Тэнэг, Залуу, Халаас нимгэн 7 мянган бээрт-№3 Guilin

Explore with Jinji
9 min readJul 17, 2020

--

2019 он арваннэгдүгээр сар

Жуан үндэстний өөртөө засах орон Гуанши мужийн нутгаар

Дотроо чамлан гарсан аялал хоосон оргих сэтгэлийг минь юу юугүй дүүргэж, халаас нимгэн, тэнэгхэн намайг хамгийн баян басхүү уужуу нэгэн болгосон байлаа.

Жанжиажиегийн уулсыг дөрвөн хоног “метрлэсний” дараа тав дахь өдөр үдээс хойш Хятадын өмнөд нутгийн гоо үзэсгэлэнг бүрдүүлэгч Гуанши аймгийн нийслэл Гүйлин хотын зүг жолоо заллаа. Жанжиажиэгээс шууд явах галт тэрэггүй тул Лиужоу хотоор дамжин хурдны галт тэрэг сэлгэн 14 цаг явж тэнгэрийн доорх диваажин гэгдэх Гүйлин хотод өглөөний 08:00 ирлээ.

Санаанд оромгүй гайхшрал, догдлол басхүү бүтэлгүйтлээр дүүрэн энэ хотын аялал одоо бодох нь амьдралын асар үнэтэй сургамж, туршлагыг үлдээжээ.

Загасчны буйдхан тосгон Xingping

Буйдхан энэ хотын загасчны тосгон “Шинпин”, Зааны хошуун уул, будаа тариалангийн “Лонжи” тосгон, 20 юаны дэвсгэрт дээр дүрслэгдсэн үзэсгэлэнт “Яншуо” уул, түүний дундуур урсаж түмэн амьтныг ундаалах “Ли” голоор зугаалахаар гадаад болон дотоодын жуулчин сүрэг сүргээрээ бүчих аж.

Тэнгэрийн доорх диваажин гэхийн учир

Дундад улсын хамгийн тансаг байгаль, цэнгэг ус гагцхүү Гүйлинд л бий гэж ярьцгаах учир “Тэнгэрийн доорх диваажин” хэмээн нэрлэнэ. Тус өөртөө засах муж нь Гуандүн, Хунань, Гүйжөү, Юньнань гэсэн дөрвөн мужтай хиллэж, баруун өмнө талаараа Вьетнам улстай хил залгана.

Гуаншид “Жуан”, “Яао”, “Мяо”, “Дүн”, “Жин”, “Хотон” зэрэг олон үндэстэн суурьших бөгөөд голдуу мандарин болон жуан хэлээр ярих аж. 1965 онд Хятадын төрийн зөвлөлийн шийдвэрээр тус мужийг Жуан үндэстний өөртөө засах орны статустай болгожээ.

Өнгөт төмөрлөг, жимсний эх орон

19 сая киловатт усны эрчим хүчний нөөцтэй, 89 төрлийн ашигт малтмалын нөөцөөс 53 төрлийг олборлодог тул улсдаа ашигт малтмалын нөөцөөрөө эхний аравт орно. Тэр дундаас 14 төрлийг дагнан олборлодгоороо улсдаа тэргүүлэх тул өнгөт төмөрлөгийн нутаг хэмээгдсэн аж.

Мөн далайн гаралтай болон газар тариалангийн бүтээгдэхүүнээрээ алдартай. Гуаншийг “жимсний эх орон” гэж нэрлэхийн учир нь анар, жүрж, луугийн нүд зэрэг олон төрлийн жимсийг Гуанши мужаас дагнан нийлүүлдэг байна.

Гүйлинийг зорих шалгаан бишгүй олон…

Дуу шуугиан ихтэй том хотоос дайжиж, анир чимээгүйд байгалийн үзэсгэлэнг бишрэн, сэтгэлээ эмчлэхийг хүсвэл Гүйлин бол гарцаагүй таны зорих газар гэж итгэлтэй хэлж чадна.

Тиймдээ ч энэ хот Хятадын төдийгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, амар амгалан газарт тооцогддог буй үа. Энд ирснээр хаданд авчирч, хулсан завь хөлөглөн Ли (лижан) голоор зугаалж, шүхрээр буух зэргээр бүх төрлийн адал явдлыг турших боломжтой.

Үүргэвчтэй аялагчдын заавал зорих газар гэхийн учир мань мэт бадарчингуудын хувьд байрлах буудал, хоол хүнс боломжийн хямд гэж хэлж болмоор.

