Нэжгээд зүйл сурсан НЭГ жил
-Чи ингэхэд өөрийгөө хэн гэж боддог юм бэ? Цагийн ажил хийж байгаагаар хүмүүст харагдвал доош орсон мэт мэдрэмж төрж байна уу? хэмээн нэгэн найз минь зэмлэх ухааруулахын зэрэгцээ хэлсэн нь тархины минь түгжээг мулталж орхих нь тэр. “Тэр битгий хэл би таван жил утасны цаанаас харилцсан залуутай зөөгч хийж байхдаа таарч байлаа” гэв. Би байсан бол барьж очсон хоолоо сандарсандаа асгаж орхиод “арилаад” өгөх байсан биз ээ хэмээн бодож үлдсэн юм.
Зөөгч, угаагч, худалдагч, айлын хаалганд брошур наах, сонгуулийн судалгаа бөглүүлэх, промоушн хийх, онлайн худалдаа эрхлэх, ресепшн, маркетингийн ажилтан, сэтгүүлч гээд. Нэгээс нөгөөд харайлгасан, нэг хоногоос хагас жилийн хугацаанд (оюутан байхдаа) хийсэн богино настай ажлууд байлаа. Ерөөс өөрийн гэсэн санхүүтэй, түүнийг өөрөө захиран зарцуулах нь хэчнээн том эрх чөлөө бас хариуцлага вэ гэдгийг мэдрээд сууж байна даа. Эдгээр ажлууд надад өөрөө ч анзаараагүй тийм том давуу талуудыг би болгоод амжиж. Гэхдээ компанид харьяалагдаж тогтвортой ажилласан нэг жил гаруйн хугацаанаас юу ухаарснаа энэ удаад хуваалцая муужгайхануудаа.
№1 Эргэх холбоо
Орчин үед танилтай хүн талын чинээ биш тивийн дайтай болсныг би биш дэлхий батална. Сургуульд заадаггүй хамгийн чухал чадвар бол ажлын ур чадвараас гадна Corporate орчинд харилцагчтайгаа эргэх холбоотой байх юм. Та хэдий чинээ харилцагчидтайгаа эргэх холбоотой байж, халамжилна төдий хэмжээгээр ертөнцийг харах өнцөг тань тэлж, танд бий болох боломж нэмэгдэнэ. Би өнөөдрийг хүртэл цөөнгүй л сайн дурын байгууллагад ажиллаж, ажлын болон ажлын бус шугамаар олон хүмүүстэй танилцсан ч эргэх холбоо муутай байснаас тийм ч олон хүрээлэлд багтаж амжаагүй. Хүмүүстэй эргэх холбоотой байх нь биднээс тийм ч их цаг хугацаа, мөнгө шаардахгүй шүү дээ. Мэндийг мэдэж утас цохих, чат бичих, аяга боргол хамт уух, баяр ёслолоор мэндчилгээ илгээх, хааяа хамт ууланд гарах, багахан ч атугай хамт өнгөрүүлсэн цаг, солилцсон мэдээлэл танд үнэлж барашгүй боломжийг авчирч мэднэ. :)
№2 Долоон уулын цаадахыг харах буюу алсын хараатай байх
Захирлаасаа ажигласан, сурсан хамгийн эхний давуу тал байв. Өнөөдөр бидний хийж буй ажил, харилцаж буй хүмүүс таалагдахгүй байж мэдэх ч, хэзээ ч нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэхгүйг санаарай. Тиймдээ ч өөрт таалагдахгүй нөхцөлд сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй байх, онцгүй авираа гаргаж болохгүй юм шүү. Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино гэсэн үг хүртэл бий шүү дээ. Алсын хараатай хүн өнөө маргаашийн бяцхан асуудлыг бэрхшээл гэж хардаггүй, холыг харж нүүдэг.
№3 Асуу асуу бас дахин сонс
Бизнес уулзалтууд, хурал гэхчлэн корпрэйт орчны харилцаанд харилцагчаа хүндэлж, харилцаанд идэвхтэй оролцож буйгаа илэрхийлэх чухал арга нь ярилцагчаасаа сонирхож буй, ойлгоогүй, мэдэхийг хүссэн зүйлээ заавал лавлаж асуух. Мөн өөрөө үргэлж ярихаас илүүтэй, бусад хүний байр суурийг сонсох нь таныг илүү ухаалаг нэгэн болгон харагдуулахаас гадна, мэдэхгүйгээ мэдэж авахад нэмэртэй.
№4 Хуримтлуулж эхэлсэн цагт хэнд ч царай алдахгүй
Миний хувьд мөнгөө хуримтлуулахын тухайд үргэлж боддог ч огтоос хэрэгжүүлж чаддаггүй байв. Учир нь мөнгийг ухаалаг удирдах, хуримтлал үүсгэх дадалгүй байсан гэр бүлийн маань хүмүүжилтэй холбоотой. Хөөрхийс минь 4 хүүхдээ олигтой боловсрол эзэмшүүлэх гэж урд хормойгоороо хойдхоо нөхөж ирсэн тэднийгээ яаж ингэж хэлж болох вэ дээ. Уг нь 2019 он гараад сар бүр цалингаасаа 100К хуримтлуулж байсан ч хавар гэрт маань гэнэтийн мөнгөний хэрэг гарсан тул би хадгаламжаа яаж тас нууж болох билээ “гөвж” орхисон юм. Утсаа эвдэлчхээд нэлээд хэдэн сар нокиа барьж, сар бүрийн хуримтлуулсан мөнгөн дээрээ гэрийнхнээсээ мөнгө авч нэмж утас аваад хоёр сар хүрэлгүй ахиад хулгайд алдчихав. Ээ халаг… Яалтай билээ 800 мянгаар сонор сэрэмжийн сургалтанд суусан гээд бодчихоос..Байрны түрээс, утасны төлбөр, хүнс хэрэглээний мөнгө гээд тусдаа гарсан хүний зардал мундах биш. Минималист байх гэж хичээж буй тулдаа л осолдохгүй бага багаар хуримтлуулж байна. Санхүүгийн том зорилго л тавихгүй л бол мөнгөө бүгдийн хэрэгтэй мэт зүйлд зарцуулсан санагдана. Цалин буунгуут хамгийн түрүүнд хадгаламж руугаа багахан мөнгө шилжүүлчхээд үлдсэн мөнгөө хүргэж амьдарвал илүү дутуу зүйлд мөнгө үрэхээ аяндаа болино. Амжилт :)
№5 Өгөх нь авахаас илүү ерөөлтэй
Хэрэв та ажил хэргээ урагшлуулах гэж буй, бизнес хийх бол хамгийн түрүүнд өгч сурах хэрэгтэй. Мэдээж мөнгө, материаллаг зүйл байх шаардлагагүй. Өөрийн цаг зав, мэдсэн сурснаараа өгч болно. Тусч, өгөөмөр зантай байх нь л нөгөө долоон уулын цаадахыг харж нүүх буюу өнөө маргаашийн ашиг хардаг бус таныг алсын хараатай нэгэн болгоно. Чаддаг, мэддэг зүйлээрээ бусдад төвөгшөөхгүй тусалж сурах нь ажил хэргийн орчинд хурдан өсөн дэвжихэд маш том хөшүүрэг болно.
№6 Цаг үргэлж өөрийгөө сорих
Өмнө минь сорилт бэрхшээл тулгарахгүй бол нэг газраа гацжээ гэдгийг ойлгоод байна. Бүтээлч салбарт ажилладаг болохоор цаг үргэлж шинэ ур чадварууд шаардана. Хүмүүстэй уулзаж ярилцлага хийх тоолонд тэр хүний салбарыг судлах, наад захын мэдлэг ойлголттой болох, нийтлэл мэдээ орчуулах тоолонд үргэлж өөр салбарын мэргэжлийн үг хэллэг таарна. Сошиал платформ хөгжүүлэх, зураг дарах, photoshop, priemiere гадарлах, хар монтаж хийх, хурдан шивэх, түүх, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд гэхчлэн өргөн хүрээний мэдлэг гэхчлэн ажил маань цогц чадварууд цаг үргэлж шаардагдана. За ямартай ч үргэлж сорилт тулгарч байгаа учраас мэлхийн хурдаар ч болох урагшилж байгаа гэж найдъя. Би болж байна, чадаж байна бус өөрт ямар нэгэн ур чадвар дутагдсаныг мэдэрч буй үед бид хөгждөг.
№7 Хамгийн чухал нь хариуцлага, хандлага
Өмнөх ажилдаа сар гаран болоод л гарсан шалтгаан минь мартамхай зангаасаа болж хариуцлага алдсан хэрэг. Ноцтой зүйл биш ч тул захиралтайгаа нөхөрсгөөр салах ёс гүйцэтгээд гарч билээ. “Дараагийн ажилдаа илүү хариуцлагатай хандаарай” гэсэн захиас нь ер санаанаас гардаггүй тул гал алдчихгүй шиг хичээж явна. Төлөвлөгөө, жижиг сажиг ажлуудаа үргэлж цаасанд, pc- нийхээ дэлгэцэн дээрээ бичиж тухайн өдөр гүйцэтгэснээ тэмдэглээд явбал мөн ямар ч ажлыг цагийг нь тулгахгүй, мартахгүй байх боломжтой.
№8 Санаачлага+Өсөх сэтгэлгээ
Ямар орон тоо, албан тушаалд байхаас үл хамааран шинийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлж, саналаа чөлөөтэй илэрхийлэх нь удирдлагуудад чинь чамайг өсөх сэтгэлгээтэй, ажлаа сэтгэлээрээ хийдгийг чинь харуулна. Орчин үед уламжлалт арга барилтай, өөрийнхөөрөө л “улайрдаг”дарга нар харьцангуй цөөн болсон байх. Хэрхвэл бусдад өөрөөр сэтгэж , ялгарч чадах вэ, түүнийгээ ажил мэргэжилдээ хэрхэн ашиглаж болохыг харуулах боломж байвал бүү алдаарай, шууд л хэрэгжүүлээрэй.
