Одоогийн уйтгар гунигаа ирээдүйд чиглэсэн горьдлогоор хэр удаан аргацаах вэ?
Бид өдөр бүр амьдралынхаа жинхээсээ эзэн нь байж бид чаддаг билүү? Саяхан хэдэн минутын өмнө найзуудтайгаа талбайн урд байрлах лоунжаас яагаад ч юм зугтах шахам гарах болсон шалтгаан нь энэ бодол билээ. Шөнийн 12-оос нэг вебинарт оролцох ёстой юм гээд 10 болоогүй байхад гэр рүүгээ яарсан минь тэр. Чухамдаа юун вебинарт оролцох хариад жаахан эморонгоо маргаашийн хоолны материалаа бэлдээд усанд орчхоод унтах гэсэн бодол минь санаандгүй блогоо нээх төдийд замхран одов.
Хүмүүсийн дунд ганцаардах шиг аймшигтай мэдрэмж үгүй биз, тэгвэл сайн найзуудтайгаа хөгжилдэх, дэггүйтэх, жаргалтай мөчүүдийг бүтээхээс хэзээ ч хойрголж үзээгүй би өөрийгөө ийм дотогшоо, ганцаардмал нэгэн болсоныг улам бүр гайхан байлаа. Үнэндээ энэ хуурмаг инээмсэглэл, хөгжилдмөөр аядсан хошигнол, хичээж шалихгүй байгаа атлаа хичээсэн мэт л ачааллыг өөртөө өгөхөөс залхаж гүйцлээ.
Хэний хэнтэй болзсон, яаж идэж уусан, тогоо шанаганы сэдэв ер нь надад хамаа ч уу санагддаг болсон юм. Гэхдээ сонирхсон юм шиг аяглаж, асууж шалгаахгүй, хөөргөсөн эс бөгөөс шүүмжилсэн хэд гурван үг хэлэхгүй бол найзыгаа үл тоосон амиа нэгэн болж харагдана. Энд тэдний буруу огтхон ч байхгүй, бас минийх ч биш. Гагцхүү бид өөр өөрсдийн долгион сэтгэл хөдлөл дээрээ амьдарч буй тул хэнийг ч шүүх, шүүгдэх нь утгагүй.
Яагаад ч юм ганцаар байхыг, эморохыг хүсэж, бусдаас өөрийгөө тусгаарлаж, тэдэнтэй харилцахаас цааргалаж байна. Энэ нь ч тэгээд амарч юм шиг, магадгүй хаа нэгтээ бичиж байж сэтгэл хөнгөрч мэдэх юм. Хүн биш сэдэв, үйл хэрэг хуучилцгаах, магадгүй голоо олсон шүүмжлэл, зэмлэл надад юу юунаас илүүтэй хэрэгтэй байх.
Оюун санаа хаашаа ч юм тэнэж одох юм. Заримдаа өөрийгөө бусдад эвтэйхэн ойлгуулах бүү хэл өөрийгөө ч ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй өдөр байдаг даа тээ.
Хүрээлж буй орчныхоо бүтээл болон хувирч зэрлэгшиж буй нийгмийг, хүмүүсийг хүлцжжд сайнтай, муутай нь чимээгүй хайрлахад суралцаж байна даа.