Төсөөллөөс давсан Загасчны тосгон-Шинпин

Туулах замаа салхи, давлагаа хоёрт даатгаж орхисон тул зорьсон хотдоо ирээд 20 юаны дэвсгэрт дээрх дүрслэгдсэн Яаншуо уул, будааны тосгоны аль руу нь түрүүлж явахаа шийдэж ядан булан тохой бүрт байрлах аяллын компанийн нэгийг сонгон ортол санал болгосон хамгийн хямд үнэ нь мянган юань байсан тул татгалзав.

Тиймээс эхлээд Яншуо хот орохоор вокзал руу буцаж хурдны галт тэрэгний тасалбар авлаа. Автобусаар нэг цаг явах замыг хурдны галт тэргээр 20 минутанд туулав. Эндээс автобусанд сууж 20 минутын зайтай орших Шинпин гэх загасчны тосгонд Жанжиажиегээс нийт таван унаа сэлгэн явсаар сая нэг ирсэн юм.

Угтаа загасчны тосгон нэртэй ч жуулчдад зориулсан юмуу гэмээр энэ бяцхан тосгон аялал жуулчлалаар амьдралаа залгуулах аж. Тосгоны төвийн байгууламжийн тал хувийг жуулчдад үйлчлэх худалдаа, үйлчилгээний гудамж эзэлдэг гэж хэлж болохоор. Үүргэвчээ тээш хадгалах газарт үлдээгээд зургийн аппарат, хэтэвчээ аваад адал явдлын эрэлд гарлаа.

Энэ залууг эмээгээс титэм худалдаж авахыг хүлээж байгаад зургийг нь дурандаа буулгаж амжив 💕

Сонирхуулахад Шинпин тосгонд ирсэн хэн бугай ч чихээ цэвэрлүүлэх ёстой гэж хэзээ ч юм зүүдэлж байсан юм. Жуулчны нарийн гудамжаар явж байхдаа яг тэр зүүдэлсэн чих цэвэрлэдэг газраа олж хараад эргэлзэн зогслоо.

Ийм зүйл байж болно гэж үү? Би зүүдний ертөнцөд амьдраад байна уу, эсвэл амьдрал өөрөө зүүд бол жинхэнэ амьдрал аль нь байж таарах вэ?

Li гол

Ийн бодон алхсаар нэг мэдэхэд тосгоны нөгөө захад иржээ. Үлгэрийн мэт хачирхалтай басхүү ер бусын үзэсгэлэнтэй өнгө будаг хосолсон дүр төрх угтав. Жуулчдыг даган алхсаар 20 юаны дэвсгэрт дээр дүрслэгдсэн Яншуо уул, түүнийг тойрон урсах Ли голын тохойд хүрээд ирлээ.

Эндээс 60 юанаар тасалбар авч хулсан завиар 40 орчим минут аяллаа. Өдөртөө багтааж харихаар төлөвлөсөн ч цаг нарны баримжаа алдан “тэнээд” автобуснаасаа хоцорчээ. Бэлэг, сэлт худалдан авсан дэлгүүртээ буцан иртэл шинэхэн танилцсан найз охин маань оройн хоолоор дайлж ойрхон байрлах цэвэрхэн буудал зааж өгөв.

“This old place” гэх дэн буудалд нэг хонохдоо Бээжингээс ирсэн охинтой найзалж, шөнө дунд болтол “буу халав”. Ариун цэврийн өрөөнд аалз байсныг эс тооцвол над мэтийн бадарчинд аятайхан хостел санагдлаа.

Лонжи будаа тариалангийн ертөнц

Гүйлинийг зорьсон дараагийн шалтгаан бол будаа тариалангийн тосгон байв. Шинпинээс шууд явах боломжгүй тул Яншуо орж, тэндээс хотын төв орох автобусанд суулаа. Гүйлиний орон нутгийн автобусны вокзалаас нутгийн хойд хэсэгт байрлах Лоншен буюу Лонжи гэгдэх будааны тосгонруу хоёр цаг явж хүрэв.

Хятадын хамгийн өргөн уудам будааны талбайн нэгт тооцогдох 66 км га газрыг хамрах Лонжи тариалангийн бус нутаг нь Гүйлин хотоос хойш 95 км-ын зайтай оршино.

Та хаа нэгтэйгээс газар шүргэх гил хар гэзгээ тэргүүн дээрээ овоолсон ягаан цээжний өмсгөл хар банзал өмсөн хулсан сагс үүрсэн, хөрслөг бор арьстай эмэгтэйн зураг харсан бол энэ хүмүүс дэлхийн хамгийн урт гэзэгтэй бүсгүйчүүдтэй Яао үндэстэн юм.

Тус тосгон нь Пинг ан болон Жинкен гэсэн хоёр бүсээс бүрдэнэ. Нэрийг нь хөрвүүлвээс луугийн нуруун дээрх будаа тариалангийн газар гэгдэх үзэсгэлэнт, анир чимээгүй талд амарч Жуан болон Яао үндэстний амьдрал ахуй, соёлыг сонирхох бол Жинкен-ийг зорих хэрэгтэй.

Шингпин-д танилцсан хятад найз маань Жинкен нь Пинг ан-аас илүү том бас үзэсгэлэнтэй, агаарын утсан тэргээр аялал хийх боломжтой тул тийш явахыг зөвлөсөн ч жолооч намайг буруу ойлгосон бололтой өндөр уулсын дээр жирийтэл зассан замаар хагас цаг яван Пинг ан-д авчрав. Нар шингэхийн алдад ирсэн тул буцаж Жинкен руу явбал нар жаргах торгон агшинг алдах тул эндээ үлдэхээр шийдлээ.

Автобуснаасаа буун Maps.me-гээ ажиллуулаад буудлаа хайн алхсаар л байлаа.

“International Youth hostel” гэх дэн буудал захиалсан минь уулын оройд байж таарав.

Хүнд үүргэвчтэй, ганц эвгүй гишгэвэл халтираад “өнхөрчихмөөр” эгц замаар 700 метрт усан хулгана болтлоо хөлс цувж арайхийн мацаж, буудлаа олов. Угтаа засмал зам байсныг маргааш нь буцахдаа мэдсэн юм.

Сэтгэл хоргодсон хостел

Буудалдаа үүргэвчээ үлдээгээд “найман луу, таван барын тавцан”-руу нар шингэхийг үзэхээр харайлгав. Тэнгэрийн хаяа улбартан туяарч алгуурхан бүдгэрсээр энэ буйдхан тариалангийн талбайг бүрэнхий нөмрөх мөчийн яруу төрх одоо ч сэтгэлд тодорно.

Яао айлууд болон буудлын гэрлүүд хаа нэгтээ очтон гялалзах нь гариг эрхсийн ертөнцөд ирсэн мэт тансаг харагдана.

Нэг мэдэхэд харанхуй нөмөрч харих зам харагдахгүй, яарч гүйхдээ хэрхэн ирснээ ч үл анзаарчээ. Энэ улсад хөл тавьснаас хойш айдсын мэдрэмж авсан анхны тохиолдол байлаа.

Хэн ч өөрийг чинь танихгүй, өвөрмөц тосгонд шинэ өглөөг эхлүүлэх шиг жаргал хаана байх билээ. Урьд шөнө нэг өрөөнд байрласан Дани улсын зураач бүсгүйтэй өглөө эртлэн наран жаргахыг хамт үзчхээд зам замаа хөөв.

Ийм үзэсгэлэнтэй уулын орой дээрх дүнзэн буудал ажиллуулан, нийгмийн элдэв дарамт шахалт, тогтсон хэм хэмжээнээс ангид, байгалийн яруу дүр төрхийг өдөр бүр тольддог гэж бодохоор буудлыг ажиллуулдаг залууд цагаахан атаархал төрж билээ.

Таван мянган бээр туулж ирчхээд ийм үзэсгэлэнтэй тосгонд ганцхан шөнийг өнгөрүүлээд хил хаахыг мэдэхгүй адгаж буцан “Эрээнэнград”-ад хоёр өдөр хашигдсанаа бодохоор өөртөө “таван салаа боов” өгмөөр санагдана.

Нар мандах, жаргах үеэр харж амжваас будаа тариалангийн талбай толь мэт мэлтэлзэнэ 💕

14:00 цагаас галт тэрэг хөдлөх тул Гүйлин хотын вокзал дээр 12:30-д иртэл онлайнаар эгч тасалбар захиалахдаа паспортын урд талын үсгийг орхиод биччихсэн тул хүчингүй гээд оруулсангүй.

Яарч сандран гэр бүлийнхэн, найзуудаасаа мөнгө зээлж 520 юань бүрдүүлээд маргаашийн тасалбар авч, ойрхон хостел оллоо. Энд надтай чацуу хятад охин өөр хотоос япон хэлний шалгалт өгөхөөр сар гаран амьдарч байгаа охинтой нэг өрөөнд байрлаж таарав.

Хэдэн ч цаг ярьсан сонсоод л баймаар сонирхолтой ертөнцтэй, хүсэл, сонирхол нэгтэй энэ охинтой оройжин ярихыг хүссэн ч хичээл хийх цагийг нь хумслахыг хүссэнгүй.

Би хэн ч биш, миний асуудал юу ч биш…

Энэ зургийг дарах үеэр утсаа голд унагаасан юм 😭

Буудалдаа бүгж хэвтэхээр сүүлийн өдрөө дурсамжтай өнгөрүүлэхээр Sun and Moon pagoda гэх сар, нарны суваргыг үзэхээр явах замдаа голын эргээр явж байгаад бүдэрч унахдаа утсаа голд унагааж орхив… Харанхуйд ташаагаар татах гүн уснаас утсаа хайгаад л байлаа. Толгойд эргэлдсэн ганц бодол бол утасгүй, хэл ус мэдэхгүй би Монгол руу бүү хэл энэ эргээс өөр хаашаа ч явж чадахгүйгээ сайтар мэдэж байлаа.

Азаар зөрж явсан хосууд ирж хамт хайлцан аргаа барахдаа цагдаа дуудаж өгөв. Хормын төдийд цагдаа ирж, хайсаар эрэг доорх чулууны ёроолоос утсыг минь олж өгөв. Такси барьж арайхийн буудалдаа ирж утсаа сэнсээр хэчнээн үлээлгэсэн ч тусыг эс олж буудлынхаа ресепшнээс аяга будаа өгөхийг гуйтал намайг хэсэг шоолсноо 24 цагийн утас засварчин руу дагуулж явлаа. Утсаа хэвийн ажиллагаанд оруулахад хамгийн хямддаа мянган юань болно гэв. Надад мянга бүү хэл хүний урманд 100 юань ч байсангүй.

Сэтгэл гэж авах юмгүй болтол мухардсан намайг ресепшн залуу “мөнгөгүй, утасгүй болох ердөө асуудал биш, паспорт чинь байгаа цагт учир нь олдож таараа” хэмээн тайтгаруулав. Ингээд надад туслан мөнгө зээлж би ч утсаа засуулаад харилаа.

Шөнөжин найзуудаасаа мөнгө асууж мянган юань босгоод маргааш нь зээлсэн мөнгөө төлөөд, төөрч будлисаар, гал тэрэг хөдлөхөөс нэг минутын өмнө амжиж суугаад эх орны зүг хөдөллөө.

Асуудал харах өнцөгт л бий…

Асуудал бол танд тохиолдоод буй зүйлд бус түүнийг хүлээн авах хүний хандлагад байдгийг би өөрөөсөө ийн анзаарлаа.

Аялал үргэлж сайн сайхан зүйлийг өгөхгүй. Заримдаа төсөөлж ч байгаагүй бүтэлгүйтэл тохиож бие, сэтгэлийг маш ихээр өвтгөнө. Гэхдээ зүгээр ээ… Үүний ачаар л туршлага хуримтлуулж, хожим дурсах адал явдал бүтээж, ямар нэгэн зүйлийг ухаарна.

Кино од гэж эндүүрэм царайлаг, өндөр нуруутай продник залуу галт тэрэгний шал, ариун цэврийн өрөөг чин сэтгэлээсээ угааж байхыг хараад дотроо бахархаж билээ. Бидний үеийн залуус биеэ тооно, чадахгүй байж ажлыг хар, бор гэж голно, цаад шалтгааныг нь мэдэхгүй атлаа өчүүхэн туршлага дээрээ аливаа өнгөц дүгнэж хар цагаан, сайн муу хэмээн хаа явсан газраа тараана.

Ли голын эрэгт ариун цэврийн өрөө ажиллуулах ах. Ариун цэврийн газрын үүдэнд дүүжин орон дээрээ сэтгэл өег хэвтэхийг хараад гайхах, өхөөрдөх зэрэгцэв 😅

Тэнгэр заяат хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн бид “Хужаа бараа чанаргүй, хятадууд санаа муутай, хүн чанаргүй” гэж өс санасаар улам өчүүхэн болох зуур дэлхий ертөнц хэдийн Хятадын эрин зуунд шилжжээ.

Ганцаар үүргэвчтэй аялсан 15 хоногийн хугацаа чамлахааргүй туршлага, ухаарал суулгаж, амьдралыг харах өнцгийг баяжуулсан олон хүмүүстэй учруулж, шинэ соёл, өөр ертөнцийг таньж мэдсэн, өөрийгөө тал бүрээс нь сорьсон өдрүүд байлаа…

Бидний амьдралын өдөр бүр, тэр бүү хэл амьдрал өөрөө төгсгөл нь үл харагдах тааварлашгүй аялал юм шигээ…

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet