Explore with Jinji
5 min readNov 25, 2018

Пи-гийн амьдралаас мэдэрсэн хийгээд ойлгосон зарим зүйлс

Номыг хавтсаар нь дүгнэж болно гэдэгт энэ удаад санал нийлчихье. Учир юу гэвээс орчуулагч Б.Сувддуламын орчуулгаа тархиараа бас зүрхээрээ хийдэг гэж итгэдэг болохоор орчуулсан номыг хамгийн түрүүнд гүйж очоод авна, үнэрлэнэ, дэрлэж унтана, заримдаа бүр түүгээр хооллоно. Одоогоор миний мэдэхийн Памукийн “Истанбул-Дурсамж ба хот” , Франсуа Саганы “Сайн уу уйтгар гуниг минь”, Янн Мартеллийн “Пигийн амьдрал” зэрэг номуудыг орчуулаад буй.

Өнгөрсөн хавар номын өдөрлөг дээрээс хонхны баярт хэрэглэе юүү гэсэн жоорны хэдэн мөнгөөрөө, Памук ахын Истанбул дурсамж ба хот, Ян Мартелийн Пи-гийн амьдралын авч байсансан. Бага багаар хэмлэсээр саяхан дуусгав. Зүрх шимшрэм уйтай хэрнээ зугуухан догдлуулах асар олон адал явдалт хором мөчүүдийг амтлуулсаар Энэтхэгийн Пондичерээс Мексикийн Томатлан хүртэл номхон далайг хөндлөн гулд нь аялуулсан энэ түүхийг киноноос нь хүн бүр мэдэх авч мэдрэх гэдэг нь онхи ондоо зүйл билээ.

Амар амгалан

Мэдэрсэн:

Тийм бас Үгүй:

№1 –“Хүний сэтгэлийг үргэлж хоёрдуулж байдаг зүйл бол үхэл. Аливаа хүн амь нас нь аюулд ороогүй үед үүний үнэ цэнийг мэдэхгүйгээр барахгүй заримдаа бүр үхээд өгье ч гэж боддог”. Үгүй-Бүх цаг үед амьдралын гэрэл гэгээг хайраар төлөөлүүлж, хар барааныг үхлээр төлөөлүүлж ирсэн. Гэтэл тийм биш бол яах вэ? Ард үлдэж буй хүмүүнд зовлон зүдгүүр атлаа алсаран одогч хэн нэгэнд хэзээ ч амсаж үзээгүй баяр баясгалан байвал яах вэ?

№2 Тийм- Харин амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэхэд түүнээс эрхэм зүйл үгүй болж, зуурч үлдэхийг хичээнэ. Хүн зовлонгийн далайд живэх үед л тэнгэр бурхан руу тэмүүлдэг.

№3 Тийм-Завгүй байх шиг ач тустай зүйл үгүй аж. Завгүй байсныхаа ачаар Пи золгүй хувь тавилангаа, заяа нь хаясан өөрийгөө бодон шаналсангүй. Цаг хугацаа гэдэг чинь ердөө л хоолой боомилогч хоосон зэрэглээ зүйл байж. Би түүнийг ор тас мартсан тулдаа л тэр амьд мэнд үлдэж чадсан билээ. Хамгийн бодит байгаа зүйл бол Одоо. Тиймээс өнгөрсөн хийгээд ирээдүйг бодон шаналахгүй одоо энэ хором мөчид дүүрэн амьдрах нь өөрөө бидэнд байгаа цор ганц бодит зүйл.

№4 Утга зохиол гэдэг чинь урвуулж хөрвүүлсэн амьдралын түүх биш гэж үү?

- Тиймдээ ч бид ганцхан амьдрахдаа олон хүний амьдралаар амьдрах боломжийг утга зохиолоос олж авдаг.

№5 “Олж авсан мэдлэг минь онцын ашиг тусаа өгөхгүй болохоор зүг чигээ олох гэж хичээхээ ч болив. Хүссэн зүгтээ завиа сэлүүрдэж чадахгүй бол, хүрэх зүгээ мэдээд ч яах билээ. Хаана ч очсон сайн саар хоёр адилхан угтана. Тиймээс туулах замаа салхи давлагаа хоёрт даатгаж орхилоо” гэдэг. –Бага зэрэг гутранга авч уг чанартаа бол Тийм. Их санасан газар ес хоног хоосон гэдэг. Өөртөө хангалттай итгэлтэй байх өдрүүд гэж байхад өөрийгөө тултлаа сул дорой мэдрэх үе гэж бий. Тиймээс хувь тавилангаа хэн нэгэнд бус зүгээр л бор зүрхэндээ даатгаж орхив. Салхи хаашаа үлээнэ тэр л зүг рүү хийсэвч үргэлж суралцсаар, хүчирхэгжсээр байх болно.