№9 Хамт олноосоо суралцаж болох чадварыг үргэлж сурч, өдөр өдрөөр урагшлах
Бид бүгдээрээ анх удаа л амьдарч байгаа болохоор алдсан ч зүгээр.. Гялс суралцахад болно гэж би боддог. Таны хамгийн дургүй хүнд ч авчихмаар тал байдаг л биз дээ. Эргэн тойрны хүмүүсээс, хамт ажиллагсдад маань авууштай зан чанар тоо томгүй бий. Жишээ нь манай редактор хүнд үргэлж урмын үг хэлж чаддаг бол ажлын маань Дөлгөөн нэг жилийн хугацаанд найзлахдаа хүн муулж, хов жив, тогооны дэмий яриа өрнүүлж байхыг нь би барагтай л сонсоогүй. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал үргэлж төвөгшөөхгүй тусална. Та анзаарч чадвал үйлчлэгч эгчээс хүртэл суралцах зүйл олон бий шүү.
№10 Бодох, төлөвлөх нь ажлын тэн хагас нь
ажлаа төлөвлөчхөөд аяга боргол ганц нүд шоколад, даварвал за тэгээд бүхлээр нь идчихээд ингээд ажилруугаа марш!
Бидний ихэнх нь сайтар бодож, төлөвлөлгүй шууд ажилруугаа “дайрдаг” гэмтэй. Би ч одоо болтол энэ чадварыг өөртөө бий болгож чадаагүй л байна. Нийгэм маань төлөвлөөгүй, гэнэтийн зүйлсээр дүүрэн, өдөр бүр гэнэтийн бэлэг баридгаас “халдварлана”. Нийтлэл бичихэд нарийн төлөвлөөгүйгээс болж сэдвээсээ хальсан судалгаа хийх, шал хэрэггүй мэдээлэл орчуулахад цаг, эрч хүчээ үрсэн байх нь цөөнгүй.
№11 Үг сонсож сурах
Заримдаа өөрийнхөө төдийгүй өрөөлийн алдаанаас үүдэн загнуулж, хатуу үг сонсох шаардлагатай болно. Тэр тоолонд дөвчигнөж уурлах, хариуд нь муухай авирлах бус аль эсвэл дүлий юм шиг дүмбийж загнуулаад суух уу? Үгүй шүү. Хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөснөөр та хожно уу гэхээс биш хэзээ ч алдахгүй. Харин та бүтээлч зэмлэл, шүүмжлэлийг л хүлээж аваарай. “Нэг л биш, таалагдахгүй байна, болохгүй байна, сэтгэл гаргасангүй” гэхийн оронд хэрхвэл цаашид илүү сайжрах боломжтой зэрэг үндэслэлтэй, бүтээлч шүүмжлэл хүлээж авдаг юм шүү. Миний хувьд, эмзгээс эмзэг туяхан сэтгэлдээ хүндээр тусгахгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөх нь ч багагүй чанга даваа. Гэхдээ мэдрэмжтэй, ухаалаг, зөв тайлбар хийж чадахгүй бол 80 хувьд нь дуугүй байх нь гал авалцахаас сэргийлнэ.
№12 Эрүүл хэмнэлттэй, хооллож сурна даа
Залхуурч өдөр бүр хоол худалдаж авж идэхгүй шүү, та нар тэгтлээ баяжаагүй биз дээ хэмээн захирал анх хэлдэг байж билээ. Өөрөө ч үргэлж хоолоо авчирна. Манай ажлынхнаас өдрийн хоолоо гадуур иддэг хүн ч цөөхөн. Гэртээ хийж авчирна. Материалаа авчраад ажил дээрээ хийнэ. Элбэг хоолтой нэгнийхээ хоолыг “буудна”. Анх өглөө хоолоо хийж явах гэж эрт босдог байсан бол одоо өглөө хоолоо, агаарын йогоо хийх тул улам эртлэх болов. Сайныг дагавал сарны гэрлээ гэж.. Надад эерэгээр нөлөөлж, үргэл дуурайлал болж байгаа “сарны гэрлүүдээ”
13. Ажил хэзээ ч дуусахгүй тул тархины ачааллаа биеийн ачааллаар тэнцвэржүүлээрэй
Нугалаад байхад дундаршгүй зүйл бий тэр юу вэ гэж үү? Ажил ааа ажил… Нэгийг нь арайхийн дуусахад дараачийнх нь ар араасаа ундарна. Тиймээс хувийн орон зай, сэтгэл зүй хийгээд бие махбодын эрүүл мэнд, гэр бүлдээ цаг гаргахаа мартаж болохгүйм шүү..Бурхан минь хоногийн 24 цаг юунд хүрэлцэхгүээн. Сурч мэдэх зүйлс, танилцаж нөхөрлөх хүмүүс, үзэх газар хязгааргүй байна. Өдөр хоногууд минь, ажил минь надад тав тух биш улам их адал явдал авчраарай плийз. Дараагийн блогоороо уулзъя ❤ ❤ ❤