“Хүмүүс үнэн л байгаасай”-өвлийн шөнийн бодол
Өнөөдөр би яагаад ч юм уйллаа шалтгаангүйгээр… Үгүй ээ шалтгаантай юм байна. Өөртөө гомдоод эсвэл хорвоогийн олон жуман зүйлсийг эргэцүүлээд, амьдралдаа сонгож болох байсан өөр олон замыг нэхэн дурсаад, дотны хүмүүст минь тохиолдсон бүүдгэр дурсамжийн төлөө гуниглаад. Бас хайртай хүмүүсээ санаад. Юу юунаас илүүтэй тэнцвэрээ олж ядан буй туяхан сэтгэлтэй өөрийгөө энэ удаад өрөвдөөд.. Өөрийгөө үнэлдэггүй, өөртэйгөө тэмцэж чаддаггүй үлбэгэр байгаадаа гутраад уйлж үзэв. Төвлөрч байгаа ажил минь гацаад, тэр бяцхаан асуудлыг ухаалгаар шийдвэрлэж чадахгүй байгаа сул дорой өөрийгөө өрөвдсөндөө.
Арай томруулж харвал өнгө мөнгөний төлөө нүдээ бишээ энэ удаад бусдын нүдийг ухаж өгөхөд бэлэн хүмүүсийг гайхаад...
“Хүмүүс үнэн л байгаасай”
Ухаан жолоогүй цагираглах энэ циклээс өөрийг хардаггүй, нэр алдар өнгө мөнгөний төлөө бусдыг үл хайхран жирийлгэх тэд. Хөндлөнгөөс ажиглавал дугуйны хаймранд орсон чулуу аятай, амьдрал нь зогсох болсон цагт сая нэг сэхээрдэг. Би лав энэ утга учиртай мэт утгагүй хөлхөлдөөн дунд ороод төөрч орхиогүй амьдралын охь шимийг, оюун билгээрээ нэрж буй бичгийнхэнийг, уран бүтээлчдийг аялагчдыг хайрламаар санагдаж байна.
Шөнийн 12 цагт ажлаасаа гарч харанхуйд гэрэл бараадан хоёр хөлөө зөөж ядан алхаж явна. Хэзээд танил энэ замд өдрийн цагаар бөбөөчдийг эс тооцвол уг нь нэг их айдасгүй л байдаг юм. Харин нэгэн баарны үүдэнд идэр насны хоёр залуу дээр доороо оролцон биесээ хайр найргүй хэмх нүднэ. Би үргэлжид үүнийг л гайхна, ийм цөөхүүлээ байж яагаад биенээ хайрлаж болдоггүй юм бол, яагаад боловсон идэж ууж, бусдад гай болохгүй зугаацаж чаддаггүй юм бол?
Энэ удаад гэр лүү 25 минут алхах зам арай л уртассан мэт санагдана. Хүмүүсийн нүдрүү харж инээчхээд эргэж хархын завдалгүй хэрхэн овжин авирлахаа мэддэг, хэтэрхий зальжин хүмүүсээс айх ёстойгоо ухааран алхлав. Хамгийн ихээр хүндэлж байсан хүмүүсийнхээ үнэн төрхийг мэдээд тун чиг хөөрүү, цайлган өөрийгөө өрөвдөөд. Үргэлж бусдад ая тух мэдрүүлэх гэж харьцдаг байсан, сэтгэлд нь нийцэх гэж өөрийн дотоод дуу хоолойг үл хайхардаг асан тэр он жилүүдийн хойноос халаглаад.
Хүмүүс гагцхүү Үнэн л байгаасай
Би ч бусдад нийцэх гэж ижил хэвтэй болгох өөрийгөө зорохгүй өргөстэй бол өргөстэйгөөрөө, гурвалжин бол гурвалжнаараа үлдэхийг өөртөө ахин дахин захин явж байлаа. Ухаалаг, мундаг байх гэж жүжиглэхгүй , бусдыг дүгнэх, тэдэнд зааж сургахгүй, шүүхгүй.
Миний л амьдрал, миний л харах өнцөг, миний л хэв маяг, хэдбэр дүрс. Аан гээч хааяа эмохор догь шт. Харин ийм өдөр өөрийгөө жаахан эрхлүүлэх эсвэл хүмүүсээс нуугдаж бгаад цээж цэлмэтэл уйлж, оргилон буй мэдрэмжээ цаасан дээр буулгавал тэр жинхэнээсээ тансаглал…
(Тээр нэгэн өвлийн бичвэрээ)