Эцэст нь миний хувьд ч амьдралаас хүсэх зүйл бол их энгийн. Саруулхан тагтан дээр ширээнийхээ ард тухлаад, уур савссан халуун цайгаа сэнгэг агаартай хамт оочлон, бичиг цаасаа дэлгэн суух… Өтгөн манан татсан ногоон хөндий хөлийн дор цэлийж, шувууд шулганалдах, горхи хоржигнох дуу чимээ чихэнд хадаад л. Хайртай хүмүүс минь эрүүл саруул нүдний минь өмнүүр тоглож наадаад. Тогтуун цаг агаарт элдвийг эргэцүүлэн, тэднийгээ харан баясаж, шинэхэн хийсэн жигнэмгээ үнэрлэнгээ үзэг цаас гартаа барин суух ч ээдээ энэ насны тайвшрал.. Ингээд л болоо ердөө энгийн байгаа биз. Гэхдээ адармаатай зүйл гарцаагүй гарч ирэн адал явдлаар дүүргэж байж амьдрал хэмээх нэр болох жамтай.

Ойлгосон :

Өөрийн брэндийг бий болго- Онцгой бай

Piscina Molitor Patel- сургуульд байхдаа англи хэлэнд pee-гэдэг нь шээс гэсэн үг болохоор заримдаа багш нар нь хүртэл за шээрэн хариул гэж, ангийнхан нь Шээрэн явж байна бушуухан холдъё, буруу харчхаад шээж байгаа юмуу? гэж даапаалуулан байх үед тэрээр нэгэн зүйлийг ухаардаг. Хожим шинэ сургуульдаа орохдоо өөрийгөө зүгээр нэг танилцуулах бус хүмүүсийг ам нээж амжихаас нь өмнө, самбар дээр гарч нэрээ тайлбарлахдаа p=3.14 гэж бичээд тойрог зурж диаметрт хуваан геометрийн хичээлийн анхан шатны мэдэгдэхүүнийг сэргээн тайлбарладаг байснаар хүн болгоны анхаарлыг татаж чадсан. Иймд өөрийн 7.2 тэрбум хүнээс бусдаас ялгарах шинж чанарыг олж харж хөгжүүлэх ёстой гэдгийн эндээс олж харж болох юм.

Амьтдыг хайрлах: Өнөөдөр бид дэлхий нийтээрээ өдөр бүр 3 тэрбум, газар дээр амьдардаг болон усанд амьдардаг амьтдын махыг идэх гэж, арьсыг ашиглах гэж алж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл бидний дэлхий үр хүүхэд цөөн хэдэн жилийн дараа хүнс тэжээлийн хомсдолд орох болно. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс ухаалаг хэрэглээ, эрүүл хооллолт, ухамсарт сонголт руу шилжих шаардлага зүй ёсоор бий болоод байна.

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий: буюу Номхон далайд орь ганцаар шидэгдэхдээ багахан шиг идэш уушаа хэрхэн зохицуулах, Хүч тэнцвэр хийгээд бусад амиа зогоох хэрэгслээ нэгэн газар буюу бар амьдарч завин дээрээ байлгах бус өөртөө сал хийн тийш зөөдөг шүүдээ. Үүнээс бид нөөц бололцоо, цаг хугацаа, эд хөрөнгөө нэг газар бус ямар ч нөхцөл байдалд бэлэн байхаар тэнцвэртэй хуваарилах хэрэгтэй.

Бууж өгөлгүй, зүтгээд л бай: Хайртай бүхнээсээ хагацан, зах хязгаар нь үл харагдах хөлгүй их далайд асар их зовлог зүдгүүрийг туулахан 7 сар амь зогоохдоо тэрээр нэг ч амьдрах удаа итгэл найдвараа алдалгүй тэсч амьд гарсан билээ. Юу ч тохиолдсон бай өөрийн итгэл найдвар, сүсэг бишрэлээ алдахгүй боломж бололцоог эрэлхийлэн урагш тэмүүлсээр байвал хэзээ нэгэн өдөр хонгилийн үзүүр дэх гэрлийг олж харах болно.

Бусдаас өөрөөр сэтгэхээс бүү санаа зов : Писин маань Хиндү, Ислам, Христийн шашныг аль алийг нь зэрэг шүтдэг хүү байсан. Энэ нь ердийн хүний санаанд багтамгүй зүйл боловч түүний хувьд хүнд хэцүү нөхцөл байдалд аль нэг нь тусалж таараа гэсэн өнцгөөс бус аль альнийг илүү дээр эвсэл доор гэж ялгалгүй зүгээр л сохщнирхон, хүндэтгэлтэй ханддаг. Эцэг эх нь бусдаас ичиж зовохыг үл тоон өөрийн бишрэлдээ үнэнч байж 3 шашны зан үйлийг гурвууланг нь ягштал биелүүлнэ. Үүнээс бид бусдаас өөрөөр сэтгэх, өөрийнхөөрөө амьдрахаас огтхон ч санаа зовох, айх ичих шаардлагагүй гагцхүү амьдралд тан юу утга нэмж байна түүнийгээ л хий. Тэгэхдээ ямагт өөртөө үнэнч үлдээрэй гэдэг зөрүүд зөвлөмжөөр энэ хүргээд өндөрлөе :P

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet