Наран жаргалант орноор аялсан тэмдэглэл

Explore with Jinji
11 min readAug 29, 2018

--

Зуун зууны зузаан түүх хуучлах эртний хотуудын туурь, үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл 5 удаа хангинах Ezan sesi буюу мөргөлийн дуу хийгээд сүрдмээр олон сүм хийд, нарны илчтэй хундага хар цай, үйлчилгээ үзүүлэн бөхөлзөх царайлаг эрчүүд, айлуудын тагт, таксины цонх эсвэл, бүхий л үзвэр үйлчилгээний газар, байгууллагын хана цонхноос өгсүүлээд тэртээх уулсын бэлээс ч түүртэлгүй олж харах төрийн далбаа болоод хаа сайгүй хөрөг нь өлгөөтэй байх ард түмний эцэг Мустафа Кемаль эдний бахархал.

Энэ удаад бага наснаас минь л танил болсон Ази Европыг холбосон, өмнө зүгээс Газрын дундад тэнгис, өрнөөс Эгейн тэнгис, умраас Хар тэнгисээр хүрээлүүлж, дорно зүгийн урт зурвасаар Гүрж (252 км зурвасаар хиллэнэ), Армен (268 км), Азербайжан (9 км), Иран (499 км), Ирак (352 км), Сири (822 км) зэрэг таван улстай, Европын өрнө талаараа Грек (240 км) Болгар (206 км) хоёртой хиллэдэг нэгэн улсын талаар бичих гэж байна.

Одоо танд илэрхий болсон бизээ! Тийм, би энэ удаад бүс нутгийн хамгийн өндөр хөгжилтэй, европын хятад гэгдэх Турк орны талаар өгүүлье.

Далайн давслаг хийгээд халуун салхи үлээсэн бүгчим агаар, хэзээний танил хэлээр уянгалуулан шулганалдах хөнхөр нүд хөмсөгтнүүд, цахирмаа цэцэг барьсаар хүлээж буй туяхан эгч минь биднийг Ататүркийн нисэх буудалд угтан авлаа. Ходоод ч жигтэйхэн хонхолзож байснаас болж инстаграм охид шиг сүр дуулиантай тэрүүгээр нэг тас тэврэлдэн газраар өнхөрнө гэж төсөөлж байснаа мартаж орхиж. Юутай ч түр алжаалаа тайлахаар старбакс орж ходоодоо баярлуулж аваад бид эгчийн амьдардаг Эскишехир хотруу явахаар хөдөлвэй. Гудамж, талбай, метро автуусны зогсоол гээд Ататүркийн нэр болоод Османы эзэнт гүрний үеийн хаад ноёдын нэр ороогүй хаяг энд ер байхгүйгээс үзвэл энэ нийгмийн үзэл санааг нэгтгэсэн түүхээрээ хэр бахархдагийг мэдэж болмоор.

Зам дагаж хөгжил гэдэг юутай үнэг үг болохыг би бодон бодон бичиж сууна. Хот хоорондын зам харгуйг, уул усыг хүртэл үл орхин холбосны дээр далайн болон агаарын тээврийн үйлчилгээг дээд зэргээр хөгжүүлж.

Хот хоорондын автобусны үйлчилгээ онгоцныхоос дутна гэж үгүй. ( мэдээж гайгүй компанийнхийг сонговол). Байсхийгээд л эелдэг эрчүүд ус, ундаа, жигнэмэг зайрмагаар дайлна, зурагтаар кино клип үзэж, салхивчаар байгалийн сайхныг ширтэнгээ ер уйдана гэж үгүй. 6 цаг аажуу явсаар бид ирлээ. Хурдны галт тэрэг 2 цаг хагас л явдаг дээрээс нь өртөг нь арай хямд 25 аас доош настай бол 28 лира . Том хүн 36 лира байдаг гэнэ . Бид автобусаар 65 лира гаар явж ирлээ.

Буцахдаа тухтай танилцъя даа Истанбул аа..

Нэр нь хуучин ч аж байдал нь шинэлэг..

Гэсний учир нь энэ хотын нэрийг орчуулбал “хуучин хот”. Зүүн Ромын эзэнт гүрнээс өнөөг хүртэл эртнээс худалдаа эдийн засгийн хүчирхэг суурин байж. Эгчийн 6 жил суурьшаад буй энэ хотыг нэр шигээ хуучинсаг болов уу гэж төсөөлж байсны минь эсрэг байв. Эскишехир нь сая гаруй хүн амтай жижиг хот бөгөөд оюутнуудад ээлтэй, амьдрах өртөг хямдаас гадна түркийн Венец гэдгээрээ алдартай.

Учир нь хотын төвөөр урсах Порсук гол дээрх сэлүүрт болоод моторт завь, гүүрүүд, голоо дагасан байшин барилгууд нь яг л Венецэд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэм. Сүүлийн хэдэн жил дараалан туркийн хамгийн тайван хотоор шалгараад байгаа (хулгай дээрэм, гэмт хэрэг, аюул ослын бүртгэлийн үзүүлэлтээр) хэмээн шинэхэн танил афган оюутан Рахима сонирхуулав. Аа тийм, шинэлэг гэсний учир нь өөр хотуудаас залуус олноор ирж суралцдаг, төв болоод зүүн бүсийн хотуудын адил шашны хот биш болохоор уранхай, бариу, задгай хувцас хувцсаар гоёж, тамхи, шишег хээв нэг баагиулан явцгаах бүх бие нь персинг болсон залуусыг хэнбугай ч гайхан харахгүй. Аяллын 30 хоногийн 20иодыг энэ хотын гудамж, түүх соёлын газрууд, дэлгүүр хоршоо гээд бүгдийн “нүхлэв”. Цаг агаар нь төдийлөн халуун биш манайх шиг өглөө, оройдоо сэрүүхэн. Дурсахын төдийд сэтгэлд дулаахан, халуун симит хэмээх цагирган боов, ямааны сүүн амттан амтагдах шиг тийм өег мэдрэм төрнө.

Халуун цустнууд

Туркүүд халуун цустай, хэтэрхий гэмээр найрсаг, танилцсан болгоноо тэврэн авч хацрыг нь 3 үнсэн дотночилно. Нэг өдөр эгчийн зуны сургуульруу даган очиж Туркийн гадаад харилцаа хэмээх хичээлд сууж үзэв, ойлгоод байна давгүй шүү. Чингис нэртэй намхан нуруутай шар 50 эргэм насны багш оюутнуудын бэлдэж ирсэн сэдвийн дагуу хичээлээ заангаа хаа нэг хошигноно. Түрк, Америкийн харилцаа муудсанаас долларын үнэ тэнгэрт хадаж байна, барууныхны энэ орныг шохоорхох ашиг сонирхол буурч л байна гэнэ, дундад Ази дах нөлөөллөө бататгахад нь Палестин, Арабын орнуудын зэвсэг нийлүүлэгч Америкчууд мөчөөгөө өгөхгүй байгаа л гэнэ. Хөөрхийдөө, гэснээс эдийн засгаа харийнхнаар угжуулсан бид бүр хөөрхийлөлтэй. Манайхан шиг гурилдлаггүй эрдмийг сурсан шиг сурж, заасан шиг заадаг аж. Оюутнууддаа тавьж буй шаардлага нь уул овоо шиг л байх нь сайхан атлаа хэцүү ч юм шиг.

Эгчийн найзуудтай нь танилцаад бас болоогүй хамгийн сайн найзтайгаа тунилцсаныг нь би эвлэрүүлэв ооё аймараа цаа чинь хха. Хөршүүд нь хэрэгт дуртай гэж жигтэйхэн биднийг ирсэн сургаар танилцана гээд байсан тул явахын урд өдөр найзыг бас хөршүүдийг урьж цуйван сэгсэрч, нийслэл салат, гараа халуун чинжүүнд түлэн байж, мимоса салат хийн дайлав. Махны амт бол түйч алга хар мянган удаа усаар зайлчихаар аргагүй биз ээ. Яриад суухаар бол хичнээн цаг суух юм, ааруулыг ихэд сонирхон идэж, нийслэл салатыг өө рус салат байна хэмээхэд үгүй манайх гэх гэснээ нээрээ ч тийм шүү хэмээн бодов.

Аргагүй л “европын хятад аа”

‘Тэнд чинь алт мөнгийг ширхэгээр биш шанагаар зардаг санж” гэсэн хошигнол огт оргүй үг бол биш аж.Газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээ гээд бүгд дотоодынх. Тэд алт мөнгө, шаазан эдлэл, цахилгаан бараа, гутал хувцас, ахуйн эд хогшил, жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн, чихэр самарханаас өгсүүлээд дотооддоо сэтгэж хийж буй бүгдээр исламын улсуудыг хангаад зогсохгүй өрнө, дорно руу экспортолно. Ази европыг холбосон гэдэг утгаараа жилээс жилд өсөх аялал жуулчлалын томоохон бүс нутаг. Дэлхийн бүх томоохон брендийг бүгдийн дуурайлган үйлдвэрлэнэ, харин ч нэг хятадуудын дэргэд их боловсон, нямбай хийнэ.

Долоо хоногийн даваа, лхагва гарагт манай ойролцоо нүүдлийн зах ирнэ, ёстой л ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусад нь цөм бий. Ээж бид 2 гараад манай мөнгөөр 10 мянган төгрөгөөр овоо олон төрлийн жимс ногоо авчихна. Нүүдлийн зах нь өдөр болгон өөр өөр дүүрэг дээр очиж юмаа зарна. Эрчүүд нь бараагаа борлуулах гэж бие биенээсээ давж орилолдоно, байсхийгээд л бүр цочиж унамаар хашхирна.

Наймааны тал дээр бол яг хятадууд шиг, юмаа хүнд зарахаас наана салахгүй. Хот болгон өөр өөрийн брэндчлэлийг бий болгон улсаа тэтгэнэ. Тухайлбал, Анталъя гэхэд аялал жуулчлалын саалийн үнээ бол, Бурса хот хөвөн, оёдлын үйлдвэрлэлээр, Эскишехир цагаан ясан чулуун эдлэл, Памукалле хөвөн цагаан уул, даавууны үйлдвэрлэлээр, Истанбулд харин бүх төрлийн бүтээгдэхүүний үйлдвэртэй. Хөдөө амьдардаг хүмүүсийн дийлэнх нь газар тариалан эрхэлдэг болохоор, жимс ногоо маш элбэг хийгээд хямд.

Сүүгээр гайхалтай олон төрлийн амттан сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, ялангуяа ямааны сүүгээр хийсэн бяслаг, зайрмаг, чанамал нь тасархай. Манай ханшаар жимс ногоо нь нэг кг нь 500 гаас 5000 төгрөг хүртэл. Харин мах болоод архи,пиво нь бузар үнэтэй. Тиймч учраас би гадуур, үйлчилгээний газраар нэг ч согтуу хүн олж харсангүй.

Эмэгтэйчүүд ямар яасын?

Энд би буруу дүгнээгүй бол албан газар,үйлдвэрлэл,үйлчилгээний 70% ийг эрчүүд ажиллаж харагдах юм. Шинэхэн танил эгчээс асуутал эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд эрх тэгш оролцоно гэхдээ тэд нэг гэрт орсон л бол амьдралаа залгуулах асуудлыг нөхөртөө даалгаж гэртээ хүүхдээ харахыг илүүд үзнэ. Ганц хүний цалингаар гэр бүл амьдарч болоод байхыг үзвэл амжиргааны өртөг боломжийн дээрээс нь нийгмийн халамж сайн гэж дүгнэж болмоор. Монголоос тэс ондоо нь төрөөс үзүүлэх үйлчилгээ сайн, төрийн өмчийн их сургууль нь үнэ төлбөргүй. Эндхийн хурим хачин сонирхолтой.

Исламын шашны Суфизм хэмээх урсгалын бүжиг. Энэ сектор нь бясалгалыг онцгойлдог, ямар нэгэн хатуу дэггүй, бурханыг өөрийнхөө дотроос олно гэх үзэлд тулгуурладагаараа манай буддын шашинтай төстэй.

Шөнөжин бүгдээр хөлсөө гартал бүжиглэнэ архидан согтуурч аль эсвэл тоглолт үзэж байгаа шиг хэн ч суудалдаа суухгүй. Ялангуяа гудамжны хурим бүр ч сонирхолтой.

Нүднээс бусад юм нь харагдахгүй гивлүүртэй эмэгтэйчүүд бол арабууд. Хар халуунд халширмаар харагдана. Гэхдээ итгэл бишрэлийн дэргэд юухан ч биш бололтой. Мөргөлийн цаг болж сүмийн дуу цангианахад муслимчууд хаа бол хаа мөргөлөө хийнэ. Гудамжны сандал, зүлгэн дээр гээд мөргөж гарна. Ресторан, автуусны вокзал гээд л үйлчилгээний газруудад бүгдэд нь мөргөлийн өрөө гэж бий.

Тэднийг далайд орохдоо яаж сэлдэг бол гэдэг нь сонирхлыг минь их татаж байлаа. Газар дундын тэнгисийн эрэгт харин үзээтэхэв. Яагаав нөгөө хөлөргөж тураадаг хувцаснууд байдаг даа, хүзүүнээс хөл хүртэл битүү хувцас, малгай өмсөнө. Бүтэн гивлүүртэй эмэгтэйчүүд усанд ордогчгүй далайн эрэгт хүүхдүүдээ тоглуулан суухыг харав. Тэдний хувьд нөрийнхөө хоолыг бэлдэж үр хүүхдүүдээ асарч, амралтын өдрүүдээр хамрт гадуур хоолонд орж салхилж явах эмэгтэй хүний жаргал.

Тэнгэр ба тэнгис, Нар хамгийн үзэсгэлэнтэй жаргах ертөнц

Жигтэйхэн их жуулчид овоорно, жигтэйхэн ч хална даа.. Өнөөдрийг хүртэл нар ийм үзэсгэлэнтэй жаргаж болдгийг би Анталъя хотоос мэдэрсэн. Далайн эргээс 5 минутын зайтай буудлын маань тагтан дээрээс ажихад тэнгисийн мандалд улбартан мандаад туяаран жаргах наран одоо ч тэр л тансаг дүр зургийг сануулсаар л. Аяласан хотуудаараа үзэж харах газрууд, үнэ ханш байршлыг оруулмаар байсанч хэт сунжирах гээд байсан тул дараа хуваалцъя. Туркчүүд хичнээн завгүй байсан ч өглөөний цайндаа ихээхэн ач холбогдол өгч удаан гэгч зооглоно. Нүүр нүдгүй хорсгосон тэнгисийн шорвог ус амьдралын амтыг үзүүлэх шиг хэрнээ нарны халуунд элч энхрийлээд ч байх шиг..

Энэ хоёрын төгс зохицол яг л хүмүүн амьдралын утга болой. Газар дундын тэнгисийн эргээс холдсоор бараа нь тасрах хөлөг онгоцууд, шөнө болохоор тэнгэрийн од уу эсвэл тэнгисийн эргийн хот уу гэдэг нь үл ялгагдан гялтайх дүр зураг, агаар зүсэн хурдлах хөлгүүд энэ хотын сүрийг улам нэмнэ.

Эртний Ромоос Визант, Османаас Сельжүкийн хаант улс хийгээд өнөөдрийг хүртэлх түүх хүүрнэх далайн эргийн эртний хот Кале ичи эдүгээ сая сая жуулчдад үйлчлэн үдлээд буцах газар нь болжээ. Далайн дун хясаа, шүр сувд, чулуу гээд ашиглаж болох бүхий л зүйлсээр жуулчдыг сэтгэл булаах юмхан хийнэ.

авнаа л гээд байсымаа титмийг минь

Хамгийн хөөрхөн охид хийгээд хамгийн цогц эртний хотын туурь Измирт бий

Харин одоо Эгэйн тэнгисийн эрэг орчмын адал явдал сонин хачинг хүүрнье. Грекууд урд цагт олноор аж төрж явснаас эрлийзжсэн хөрслөг бор охидоороо одоо ч алдартай. Хүлээлтийг минь, урмыг минь ердөөсөө хугалаагүй сэтгэлийг маш ихээр булаасан бас нэгэн үзэсгэлэнт хот. Аялж байгаа газраасаа их зүйл хүлээж байтал урам хугарах тохиолдол ч бас бий.

Бишрэм түүхийн мөр

Измирийн Сельжүкээс холгүй байх (тосгоноос том арай том суурин) Ромын эзэнт гүрний хөгжлийн оргил үед баригдсан эдүгээ хамгийн цогцоороо тэсч үлдсэн гантиг чулуугаар баригдсан Эфэс хотын туурь хүн төрөлхтний соёлын өвд хэдийн бүртгэгдэж жил бүр олон сая жуулчид энэ орныг зорих шалтгаан болсоор байна.

МЭӨ 560 онд Артемис /Artemis/ сүмийн ойролцоо нүүж очжээ. 6000 жилийн түүхтэй Эфэст маш олон улсын хотын төвийг байгуулж байжээ. Энэ хотод уртаашаа 8 км үргэлжлэх талбайд түүх дурсгалын арвин бүтээлүүд бий.

Түүх дурсгалын бүтээлүүдийн заримаас дурдвал : задгай театр, Hadrian-ий сүм, Celsus ийн номын сан, худалдааны танхим, эмнэлэг, ус зайлуулах хоолой, 300 жил нам унтсан 7 залуугийн түүхтэй Асхаби-Кэф агуй, дэлхийн 7 гайхамшигт бүтээлийн нэг болох Артемис сүм (Эртний бүтээлүүд дотроо дэлхийн хамгийн анхны гантигаар барьж босгосон сүм байсан юм), Есүсийн сүм, Гэгээний Мариягийн гэр гэх мэт багтана.

Эгэйн тэнгисийн өнгөлөг тосгон Ширинже

Сельжүк-ээс 30 аад км яваад дарсны тосгон болох “Ширинже көй”-д ирэв. Дэлхийн хамгийн аюулгүй газарт тооцогддог бөгөөд Мааяачуудын зөгнөлөөр 2012 онд дэлхий сөнөнө гэж шуугиж байхад Францийн нэгэн тосгон нөгөөдөх нь энэ Ширинжед л амьдрал үлдэнэ гэсэнд итгэсэн дэлхийн баячууд энэ тосгоноос байшин худалдан авч байжээ. Ерөөсөө л энэ тосгоны амьдрал жуулчдад үйлчлэх, дайлах, элдвийг зарах дээр тогтоно. Энэ тосгон Дарсаараа Туркд алдартай бүхий л жимсний шүүснээс дарс гаргадаг гээд төсөөлөхөөр гарцаагүй сонирхолтой.

Нэгэнт ирснийх ойролцоо Эгэйн тэнгисийн эргийн шүрэн арал гэгдэх “Кушадасы”-г үзсэн нь аяллын улам амттай болгов. Энэ аралд үдсэн тэр гайхалтай орой надад үнэхээр сайхан мэдрэмж төрүүлсэн. Ингээд бид Сельжүк руу буцах сүүлийн минибусад амжиж суугаад буудалдаа ирэв ээ.

Өрнө ба Дорно, Шинэ болоод хуучин, энэ хоршил зөвхөн Истанбулынх

МЭӨ 330 онд Константин хаан уг хотыг Ромын эзэнт гүрний нийслэл болгон өргөмжилсөн бөгөөд Ром хотоос илүү үзэсгэлэнтэй сүрлэг, болгохоор эзэнт гүрний өнцөг булан, газар газрын уран дархчуулыг авчран гоёмсог барилга байгууламж олноор бариулсан гэдэг. Ромын нэртэй хотуудаас түүхийн үнэт бүтээлүүдийг шинэ нийслэлдээ авчирч байжээ. Гэвч 1453 онд Оттоманы эзэнт гүрэн Византыг эзэлснээр Константинополийн Истанбул болгон өөрчилжээ. Мусылман түрэгүүдийг тус хотод цуглуулж, мечетүүд барьж байгуулан олон зуун жилийн турш христийн шашинтнуудын мэдэлд байсан тус хотод исламын соёлыг дэлгэрүүлсэн гэдэг.

Оттоманы эзэнт гүрний үед бусад нутагт баригдсан сүм хийдүүд Истанбул хотноо орших эртний сүм хийдийн загвараар баригдсан гэнэ.

600 жил үргэлжилсэн османы эзэнт гүрний байлдан дагуулал дэлхийн нэгдүгээр дайнд дуусгавар болж нэлээдгүй зовлон уй гунигт нэрвэгдсэн энэ хот 1923 онд Турк улс хөл дээрээ босоход сэргэн мандаж илүү өрнөжиж басхүү шинэ хуучин дүр төрхийг хадгалсаар буй билээ.

Истанбул шиг эртний түүхт хотоор зугаалангаа задгай далайн эрх чөлөөг мэдрэх л босфорын хоолойд өөдөө сөргөө аялахын утга учир мэт. Хот Босфорын хоолойгоор ази тал, европ тал хэмээн хуваагдсан. Европ тал нь илүү өрнөжсөн гэх 20 оод сая хүнтэй энэ хотын хөл хөдөлгөөн ихтэй учир мэдээж өтрөг өндөр. Их хотын хүмүүс завгүй, бухимдалтай ааш муутай гэх бодлыг минь Истанбулынхан өөрчлөв. Бидний байрласан турк айлын зочломтгой, элгэмсэг нь бүр санаа зовмоор.

Олон мянган жил Христийн, исламын сүм болгон ашиглагдсан эдүгэ музей болгосон аяа София түүний өөдөөс нь дүнсийх сүрлэг Султан ахметийн сүм, Топкапы ордон, Галата цамхаг, Газар доорх эртний хот,Гүнжийн цайз, улсын хамгийн томд тооцогддог сарнайн цэцэрлэг, сайн хайвал ногоон хурганы арьс ч олдож мэдэхээр эртний захууд.. гээд энд ирсэн жуулчид нүд сэтгэлээ баясгах газрууд арвин.

Харин эртний барилга байгууламжаас илүүтэй аж байдал буюу 2 тивийг холбосон үзэсгэлэнт босфорын хоолой түүний мандал дээр дүүлэлдэх үй түмэн цахлай шувууд, өөдөө сөргөө аялах хөлөг онгоцууд 2 тивийн холбосон 3 гүүр дээгүүр нь явах машинууд эдгээр бүгд хичнээн их таашаалыг авчирдаг гэж санана. Өдөржин ширтсэн ч би хэзээд ханахгүй байх. Энэ л мөчид би Орхан Памук “Амьдрал заримдаа гунигтай, утгагүй мэт санагдах үе бий, огиудас хүрч, бачуурсан тэр л үед чи бол Истанбулын хүн, далайн эргээр нь хүссэн үедээ алхаж чадах үзэсгэлэнт хотын хүү гэсэн мэдрэмж юугаар ч солимгүй сайхан санагддаг” гэснийг нь мэдэрсэн юм. Хүмүүс амьдарч буй хотынхоо сайхныг огтхон ч олж хайрлаж чаддаггүй юм шигээ. Хүсвэл чи далай тэнгист бүхнээ хуваалцан хөнгөрнө, эсвэл хааяа хөнгөн гуниглах гоё шд. Истанбулын баячуудын дүүргийн ойролцоо хотын хамгийн үзэсгэлэнт сарнайн цэцэрлэгт хүрээлэн бий. Эндээс зав чөлөөгүй Босфорын хоолойн амьдрал хийгээд хотыг бүхэлд нь хайрлангаа уулан дээр баригдан эртний ноёны гэрээс эдүгээ тансаг зэрэглэлийг ресторан болсон энэ газар зоог барих үнэн хүү таашаалыг мэдрүүлнэ.

15 жилийн дараах уулзалт

Намайг таван настай байхад судлаач Турк эгч манай хажуу өрөөнд амьдардаг байсан санагддаг. Мэлтэлзэн давалгаалах Босфорын хоолойн эрэгт 15 жилийн дараа Эбрартайгаа уулзан нутгийн аж амьдралыг хүүрнэн, өнгөрснийг дурсахад хар багын дурсамж бүр сэргэн, бидний цөөхөн Тувачуудыг сонирхон судлах энэ доктор эмэгтэйг сэтгэлдээ бахдан суув.

Нар жаргасан хойно ээжийн 49 насны ойг Босфорын хоолойн усан онгоцоор аялаж өнгөрөөсөн энэ шөнө үлгэрийн мэт байлаа. Ийн зав хийгээд зоосондоо тааруулсан адал явдлаар дүүрэн аялал 4 хот хүрээд жаргавай.

энэ уриаг л хэтрүүлэн биелүүлжээ пэндийгээд ххэ
далай тэнгис үзэж ханлаа, тал нутаг руугаа буцъөө
заа дараа тухтай ирнээ явлөө-

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet