийн старт апаа эхлүүлэх зориг хүрэхгүй байх үе хүн болгонд л тохиодог байх.
Тэгвэл ажил, хичээлийнхээ хажуугаар, хүүхдээ харах хугацаандаа өөрийн ур чадвар, хоббигоо хөгжүүлэнгээ нэмэлт орлоготой болохыг хүссэн танд зориулан ирээдүйд өөрт тань үнэ цэнэ авчрах, гэрээсээ хийж болох онлайн бизнесийн санаануудыг хуваалцаж байна.
Танд юу хэрэгтэй вэ:
- Камер сайтай утас,
- Хурд сайтай зөөврийн компьютер,
- Бичлэг хийхэд зориулан тохижуулсан орчин,
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэх материал
- Зөв хүнийг олж нөхөрлөх, бусдаас туслалцаа, зөвлөгөө авч чадах чадвар
#Онлайн сургалт
Коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхий дахинд 1,71 тэрбум сурагчид хичээл завсардсан гэсэн тооцоо гарчээ. Судлаачдын үзэж буйгаар дэлхийн нийт сурагчдын 99,4 хувь нь боловсролын салбарын урт хугацааны зогсолт, үйл ажиллагааны өөрчлөлтөөс үүдэн хямралд өртөж байгаа аж. Энэ нөхцөл байдал онлайн сургалтын бизнес эхлүүлэхэд хэр их том орон зай байгааг харуулж байна.
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургалтын хоцрогдлыг арилгах сургалт, оюутан, залуус цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх арга саамыг ангуучилж буй. Тиймээс онлайн сургалтын бизнес эхлүүлэхээр шийдсэн бол хүмүүсийн анхаарлыг татах, бусдаас ялгарах, онцгой сургалтын хөтөлбөр, материал боловсруулахыг зөвлөе.
- Хөгжмийн хичээл
- Хоол, нарийн боовны хичээл
- Гадаад хэлний ганцаарчилсан сургалт
- Эрүүл хооллолтын хичээл
- Гэрэл зургийн онлайн сургалт
- Фотошоп, код бичих зэрэг мэргэжлийн программын сургалт
- Цахим арилжаа хийх
- Төсөл бичих
- Подкаст суваг хөгжүүлэх г.мэт
#Хүргэлтийн хоолны үйлчилгээ
Хэрэв та хоол, эсвэл нарийн боов, амттан хийх хоббитой бол үүн дээрээ тулгуурласан хувийн бизнесээ эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе. Та өөрийн гэсэн онцлогоо шингээсэн хоол хийж /фитнессийн хоол, цагаан хоол, бялуу, нарийн боов, болгож идэхэд бэлдсэн хөлдөөсөн хоол, цагаан идээ, хөнгөн зууш/ хүргэх үйлчилгээ үзүүлбэл цаг зав багатай оффисийн ажилтнууд гээд таны зорилтот зах зээл маш өргөн.
#Онлайн дасгалжуулагч
Таны гол зорилго бол хүмүүст урам зориг хайрлаж, эрч хүчтэй, тууштай байлгаж тэдний биеийн онцлогт тохирсон жин хаях, хүссэн галбираа бүтээх арга зам зааж өгч, хянах юм. Ингэхийн тулд та хэлтэй байх шаардлагатай байх их хэмжээний мэдээлэлд боловсруулалт хийж, уншиж судлаж, бусдыг байлдан дагуулж сурах шаардлагатай.
#Судлаач, баримт нягтлагч
Эрдэмтэн, судлаач, хуульч, багш, сэтгүүлч зэрэг өгөгдөлд анализ хийдэг мэргэжилтэй бол та мэргэжлийн судлаач, баримт нягтлагчийн компаниудад өөрийгөө зарах боломжтой. Та салбартаа туршлагатай, хувийн зохион байгуулалттай, харилцааны өндөр ур чадвартай бол судалгаа хийх, тойм, шүүмж бичих зэргээр бизнес хийж нэмэлт орлоготой болж болно.
#Сошиал медиа менежер
Сошиал медиө нөлөөлөгчдөд компаниуд их хэмжээний мөнгө төлж бараа бүтээгдэхүүнээ сурталчилдаг болсон өнөө үед та сошиал медиагийн алгоритмыг мэддэг, хэрэглэгчидтэй хэрхэн харилцаж, анхаарлыг яаж татахаа мэддэг, контент бүтээх сонирхолтой бол үүнийгээ бизнес болгож болох юм.
#Гэрээт дизайнер
Хэрэв та график дизайн хийх сонирхолтой, бүтээлч сэтгэлгээтэй дизайны программуудыг ашиглаж чаддаг бол байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний дизайн, эх бэлтгэл, сошиал постуудыг хийх, сошиал хуудсуудыг хөтлөх старт ап-аа эхлүүлж болно. Мэдээж гол нь тууштай, шинийг санаачлагч байхыг үргэлж санаарай.
#Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнээр дагнасан онлайн худалдаа
Хувцас загвар эсвэл, эрүүл хооллолт, гар урлал, гоёл чимэглэл, технологи, байгальд ээлтэй бүтээгдэхүүн зэрэг хоббиндоо тулгуурлан тодорхой нэг төрлөөр дагнасан онлайн дэлгүүр нээж, хэрэглэгчдийг үнэ цэнэтэй мэдээ мэдээллээр хангах замаар дэлгүүрийнхээ, өөрийнхөө үнэ цэнийг өсгөх боломжтой.
#Дээд боловсролын зөвлөх
Хэрэв та гадаадад дээд боловсрол эзэмшсэн эсвэл суралцаж байгаа, их дээд сургуулийн шалгаруулалтын процесс хэрхэн явагддаг, шалгалтад хэрхэн бэлдэж тэтгэлэг авах, гадаадад хэрхэн цалин сайтай ажил хийх зэрэг туршлага дээрээ тулгуурласан боловсролын зөвлөхийн бизнес эхлүүлбэл хүүхдүүдийнхээ боловсрол, хөгжилд хөрөнгө оруулах сонирхолтой эцэг эхчүүд, залуусын томоохон зах зээл танд нээлттэй.
Дуу оруулагч
Та өвөрмөц хоолойтой, энэ авьяасаа хөгжүүлсэн нэгэн бол танд медиа салбарт маш том боломж бий. Бидний сайн мэддэгчилэн спортын шууд дамжуулалт болон орчуулгын нэвтрүүлгүүд, баримтат кино, youtube сувгууд, netflix-ийн нэвтрүүлэгт царай нь харагддаггүй ч дуу оруулагч, тайлбарлагчдыг нэг санаад үзээрэй. Та өвөрмөц хоолойгоо “зараад”орлого олох, дуу оруулагчийн бизнесийг эхлүүлэх нь хөрөнгө оруулалт шаардахгүйгээрээ давуу талтай.
#Онлайн номын зохиолч
Дижитал шилжилтийн эрин үе бидэнд өөрийн бүтээлээ цахим орчинд нийтэлж богино хугацаанд их хэмжээний мөнгө олох, урд хожид байгаагүй том боломжийг авчиржээ. Хэрэв та ном бичих, орчуулга хийх сонирхолтой ч хэвлүүлэх нь зардал ихтэй санагдаж байвал бичсэн номоо “Amazon” болон “Penguin readers”-т цахим хэлбэрээр байршуулж их хэмжээний мөнгө олох боломжтой. Ингэхийн тулд мэдээж тасралтгүй блог хөтөлж бичгийн эрдэмд суралцах хэрэгтэй.
Фрийлансерүүдийн нэгдлээс ажил олох платформ үүсгэх
Коронавирусийн дэгдэлтийн үед технологийн тусламжтай цахим оффис гэх нэр томьёо тренд болж байна. Та хувиараа уран бүтээлээ туурвихыг илүүд үздэг, зохих түвшний англи хэлтэй бол Freelancer, 99designs, Fiverr, Upwork зэрэг платформоор дамжуулан өөрийнхөө ур чадварт тохирсон ажлыг олж, гэрээсээ дэлхийн компаниудад ажиллах боломжтой.
За тэгээд хэзээ нэг өдөр, тохиромжтой цаг нь ирэхээр гээд бодоод яваад байлгүй, яг одооноос зоримог алхам хийгээд үзээрэй. Үр дүн нь өнөө маргааштай гарахгүй байсан ч холын холыг зорихын тулд тууштай, эрч хүчтэй байгаарай, амжилт хонгор минь.
Миний хувьд мөнгө авчрахгүй ч ирээдүйд үнэ цэнэ авчрах, ур чадварыг минь нэмэгдүүлэх бяцхан төслөө эхлүүлэх шатандаа явж байна. Удахгүй нэг сайхан нартай өдөр блогоороо хуваалцнамз. Надтай хамт байгаарай. Хэрэв зээ энэ нийтлэл танд өчүүхэн ч болов хэрэгтэй мэдээлэл өгч чадсан бол 1–50 хүртэл clap дарж болдог байгаа жүү.
Lots of Love Jinji ❤