Тэнэг, залуу, халаас нимгэн 7 мянган бээрийн соло аялал-№2 Жанжиажие

Explore with Jinji
7 min readJan 28, 2020

--

Энэ нийтлэлийн дэлгэрэнгүйг (ажиллах цагийн хуваарь, хэрхэн хямд аялах, тасалбарын үнэ, аялахад анхаарах зүйлсийг) Lead.style сайтад нийтлэгдсэн эх хувилбараас уншаарай.

Соло аяллын эхний дугаарыг энд дарж уншина уу.

Амьдрал хэмээх буйдхан өрөөнийхөө салхивчийг нээлгүй жил гаруй болсон тул огиудас төрөм, илжирсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Тийм ээ салхи оруулах цаг хэдийн болжээ.

Байгалийн хачин жигтэй басхүү ер бусын үзэсгэлэнтэй төрхийг хараад л баймаар. Далд утга, шалтгааныг нь ойлгож, мэдмээр… Энэ хорвоод шалтгаангүй нэг ч зүйл үгүй гэдгийг харин өөртөө ахин дахин сануулмаар…

Олон газар үзэх эсхүл урт хугацаанд аялах нь ердөө чухал биш. Харин ЮУГ таньж мэдэв, ЯМАР дурсамж бүтээв, ЮУ ухаарав гэдэг л чухал юм шигээ…

Тэнэг, залуу, халаас нимгэн надад амьдрал утга учир бүдгэрэн бүдгэрсээр нэг л өдөр кафка хүү эсвэл Сантьяго хүү шиг гэрээсээ бишээ, амьдралаасаа оргохыг хүссэн юм. Даанч байгууллагынхаа, ээж аавынхаа өмнө хүлээсэн хариуцлага минь дотроос чангаагаад байсан тул юутай ч шинэ итгэл найдвар олж авахаар, оюун, сэтгэлдээ салхи оруулахаар дураараа туучин соло аялалд гарсан минь энэ.

Жич: Залуу, малууд хаягдсан энэ тэр асуудал байхгүй шүү ккк…

Шиан хотоос галт тэргээр 18 цаг гаруй зогсоогоороо шахам зорчоод буухын алдад “халтар ишиг” шиг болсон өөрийгөө толинд хараад ганцаараа баахан инээж билээ. Ийм галт тэргээр жуулчид биш нутгийн “индианууд” зорчих тул, англиар ярих хүн нэг ч олдсонгүй.

Нүд цавчилгүй ширтэх сүрэг “Осоржамаа”-гаас салж ямар шинэ адал явдал хүлээж буй бол гэхээс байж ядан догдлон буухад Жанжиажие чийглэг салхиа үлээн угтлаа.

“Аватар” киногоор хэн бүхний танил болсон үүлс цавчим сүрлэг уулсын цогцолбор, “Тэнгэрийн хаалга” буюу “Tianmen” уул, үзэсгэлэнт “Baefong” гол, үлгэрийн мэт шар луугийн агуй, дэлхийн хамгийн урт шилэн гүүр, хүрхрээний өлгий гэж нэрлэгдэх тосгоноороо олон сая аялагчийг ховсдох “Жанжиажие”-д хөл тавилаа.

Тус хот Tujia, Bai, Miao гэсэн гурван гол угсаатны бүлгээс гадна 29 төрлийн бага ястан Хан үндэстэнтэй эвсэн амьдрах өлгий нутаг ажээ. Та энэ хотоос байгалийн өвөрмөц тогтоц, хүний гараар бүтээсэн гайхамшиг түүгээр ч үл барам олон ястны соёл, амьдрал ахуй, зан заншлыг таньж мэднэ.

Энэ бүгдийг мэдрэхийн тулд хамгийн багадаа таван өдрийг зарцуулах хэрэгтэй гэнэ. Жанжиажие уулархаг бүс нутаг тул цаг агаар тогтмол өөрчлөгдөн жилийн 200-аас ч олон хоног бороотой байдаг аж.

“Уужуу тэнэг”

‌“Тэнэг” байх заримдаа их олон давуу талтай аж. Төөрч, нэг газраа гурван удаа ирсэн ч эмээж, эцэхээ мэдэхгүй. Сайн хүмүүстэй таарч дайлуулах болбол ичихээ мэдэхгүй “хусчихна”. Хэл нэвтрэлцэх хэнтэй ч очоод яриа өрнүүлж, найзлаад хамт газар үзэх мэтээр айж, ичих нүүрээ элгэндээ наачхаад, өөрөөсөө өөр хүн мэт авирлан явлаа.

Өмнө нь өөрийгөө бусдаас чухал гэж эндүүрдэг, ямарваа асуудалд уужуу хандаж чаддаггүй “ууртай тэнэг” байжээ. Харин одоо би уул хад, ургамал амьтан, бусад хүмүүнээс ердөө чухал биш өчүүхэн нэгэн гэдгээ энд ирээд мэдэрч “уужуу тэнэг” байхыг хичээж явъя.

Тэнгэрийн хаалга буюу “Tianmen” уул

Энд ирэхээс өмнө аялагчдын бичвэрийг уншиж байгаад” Tianmen” ууланд ойрхноор нь “Edinburgh” гэх хостелд 50 юаниар өрөө захиалав.

Англиар дуржигнатал ярих найрсаг ресепшнтэй, дээр нь маш цэвэрхэн, над мэтийн бадарчинд хэрэгтэй бүх зүйлийг агуулсан буудал угтлаа. Хэрхэн аялах, хаанаас ямар унаагаар зорчихыг нарийн хэлж өгсөнд сэтгэл хөдлөөд өглөөний цай захиалж, тэнд дөрвөн хоног байрласан юм.

Zhangjiajie @edinburgh hostel

Хятадуудад ямар тусламж хэрэгтэйгээ ойлгуулж дөнгөвөл хэзээд туслахад бэлэн тийм л тусархуу ард түмэн аж.

Намайг аялах үеэр (арван нэгдүгээр сард) cable car засвартай байсан тул 20 минут орчим мини автобусаар уулыг нүхэлсэн замаар явсаар тэнгэрийн хаалганы бэлд ирэв.

Энд зол тохиож “Guandong” хотоос “ Жанжиажие”-г зорьсон хятад охинтой танилцан “Tianmen” уулаар хамт аяллаа.

“Cable car lower station” гэх агаарын утсан тэрэгний зогсоолоос 258 юаниар тасалбар худалдан авна.

Тасалбарт “Tianmen” уул хүргэх дэлхийн хамгийн урт агаарын цахилгаан тэрэг, хоёр талын автуусны үйлчилгээний зардал, нэвтрэх эрх, урсдаг шатны үнэ багтана.

6–18 настай хүүхдүүд 148 юань төлнө. Энэ уулын тасалбар олгох цэгт галт тэрэгний зогсоолоос “maps.me”-гээ ажиллуулаад алхвал 15–20 минут л болно. Харин би хостелоосоо 10 орчим минут алхан иртэл бороо намуухан шивэрч байсан ч түмний хөл бүчин байв.

Монголоос гарч байхад эндхийн цаг агаар бороо заахгүй байсан атал өнөөдөр бүү хэл дараагийн 4 өдөр бороо цутгах нь. Тасалбарт “Tianmen” уул хүргэх дэлхийн хамгийн урт агаарын цахилгаан тэрэг, хоёр талын автуусны үйлчилгээний зардал, нэвтрэх эрх, урсдаг шатны үнэ багтана.

Уулын бэлээс 999 давхар шатаар өгсөн “Тэнгэрийн хаалга”-нд хүрсний дараа, уулыг нүхэлсэн урт цахилгаан шатыг 5 удаа сэлгэн 1.3 мянган метрийн өндөр дэх “Tianmen” уулан дээр гарч жирийтэл зассан замаар явган аяллаа үргэлжлүүлэв.

Техник, технологи хөгжөөгүй цаг үед цавчим энэ уулан дээр ийм боловсронгуй зам харгуй, хувилгаадын сүм хийдийг барьсныг нь бодоход Хятад хүмүүсийн хөдөлмөрч нямбай чанарыг сэтгэлдээ бахадмаар.

Жирийтэл зассан жимээр уулын оройг бүтэн тойрч үзэхэд бүтэн нэг өдрийг зарцуулах аж. 2.8 км үргэлжлэх энэ замаар явахад 100 метр үргэлжлэх шилэн гүүр байх ба 5 юаниар даавуун улавч авч өмсөнө. Уулын орой дахь замаа товчлох нэг арга нь агаарын утсан тэргээр зорчих…

Энэ хотод ирээд үзэх ёстой дараагийн газар бол “Wulingyuan forest park” буюу “Жианжиажие”-гийн байгалийн цогцолбор газар

“Wulingyuan” байгалийн цогцолбор нь 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгджээ. Үүлсийн дундах сүрлэг хадан хясаанууд аватарын пандора гаригт ирсэн мэт ер бусын мэдрэмж төрүүлнэ.

Дэлхийн хамгийн алдартай байгалийн цогцолборын нэгт тооцогдох энэ парк гурван мянга гаруй хадан хясаа, 900 гол горхи, нуур цөөрөм, хүрхрээ, байгалийн ховор тогтоц бүхий агуй, дэлхийн хамгийн өндөрт байрлах шилэн гүүр зэргийг агуулсан байгалийн хосгүй өв аж.

Энэхүү байгалийн цогцолбор “Yunjiajie” буюу Аватарын “Hallelujah” уул, “Suoxiyu” болон “Tianzi” зэрэг дархан цаазат газраас бүрдэх бөгөөд хотоос 30 км-ийн зайнд оршино.

Жуулчдын оргил цаг нь олон улсын ажилчдын амралтын үе (тавдугаар сарын 1–3 хүртэл), Хятадын ургацын баяр (аравдугаар сарын 1–7 хүртэл), цагаан сарын үеэр байх тул аяллаа төлөвлөхдөө энэ үетэй давхцуулахаас зайлсхийгээрэй.

Газраас 1200 метрийн өндөрт орших тул цаг агаар хотоосоо 3–6 ℃ хэмээр хүйтэн байна.

Тус цогцолбор руу нэвтрэх гурван гол хаалга байх агаад хамгийн алдартай нь “Wulingyuan”-ы ам. Эндээс тасалбараа 225 юаниар худалдан авна. Хэрэв та оюутан бол үнэмлэхээ үзүүлснээр тасалбараа 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой.

225 юань бол ердөө энэ цогцолборт таныг нэг цэгээс нөгөөд зөөх автобусны болон парк руу нэвтрэх тасалбарын үнэ. Харин та агаарын утсан тэрэг эсвэл bailong цахилгаан шатаар уулсын оройд гарах бол нэг талдаа 70 юань төлнө гэдгээ бүү мартаарай.

225 юань байгалийн ийм үзэсгэлэнтэй, хосгүй төрхийг тольдоход их мөнгө гэж ердөөсөө санагдсангүй. Нэг зогсоол дээрээс нөгөө хүртэл автобусаар зорчин үзэсгэлэнт байдлыг дурандаа буулгахаар хоёр өдөр “шунахайрсан ч” зам ерөөсөө хороож чадаагүй, цаана нь үзэх газар маш их байлаа.

Ганцаараа аялж явааг сонссог хостел ажиллуулдаг ах, дүү гайхах, өрөвдөх зэрэгцэн харцаар найз залуу чинь яасан гэж шалгаана. Угтаа хэн нэгэнтэй байж бид бүтэн болох,

Амралтын өдөр тохиож буй тул аав, ээжийнхээ хмьдардаг тосгон руу хамт явахыг уриалсан нь нарийн төлөвлөгөөгүй бүдүүн зүрхтэй надад сайхан санаа санагдсан ч халаас нимгэн, цаг давчуу, үзэх газар өшөө их тул татгалзав.

Тун дажгүй шүү…Ганцаараа аялах, төөрөх, уйлах, ганцаар хооллох… Ганцаараа тусмаа би өөрийнхөө гүн рүү улам бүр уусан шингэж өөрийгөө илүү сайн чагнаж, аз жаргалыг мэдэрч, сэтгэл минь бүтэн болж байлаа…

Хэн нэгэн ганцаардаж яваа хүнийг олж халуун цай хувааж уунгаа мэдрэмжийг нь хуваалцахсан, хань болохсон…

“Том болоод дэлхийг тойрон аялна” гэж юугаа ч мэддэггүй жаал хурга, ишгээ хариулж явахдаа мөрөөдөн, түүнийгээ биелүүлж буй мэт тун чиг жаргалтай дэгдэж явдагсан. Энэ гал хүсэл тэмүүлэл хэзээ ч унтар ч байсангүй, сэтгэлийн мухарт очтон гэрэлтсээр… Харин ганцаар үүргэвчтэй аялахдаа энэ бүхэн боломжтой мэт санагдлаа.

Өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл нэг л газраа хадагдан, хийж дадсан нөгөө л ажлаа хийдэг бол, түүнээсээ аз жаргал мэдэрдэггүй бол түүн шиг уйтай зүйл хаана байх билээ. Амьдрал өөрөө аялал биш гэж үү?

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

Responses (1)