Хэзээ ч мартагдахааргүй 26 насны минь төрсөн өдөр: Алхаж чадах нь өөрөө тансаглал аж
Өдөр тутмын энгийн мэт санагддаг зүйлс бүхэн өөрөө аз жаргал, нарт орчлонгийн эгэл өдрийг өрийн дураараа өнгөрүүлэх нь диваажин гэлтэй…
Төрсөн өдрөөрөө хөлөө гэмтээчхээд сүүлийн 10 хоногийг хөдөлгөөн хязгаарлаж, хэвтрийн байдалтай өнгөрүүлэв. Эхэндээ хичээлдээ онлайнаар орж, ном уншиж, кино үзээд хэвтэх нь таатай мэт санагдав ч, усанд орж, хоол ундаа өөрөө хийж идэж чадахгүй, хүссэн газар руугаа явж чадахгүй байх нь ямар тээртэй санагддаг гээч.
Суга таягаараа доголон2 ариун цэврийн өрөө орох тоолонд толинд өөрийгөө хараад өөрийн эрхгүй инээд ч хүрэх шиг, уйлмаар ч санагдах шиг. Очиж очиж төрсөн өдрөөрөө цана чаргаар гулгах биш зүгээр л боулинг тоглож байгаад хальтирч унаад гуяны булчингаа урчихсан гэвэл амьтан хүний доог болох байхдаа. Боулингийн дараа найзуудтайгаа үдийн зоог барина, харин хагас сайн өдөр нь төрсөн өдрийн үдэшлэг зохиож, галын наадам хийнэ гэж тэрүүхэндээ их л доголж, найзуудаа урьж, Нью-Йоркоос байрны эзэн маань хүртэл ирж байсныг яана. Хамгийн том баялаг болох эрүүл мэндээ бид эрүүлдээ огтхон ч анзаардаггүй аж. Зөв хүнтэйгээ учирвал өдөр болгон валентин гэдэг шиг, эрүүл л байвал өдөр болгон төрсөн өдөр мэт…
Бүдүүн бас богинохон гэж дотроо голдог байсан гуя минь (үнэндээ миний боддог шиг бүдүүн биш л байж :P) биеийн бүх ачааг минь дааж 26 жил хүссэн газар минь хүргэж өгч, хүнд төмөр өргөж, бэлтгэл хийж, ачаалал өгөх бүрт хэзээ ч гомдоллохгүй нөгөөдөр нь булраа нь гарчихдаг маш дуулгавартай, хамгийн сайн найз минь байж.
Тиймдээ ч бодит байдлаа хүлээн зөвшөөрч, бусдад гаргадаг тэр их сэтгэлээ өөртөө ч бас гаргахаа амлаж, зүрх сэтгэлээ сонсож, сэтгэл зүрхэнд их бага хэмжээгээр шарх үлдээсэн хүмүүсийг уучлах, хүүхэд насны траумануудаа эдгээж, зөвхөн одоо, энэ мөчид амьдарч сурах аялал болгон өнгөрүүлэв.
- Энэ өдрүүдэд аз жаргал бол хүссэн газар руугаа алхаж чадахыг хэлдэг юм байна,
- Аз жаргал бол дуртай дуугаа тултал чангалаад улаа бутарлаа гүйж, бэлтгэлээ хийх юм байна,
- Аз жаргал бол хөлийн улаа эргэтэл бүжих юм байна,
- Аз жаргал бол өглөөний нарны өөдөөс мишээн алхах, өөрөө усанд орж, дэлгүүрээс хүнсээ цуглуулж, хоолоо хийж идэж чадах гэхчлэн асар энгийн зүйлд оршдог юм байна гэдгийг эргэцүүлээд бараг дуу зохиочихмоор аятай хэвтэж байна. (:P)
Тэд байгаа болохоор чи оршин байна
Хүн хүнийхээ дэмд, хайранд бүх зүйл утга учраа олдог хорвоо аж. Байнга л эрүүл саруул байх мэт санаж, бардам загнаж “арга мухардаагүй л бол би бусдаас дэмжлэг авах, бусдад төвөг удах дургүй. Миний төлөвшилд стойцисм хийгээд философич Айн рэнд нөлөөлсөн. Хүн өөрийн аз жаргалаа өөрөө бүтээж, зовлон бэрхшээлээ өөрөө шийдэхийг хичээх хэрэгтэй. Бусдаас ямар нэгэн байдлаар тусламж авсан бол сэтгэлийн өрөнд орно, эргээд эрх чөлөөгөөрөө солих хэрэг гарна” хэмээн нэг найзтайгаа мэтгэж байсан санаанд оров. Тэнэгийн дотор уужуу гэгчээр, одоо бодохоор ичих шиг болж байна. Харин найз маань “Би бол бусдын дэмжлэггүйгээр хэн ч биш, юу ч хийж чадахгүй гэдгээ мэддэг. Ялангуяа хүний нутагт ганцаараа бүхнийг болгоно бүтээнэ гэж байхгүй” хэмээж байсан нь санаанд оров.
Эго-ны талаар цэцэрхэн мэтгэж суусан найз маань үүрэх газар нь үүрч, түрэх газар нь түрсээр эмнэлгээр дагуулж явж, өдөр өнжөөд ирж хоол, унд хэрэгтэй бүхнийг ойртуулж өгч байгаа нь хүмүүс хэзээд бие биеэсээ хамааралтайг ойлгуулж байна байна. Хувь хүн бол нэг цогц системийн ганцхан ширхэг эс, үүнээс өөрийгөө ангид бодох ч боломжгүй юм байна, бусдаас тусламж хүсэх нь сул дорой нь шинж бус амьдралын жам л юм байна шүү дээ.
Ялангуяа хумхын ордныхны зан байх, бүгдийг өөрөө болгон бүтээнэ гэж зөрүүлдэхгүй, сэтгэл таагүй, хэцүү санагдвал бусадтай хуваалцаж, хэрэгтэй үед бусдаас тусламж авч сурах нь бас чухал чадвар аж.
Хэн нэгнээс тусламж авахдаа би бусдад төвөг удаж байна гэж бодох бус харин ч тэр хүн надад тусалж байгаадаа баяртай байгаа, бусдад тус хүргэж байгаа нь тухайн хүнийг аз жаргалтай болгож байгаа гэсэн бодлоор харах өнцгөө өөрчлөөд үзээрэй.
Өнөөдрийг хүртэлх бидний том жижиг аз жаргалтай мөчүүд, амжилт бүхэн маань гэр бүл, найз нөхөд, хамт олон, хэн нэгний дэмжлэгээр л бий болсон. Тэдэнгүй бол амьдрал ямар ч утгагүй юм байна. Аливааг онолоор таньж мэдэх, өөрийн биеэр мэдэрч ойлгох бас нэг өөр хэрэг аж.
Ойрд юм л бол гэрээ, найзуудаа санаж үе үе ганцаардаж сэтгэл хоосон оргиж, усан нүдэлж байсан бол өвдсөн энэ өдрүүдэд би ямар гайхалтай хүмүүсээр хүрээлүүлдгээ, ямар их хайран дунд бялхаж амьдарч байгаагаа мэдэрч, улам бүр талархаж байна.
Нээрэн л би энд АНУ-ын татвар төлөгчдийн буянаар боловсрол эзэмшиж сайхан сэтгэлтэй хүмүүсийн тус дэмжлэгээр өсөж дэвжиж, олон гайхалтай боломж, хүмүүстэй учирч байна. Ерөөсөө би өөрийгөө бусдаас салгаж ойлгож болохгүй юм байна.
Академик болон ажил хэргийн ертөнцийн тухайд хэдэн эргэцүүлэл:
Be a relevant person in the world
Сарын өмнөхөн сургуулиас зохиосон нэг конференст хамрагдсан юм. JP Morgan-ы Machine Learning&Intelligence Operations хариуцсан дэд захирал, манай сургуулийн профессор нэгэн эрхэмтэй дугуй ширээний ярилцлагад суув. Нүднээс нь хүсэл эрмэлзлийн оч бадарсан энэ эрхэмтэй цаг хүрэхгүй хугацаанд ярилцахдаа энэ хүн шиг л соён гэгээрүүлэгч болох сон гэсэн хүсэл одоо ч ундарч байна. Тэрээр түүний дахин дахин давтаж байсан 2 санааг хуваалцъя гэж бодлоо.
Нэгт “idea of relevancy”, хоёрт, “think outside of the classroom” буюу “юу чухал гэдгийг үргэлж эргэцүүл””, “сургуулийн 4 хананаас цааш сэтгэ” гэсэн захиас байв.
Чи тухайн лекц, багшаас амьдралдаа, карьертаа хэрэг болохуйц чухал мэдээлэл, мэдлэгийг олж авч чадаж байна уу, үгүй бол энэ бол “академик нарцисизм”. Судалж мэдэх мэдлэгийн ай сав хязгааргүй их, харин бидний цаг хугацаа, эрч хүч хэмжээ хязгаартай.
Үнэхээр амьдарч буй орчиндоо, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж, бусдад хэрэгтэй хүн байж чадаж байна уу? Хорвоо ертөнцөд хэрэгтэй хүн байхын тулд мэдээж, хэрэгцээтэй чадвар мэдлэгийг өөрийн болгосон байх хэрэгтэй.
Иймийн тулд хичээлийн (ажлын) хамгийн эхний өдрөөс л ЯАГААД гэдэг асуултыг өөрөөсөө асууж, би ямар асуудлыг шийдэхийг хүсэж байна вэ гэдгээ тодорхойлж, судалгаа, академик брэндингээ хамгийн эхний өдрөөс л бодолцож, бүтээж эхлэх ёстой юм байна.
Тэр мөчөөс хойш нээрээ л сурвал сурсан шиг суръя антлатын далайг гаталж 6 мянга гаруй милийн тэртээгээс ирчхээд яагаад таалагдахгүй зүйлтэйгээ эвлэрч дүлий дүмбэ царайлж, бакалавраасаа ороод ирсэн оюутнуудын цэцэрхсэн мэтгэлцээнийг сонсож цагаа үрэх ёстой юм гэсэн бодол үргэлж төрөх болов. Тиймдээ ч бодсон санаснаа америкчууд шиг далдалж чаддаггүй, хамаг сэтгэл хөдлөл нүүрэн дээр ил байдаг монгол зангаараа 2 ч профессорт санасан бодсоноо санаа зоволгүй хэлж, англи хэл бол миний хоёрдогч биш гуравдагч хэл тул аливаа нэр томъёо, консептийг тайлбарлаж өгөхийг асууж, яагаад бид үүнийг мэдэх ёстой юм, энэ бидний ажил, карьерт ямар үнэ цэнийг өгөх вэ, I can’t see the value of this… гээд түсхийн хэлчхээд хэд хоног гэмшиж билээ.
Харин хэдэн гадаад найз маань хожим нь бид яагаад АНУ-ын сангийн нарийн ширийн асуудал, оюутны зээлийг өршөөх, эс өршөөх дээр мэтгэх, usaid-н санхүүгийн тайлан мэдээллийг цээжлэх ёстой юм, зориг гарган асуудлыг гаргаж ирсэн баярлалаа гэж билээ.
Ахмад хүн, профессортойгоо ч найз шигээ нэг түвшинд харилцаж, мэтгэлцэж болдог, айж ичихгүй санаа зовоосон асуудлаа илэн далангүй нээлттэй хуваалцаж, тэд ч субектив бус обектив байдлаар асуудалд ханддаг нь соёл нь авууштай санагдаж байна.
Ийм нэг түүхийг Шамс өгүүлдэг: “Оршин суугчид нь гадны хүнийг үзэж чаддаггүй нэгэн тосгонд бадарчин дэрвиш иржээ. “Эндээс тонилж үз! Чамайг мэдэх хүн манай энд нэг ч байхгүй!” хэмээн тосгоныхон түүн рүү хашхичиж гарав. Тэгэхэд нь дэрвиш “Тэр үнэн. Гэхдээ би өөрийгөө мэднэ. Хэрэв зээ та нар намайг мэдээд би өөрийгөө мэддэггүй байсан бол үүнээс дор байхгүй юу” гэж тайвнаар хариулжээ. (хайрын дөчин дүрэм) Тиймээс өөрийнхөө хүсэл сонирхлоо мэдэхгүй, юуг судалж, ямар асуудлыг шийдэхээ зорьж буйгаа олж илрүүлэхгүй, урсгалаараа амьдарвал бид бусдын амьдралаар амьдарсантай агаар нэг болох биз.
Тиймдээ ч энэ мэдлэг, мэдээлэл үнэхээр миний хүсэл мөрөөдөл, зорилгыг биелүүлэхэд тустай байж чадаж байна уу, би хэрэгтэй зүйл сурч мэдэж байна уу гэдэг асуултыг өдөр бүр өөрөөсөө төдийгүй багш нараасаа асууж зарим хүмүүсийн эгдүү, дургүйг зэрэг хүргэж л явна.
Хэзээ зорьсон газраа хүрэх бол хэмээн санаагаа бүү чилээ. Харин түүний нэг ч атугай алхам хийж, бусдад сайн сайхныг хүсэж чадах чинээгээ тус хүргээрэй. Үлдсэнийг нь хорвоо ертөнцийн хөг аялгууд даатгачих…
Эцэст нь өдөр болгон гайхамгшийг мэдрэх бүтээх боломж. Иймд өөртөө болон өрөөлд аз жаргал, инээмсэглэл бэлэглээрэй. Одоо цагтаа амьдарч, амьдралын энгийн атлаа аз жаргал дүүрэн агшин бүрийг амтраалай.