“Цойлоод өг”

Explore with Jinji
10 min readOct 12, 2020

--

Энэ зуны уншлагын нормоо “Амьдрал хэмээх буйд газрын кафе Яагаад”, Тара Вестоверийн боловсрол тэмүүлсэн дуртгалыг өгүүлэх “Educated”, “Цойлогсод”, Элиф Шафакын Исламын ертөнцийн нэрт найрагч Румигийн ээдрээт амьдралыг орчин үеийн Америк бүсгүйн хайрын түүхтэй хослуулан өгүүлэх “Хайрын дөчин дүрэм”-ээр гүйцээв.

Эдгээрийн аль аль нь нэг удаа хүнээс зээлээд уншаад өнгөрөх, бүх зүйл утгагүй мэт болж, шантармаар санагдсан үед сөхөж, сэргэлт авах ширээний номууд байлаа. Уншиж мэдсэнээ мэдлэг, мэдээлэлдээ (input) боловсруулалт хийж бусадтай хуваалцахгүй (output) байваас уншиж дуусахтай зэрэгцэн ой, тойноос замхарч оддог гэмтэй.

Ингээд дэлхийн мөнх үндэстэн гэгдэх Еврейчүүдийн амжилтын нөу-хау, сэтгэл зүй, хүмүүжил, амьдралын зарчмын талаар, хувь хүнд төдийгүй улс оронд хөгжлийн үлгэр болохуйц “Цойлогсод” номноос уншигч авхай танд хэрэг болох чухал санаануудыг түүвэрлэн хүргэж байна.

Ахин хэлэхэд цөхөрч, итгэл найдвараа алдсан үедээ урам зориг, сэдэл авах, залхуу хойрго загнах, тэвчээр алдах үедээ ухаан заах, насан туршдаа амьдралдаа мөрдлөг болгох гайхалтай санаануудыг агуулах тул үе үе сөхөж харахад гэмгүй ном санагдлаа.

Агуулгын тухайд магтах нь: Хувь хүний хөгжлийн гэх шошготой нэг санаагаа олон дахин нуршдаг, судалгаа, жишээ дутмаг “Амжилтад хэрхэн хурдан хүрэх вэ, жилийн дотор баяж, хэрхэн сайн хүнтэй учрах вэ” жанрын аргуу номуудтай харьцуулахад түүх, намтар, судалгаа, тоо баримт, кэйсээр баялаг мөлжүүртэй ном санагдсан. Еврейчүүдийн амжилтад хүрсэн нууц, амьдралын зарчим, философи гэхчлэн гүүглдээд энд тэндээс олдсон мэдээллийн орчуулаад ном гаргаж болох ч энэ ном бол маш их эрэл хайгуул, бүтээлч орчуулга, шүүсийн шахсан найруулга бүхий эмх цэгцтэй агуулгын үр дүнд чамгүй сайн бүтээл болжээ.

Түүхий, түг таг хийсэн орчуулгаас болоод унших хүсэл замхардаг номууд олширсон үед хувь хүний хөгжлийн номноос залхах хандлагатай болсон миний хувьд Еврей үндэстний түүхийг асар нарийн судалсан, чулуу болсон бүтээл олж уншсандаа олзуурхав.

Шүүмжлэх нь: Орчуулгын ном биш тул зохиолч маань ашигласан тоо баримт жишээ, түүх, кэйсүүдийг эх сурвалжийг нь дурдаж, хавсаргасан бол өгөх нь оюуны бүтээл туурвиж буй хүний ёс зүйд нийцэх байлаа.

  • За эхлүүлэх үү?
    Мөнхийн дайн самуунтай, ямар ч үржил шимгүй цөлд амьдардаг, дэлхийн хүн амын ердөө 0.2 хувийг бүрдүүлдэг атлаа шинжлэх ухаан, технологи, бизнесийн салбарт байлдан дагуулж буй бөгөөд

Дэлхийн тэрбумтны 25 хувийг,
Нобелийн шагналтнуудын 22 хувийг,
Оскарын шагналт найруулагчдын 30 хувийг
Дэлхийн шилдэг шатарчдын 50 хувийг,
Нэр хүнд бүхий их дээд сургуулиудын профессоруудын 20 хувийг бүрдүүлдэг.

Ингээд “Мөнгө болон Амжилт” гэх нэрийн хуудастай Еврейчүүдийн амьдралын философи, амжилтын зарчмаас суралцах аялалд хамт гаръя.

Ухаан байгаа газар мөнгө заавал оршино

Гар хүрсэн бүхэн нь алт болоод хувирчихдаг Еврейчүүдийн амжилтын нууц нь туулж өнгөрүүлсэн түүх, хандлага, онцгой хүмүүжлийн арга барил, дадал, сахилга баттай салшгүй холбоотой.

*ЯМХААР ХУРИМТЛАГДАХ АМЖИЛТ ХЭМЭЭХ ЕВРЕЙ СЭТГЭЛГЭЭ

Хуримтлал бол угтаа хамгийн Еврей зүйл гэгддэг гэж зохиолч өгүүлжээ. Тасралтгүй урагшлах ёстой гэх ойлголтыг Еврейчүүд хүүхэд ахуйгаасаа яс махандаа шингэтэл ойлгодог.

Хурдан удаан алин боловч ямагт урагшлах нь тэдний гол стратеги.

Бид урам зориг бадарсан үедээ аливаа зүйлийг хийдэг атлаа харин төрөөгүй үед юу ч бүтээж чаддаггүй. Бусад бүхий л хугацааг өөрийгөө сэдэлжүүлэх, онгод хийморь олох ямар нэгэн зүйлийг эрж хайдаг. Харин тэд бороотой, цастай, үдэшлэгтэй, нийтийн амралттай гээд ямар ч нөхцөлд урагшилсаар байдаг.

*Хандлагаа Еврейжүүл

Хандлагаа Еврейжүүлэхийг хүвэл хамгийн түрүүнд“азтаны” сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Хөдөлмөрлөхгүйгээр баяжин, хөдлөхгүйгээр галбиржиж, уншихгүйгээр ухаажиж, үнэтэй эм ууснаар урт наслах сэтгэхүйд итгэдэг хүмүүс энэ ангилалд багтана. Энэ төрлийн ямар ч бололцоогүй амлалтад еврейчүүд хэзээ ч итгэдэггүй. Тэдэнд зориулагдсан сурталчилгаа энэ төрлийн агуулгаас тэс ондоо ажээ.

“Аливаа сурталчилгаа хийгээд соёл урлагийн контентууд нь тухайн нийгмийн сэтгэлгээний голчид тааруулж хийгддэг.

Ямар сурталчилгаа байна, тийм л иргэд байна гэсэн үг.” гэсэн нь загатнасан газар маажих шиг л болов. Харин манайд энэ төрлийн сурталчилгаа хийгдэж байгаа нь ард түмний сэтгэхүй хэр байгааг харуулж байна.

Биднийхээр өнөөдөр хийх ёстой зүйл болох англи хэлээ давтахгүй, дасгалаа хийгүй байлаа гээд муудчихдаггүй.

Харин еврей философид “Юу ч хэвээр байдаггүй” гэж үздэг. Яг энэ цаг үед та хөдөлмөрлөж л байвал сайжирч, үгүй бол өгөрч муудаж байдаг. Үнэн хэрэгт “хэвээрээ” гэдэг сонголт огт байдаггүй. Бүх зүйл өөрчлөлт дунд оршин байдаг учраас сайжруулах оролдлого хийгээгүй л бол та муудаж байгаад тооц. Бидний хэвээрээ байдаггүйн цорын ганц шалтгаан бол цаг хугацаа шүү дээ.

Гэвч энэ элэгдэл маш жижигхэн учраас бид элэгдэж, хуучирч байгаагаа мэддэггүй. Өөр дээрээ бодох нь ээ нээрээ л сайжруулах оролдлого хийхгүй асар удсанаар хийл хөгжмөө мартаж, турк хэл минь муудаж, шүлэг эвлэгхэн биччихдэг авьяас минь хэдийн замхарсан тул үүнийг би өөрийн биеэр гэрчилнэ.

Еврей амжилтын философийн хамгийн чухал нууц нь өөрт үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр баг багаар давт. Мөлхөхөөс бүү ай. Харин зогсолт хийхээс ямагт ай.

*Сахилга бат

Тэд бүхнийг урт хугацаанд авч үзэх зуршилтай. Хэвээ арван жилийн дараа үр ашгаа өгөх дэглэм байвал хичнээн залхуутай ч гэсэн тэд өнөөдрөөс эхэлж давтана. Хорин жилийн дараах үр ашгаа өгөх бизнес байвал тэд өнөөдрийн ашиггүй байдлыг үл харгалзан хөл тавьдаг.

*Дадал

Бидний амьдралыг дадал зуршил гэгч үл үзэгдэгч гар зохицуулж байдаг.

Нийгмийн араншин судлалын хүрээлэн олон улсын судалгааны байгууллагын 2019 оны тайланд “Дундаж хүний шийдвэрийн 62 хувийг дадал зуршил гаргадаг” хэмээн тодорхойлжээ.

Тиймдээ ч бид буруу зуршлаа үгүй хийхгүй аваас буруу зуршил биднийг үгүй хийнэ.

Өөртөө эргэлздэг нэгний амжилт нь бодлоос хэтэрдэггүй. Тэгвэл дадал айдсыг устгадаг.

Дийлэнх хүн зуршлынхаа боол нь болчихсон байхад тэд зуршлаа боолчилчихсон байдаг. Дадал зуршлаа яг л еврей хүн шиг захирч сурахыг хүсвэл яг одооноос эхэл. Азгүйчүүд л хойшлуулдаг.

*Ээж байх еврей урлаг

Еврейчүүдийн зовлон зүдгүүрт хувь тавиланг гэтэлсэн бяцхан охин Эллагийн түүхийг өгүүлэх хэсэг уран зохиол байсан бол намайг арай бага гуниглуулах байлаа.

Еврей хүн гэж хэн бэ гэвэл Еврей ээжээс мэндэлсэн хүнийг л хэлнэ гэдэг. Иудайзимд еврей хүн болох хоёр арга зам бий гэж үздэг. Үүнд:

1. Эцэг эх нь еврей

2. Эх нь еврей. Эцэг нт ямар ч үндэстэн байж болно. Харин еврей гэж дуудуулахын тулд эх нь еврей байх ёстой аж.

Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Еврейчүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь асар өндөр.

Иудайзимд “Еврей ээж бол ард түмний үнэт зүйл, амьдралын гол дүр, хүч нь мөн” гэж заадаг байна.

* Эхийн “тэнэг” хайр

Хамгийн аюулгүй орчинд өссөн хүүхэд хамгаас хатуу ширүүн ажил хэргийн ертөнцөд амжилт гаргаж чадах болов уу? Еврей ээжүүд энэ асуултад үгүй гэж хариулна.

Тэд хүүхдийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн ч тэдний хайр “тэнэг” биш. Угтаа тэнэг хайр гэдэг нь хүүхдүүдийнхээ өмнүүр орж бүхий л асуудлыг шийдэхийг, тэдэнд ямар ч хариуцлага үүрүүлэхгүй байхыг, улмаар тэдний өрсөлдөх чадварыг үгүй хийхийг хэлдэг. Хамгаас хүүхдэдээ итгэдэггүй эцэг эхээс хамгийн өрсөлдөх чадваргүй хүүхдүүд хүмүүждэг. Хэн нэгэнд тавих анхаарал халамжаа хэтрүүлбэл бид дарангуйлагч, цагдагч, тэжээгч болж хувирна.

Еврейчүүд хэтэрхий тухтай орчинд тоглож өссөн хүүхэд өрсөлдөх чадваргүй болж төлөвшдөг гэж үздэг. Тоглох үедээ бэрхшээлтэй нүүрэлдэж түүнийг даван туулж сурах нь хүүхдийн сурах дээд эрдэм гэж тооцдог.

Еврей хэлэнд “Хүүхэд нохой хоёрт хэзээ ч бүү айдсаа харуул” гэдэг хэлц бий. Айсан хүн рү нохой улам бүр ноцон дайрдгийн бол эцэг эхийнхээ харцнаас айдсыг олж харсан хүүхэд өөрөөсөө айж эхэлдэг.

Хүүхдийн нүдэнд хургаж буй өнөөдрийн айдас бол өчигдөр таны нүдэнд туссан айдас. Айдас халдварладаг. Ялангуяа эцэг эхээс үр хүүхдэд.

*Бие даасан хүүхэд бэлтгэх Еврей технологи

Еврей хэлэнд “Хэвтэж байгаа хүн унах эрсдэлгүй ч хэзээ ч өндөрт гарахгүй” хэмээх цэцэн үг бий.

Үнэн хэрэгтээ томчуудын хүүхдүүдийн орон зайд хэтэрхий их халддаг. Өөрсдийн үзэл бодлоо тулгаж, үг хэлэхэд нь загнаж, оногдсон хариуцлагыг урдуур нь орж үүрэх зэргээр халдашгүй байдалд нь заналхийлдэг.

Бидний дийлэнх хүүхдээ “Би чиний төлөө бүхий л зүйлээ зориулж байхад чи юу ч сурсангүй. Хэнийгээ дуурайхаараа ийм тэнэг амьтан болчихдог байн аа” гэхчлэн зандардаг. Харин хүүхэд ноцтой зөрчил гаргаж, хэрэг таривал еврей ээжүүд “Миний чамайг гэсэн сэтгэл хэвээрээ байгаа. Гэхдээ чиний энэ удаагийн үйлдэл хэрээс хэтэрсэн тул долоо хоног зурагт үзэхгүй” хэмээн шийтгэнэ.

Арван настандаа еврей ээж бүтэн сар хэрэглэх мөнгийг нь нэг дор өгнө. Эхний өдөрт цөмийг нь компьютер тоглоом худалдан авахад зарцуулаад үлдсэн 29 өдөр үдийн хоол идэхгүй явах уу эсвэл үдийн хоолны мөнгөнөөсөө баг багаар таналт хийх замаар хуримтлал үүсгэх эсэх нь тэдний асуудал. Энэ нь хүүхдэд хариуцлагын тогтолцоог бий болгох гэсэн тэдний оролдлого.

Бусад ээжүүд хүүхдэдээ уншсан номоо ярьж өгдөг бол еврей ээжүүд хүүхдээрээ уншсан номыг нь яриулдаг. Тэд өвдгөө нугалж суугаад хүүхэдтэйгээ энэ зэрэгцэж, тэдний түвшинд нь очиж, тэдний хэлээр ярилцдаг.

*Боломжгүйг сөрсөн Спарт ап үндэстэн

Бие минь Израильд оршивч ухаан минь дэлхийн энэнд хүрэх учиртай. Израиль техник, технологийн гарааны бизнес эрхлэгчдийн уриа үг.

Бэрхшээлийг давж туулахдаа тэднээс гаргууд үндэстэн гэж үгүй. Гачигдал бол өсөлтөд түлхэц өгдөг гол эрчим хүч гэгддэг. Өлсөж, цуцах нь тэдний хувьд бууж өгөх шалтгаан биш.

Өнөөдөр Израильчууд дэлхийн бизнесийн ертөнцөд асар олон старт-ап компанийг төрүүлэн гаргаж буйгаараа дэлхийг бишрүүлж байна. 10 мянган хүн тутамд 109 ширхэг шинжлэх ухааны бүтээл зохион бүтээдэг буюу нэг хүнд оногдох шинжлэх ухааны шинжлэх ухааны нээлтээрээ тэд дэлхийд хол тасархай тэргүүлдэг. Мөн 1400 хүн тутамд нэг старт ап оногддог үзүүлэлтээрээ мөн л дэлхийд тэргүүлдэг. Еврейчүүдийн үгийн санд БОЛОМЖГҮЙ гэдэг үг байдаггүй. Гай зовлонг давуу тал болгодог тэдний мятрашгүй зан чанараас нь бид ямагт суралцах хэрэгтэй.

Та өөрийн амьдралдаа хийж болох хамгийн муу зүйл юу гээч ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭ ЗОГСООХ.

*Хөгжлийг дэмжигч Еврей философи

Магадгүй та чинээлэг биш Еврейтэй тааралдаж мэдэх ч энэ дэлхийн хаа нэгтэйгээс боловсролгүй Еврейг олохгүй.

Еврейчүүдийн баримталдаг зарчим бол энтрепренер сэтгэлгээтэй байх. Гэвч эхлээд өндөр боловсрол эзэмш. Бизнес үүсгэн байгуулах хзслээ үргэлж хадгал. Гэвч бүхний эхэнд заавал бусдын тэр бүр эзэмшээд байдаггүй өндөр мэдлэг чадварыг эзэмш. Тэр чиний насан туршийн дуусашгүй мөнгө байх болно. Хамгийн сайн бизнесүүд хамгийн сайн боловсрол дээр суурилсан байх ёстой гэж үздэг.

Иудайзмд “Боловсрол нь бидний амьдралын зорилго бус харин амьдралын агуулга билээ” гэдэг. Тэд хүүхдэдээ боловсрол олгохдоо юун түрүүнд сурах хүсэл эрмэлзлийг бадраах зарчим баримталдаг. Хэрэв хэн нэгэн судлах сурахаас таашаал аваад сурчихвал түүнийг хэн ч зогсоож үл чадна.

Еврейчүүд улс үндэстнүүдийнхээ хийгээд өөрсдийн өвөг дээдсийн туулж өнгөрүүлсэн амьдралын түүхээ хүүхдэдээ заавал уншуулдаг. Америк, Европ тивд амьдардаг еврей бүр үр хүүхдээ өлгий нутаг Израильруу дагуулж, түүх заншлыг нь тайлбарладаг. Үүний адил бид ч гэсэн үндэсний дархлаагаа бэхжүүлэх, хүүхүүдээ эх оронч үзэлтэй болгож төлөвшүүлэхийн тулд эн зарчмыг дагууштай

Ирээдүйд хамгийн их шр шимээ өгөх хөрөнгө оруулалт бол мэдлэг боловсролд зориулж буй мөнгө. Тиймээс ч Еврейчүүд байшин худалдан авдгаас илүү мөнгийг хүүхдийнхээ боловсролд, хувцас худалдан авдгаас илүүг сайн ном худалдан авахад зориулдаг.

*Ном унших соёл

Еврейчүүдийн энэ их амжилтыг олон хүн гойд ген өгөгдөл гэж үздэг гэтэл үүний нууф нь тэдний тархинд бус ном унших дадалд оршдог. Тэд өөрсдийгөө “номонд өртэй ард түмэн” гэж үздэг. Израильчууд өдгөө ном хэвлэлтийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг бөгөөд хэвлэн нийтлэгч нь шинэхэн ном бүрээсээ заавал улсын номын сан, улсын их сургуулиудад тушаадаг хуультай.

Тэдний соёлд ном уншихгүй байхыг гэмт хэрэг гэж үздэг. Тэд номын дэлгүүргүй хотыг хот биш, номын сангүй айлыг айл биш, ном уншаагүй бага насыг бага нас гэж үздэггүй.

Тэд хэзээ ч нэг дор машинддаггүй, ном уншихдаа ч мөн ямхын зарчмыг баримталж, өдөр бүр бага багаар, судалж уншдаг. Ном унших дадлыг суулгахдаа тэд өдөрт 4–6 хуудсыг эсвэл өдөрт 20–30 минутыг сайн ном уншихад зарцуулдаг. Еврей хүүхэд ном унших дургүй байвал, ээжүүд нь номыг нь сольдог. Хүүхдэд нь таалагдах ном гарч иртэл ээжүүд нь ном бэлэглэсээр байдаг.

*Мөнгө нүгэл биш

Тэдний мөнгөнд хандах хандлага бусад үндэстнийхээс хавь ондоо. Иудайзимд гуйланчлал бол түмэн нүглийн үндэс. Орон гэрээ ядууруулах нь эр хүний үйлдэж болох дээд нүгэл гэж үздэг.

Эдийн засагч Тонни Стөүнз “Дундад зуунд мөнгийг хүүтэй зээлэх нь Христийн шашинд бусдыг мөлжих нүгэлд тооцогддог байв. Харин Иудайзмд үүнийг мөнгөний хэрэгцээ тулгарсан хэн нэгэнд тусалж буй арга хэмээн үздэг. Үр дүнд тэд европт ноёлох санхүүчид, банкны эзэд болж хувирсан бол Христийн шашинтнууд газар тариалангтайгаа зууралдаж үлдсэн. Мөнгөний хүү бол нүгэл биш мөнгөний үнэ цэнэ.” гэж үздэг. Тэд мөнгийг шударга шударга замаар олж, хамгийн зөв зохистойгоор зарцуулж, тансаглалтай бус хөрөнгө оруулалттай нөхөрлөдөг.

Ёс зүй бол тэдний аливаа ажил хэрэгт хандахдаа барьдаг тэргүүний зарчим. Ажил хэргийн зорилго нь мөнгө биш сэтгэл ханамж. Тиймээс ажлын үнэлэмж хэн нэгний инээмсэглэл, талархлаар хэмжигдэх ёстой. Бизнес гэдгийг еврейчүүдэд үнэ цэнэ нэмэгдүүлэх ажил гэж заадаг.

*Еврей шиг баяжъя гэвэл тэдэн шиг үр

Мөнгийг зарцуулах ухаан мөнгө олохтой ач холбогдлоороо ижил тэнцүү. Еврейчүүд хүүхдэдээ 2–3 настайгаас нь мөнгөний боловсролыг олгож эхэлдэг. Еврей хүүхдүүд 6–8 настайгаасаа халаасны мөнгөө удирдаж эхэлдэг. 10–13 настайдаа анхныхаа цагийн ажлаа хийдэг.

Тэд боловсрол, ном хоёроос бусад үйлчилгээнд туйлын арвич хүмүүс. Хадгалдаг хүнд мөнгө айлчлан ирэх дуртай гэлцдэг.

*Хоёр Еврей, гурван санаа

Энэ бол тэд хамтарч нэгдэж чаддагийг илэрхийлсэн зүйр үг.

Нэг еврей бусад бүх еврейд хамаатай. Тиймээс чи Еврейчүүдийг, Еврейчүүд чамайг дэмжих үүрэгтэй гэж үздэг. Бид 1+1=2 гэдэг бол тэд 1+1=3 гэдэг. Тэдний хамтрал оюун ухаан уралдуулсан, үр дүнтэй мэтгэлцээний зарчим дээр тулгуурласан байдаг.“Еврейчүүдийг бусад үндэстнээс ялгаруулж буй онцлог аливаа асуудалд мэтгэлцдэг чадвартай холбоотой. Бид хамтдаа байхдаа илүү хүчирхэг, гэвч олноор мэтгэлцэх үед бусад үндэстнээс тохой илүү хөгжиж байдаг. Санал зөрөлдөөн дунд шийдэл бий.” гэлцдэг.

Мэтгэлцээнд чи ялагч байх албагүй ч харин заавал оролцогч нь бай. Мэтгэлцээний цор ганц зорилго нь бусдаас суралцах хийгээд илүү дээр шийдэлд хүрэх.

*Алдааг шүт

Иудайн шашинд оролдлого хичээл зүтгэлийг хөхүүлэн дэмждэг. Үл хичээхүй, эс үйлдэхгүйг нь өөрөө нүгэл. Залхуурах, хүсэл мөрөөдлийнхөө төлөө үйл хөдлөл хийхгүй суух нь гэм. Үл зориглох, шүүмжлэлээс зугтаах нь гэм. Харин амжилт эс олсон ч үргэлжлүүлэн хичээсээр байгаа нэгэн бол гавьяатан. Чиний гаргаж болох хамгийн том алдаа бол бууж өгөх, хичээл зүтгэлээ зогсоох.

Өөртөө бүү эргэлз. Бидний эргэлзээ, алдаанаас ч олон удаа хүсэл мөрөөдлийг маань үгүй хийдэг тул өөртөө цойлоод нэг үзүүлчих тэгэх үү?

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet