21 насандаа ухаарсан 21 зүйл

Explore with Jinji
11 min readFeb 27, 2020

--

Уучлаарай. Эгч нараа…Жоохон байхад 20 хэдтэй аниа нар их л хөгшин санагддаг байж билээ. Нээх өндөр гоё охидууд, зув зуваан индүүн ултай гутал, трапец нь деним, томдосхийсэн савхи эсхүл яак өмсөөд л нүүрээ хүссэнээрээ будаад, бохь гээчийг том том бөмбөлөг болгон үлээгээд л хэний ч өмнө итгэл дүүрэн байх нь тунчиг дур булаам харагддаг сан. Жижиг сажиг гэлтгүй бүх шийдвэрүүдийг өөрөө гаргана, олсон мөнгөө өөрөө мэдэн зарцуулна, үдэш болохоор болзоонд дэрвэн гүйнэ, бас болоогүй ээ шар айраг ууна. Миний уран төсөөлөл, америк кинотой хослон хорин хэдэн насны дүр зураг ийн бүрэлдсэн байлаа. Харин нэг л мэдэхэд энэ өндөр насан дээр өөрөө иртэл бүр эсрэгээрээ өөрийгөө жаахнаар мэт л мэдрэх нь юуных вэ, хачин ч юм. Юутай ч 21 нас бол миний хувьд адал явдал дүүрэн, нэгийг ухааруулж, олныг бодогдуулсан мартагдахааргүй өдөр хоногуудын цуглуулга байлаа. Бичвэрээ дуусгахгүй дуншиж явсаар байтал 22 нас гараад хоёр долоо хоножээ, уучилж үз.

1. Хэрхэн хурдан ном машиндахыг сурав

Оюутан байхдаа энэ чадварыг эзэмшсэн ч болоосой. Энэ талаар “Хэрхэн уншилтын мастер болох вэ” нийтлэлээс маань дэлгэрүүлж уншаарай. Зузаан номыг сар заримдаа жил дамнан уншдаг байсан би долоо хоногт, нимгэн номыг 1–3 өдөрт уншиж сурав. Үүний ач холбогдол нь олон ном машиндахдаа биш маш урт өгөгдлөөс гол санаа, чухал агуулгыг олж чаддаг болох, логик сэтгэлгээг хөгжүүлэх, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх, ой тогтоолт, бичлэгийн ур чадварыг сайжруулах, цаашлаад идэвхтэй бясалгал болох зэрэг олон талын гайхалтай ач тустай аж. Хурдан бас идэвхтэй уншигч болохын тулд чиглүүлэгч ашиглах, хуудасны яг гол хэсэгт хараагаа төвлөрүүлэх, өгүүлбэрийн эхний болон сүүлийн 3 үгийг алгасах, авиа гаргахгүй унших, уншсан зүйлсээс гол санааг тэмдэглэн үлдээх нь хамгийн үр дүнтэй арга юм байна лээ. Мэдээж юу уншихаас хамааран хурд өөрчлөгдөнө. Гэхдээ бодох, бясалгах, шинэ санаа, тайтгарал олох зэргээр “тааламжтай” уншиж буй тохиолдол хурдан унших шаардлагагүй билээ.

2. Бичих чадвар минь харьцангуй дээрдэв

Өөрөөс минь өөр хэн ч ойлгохгүй учир утгагүй сунжирсан өгүүлбэрүүд, нурших, утга, үг давтах, олон тооны нөхцөл хаа хамаагүй хэрэглэх, идэвхгүй хэвийг ёстой л нэг дураараа ашиглах, он сарыг буруу бичих, алдаатай бичих зэрэг ёстой л бантан, будаатай хуургыг хутгаж өгдөг байж. Ёооё бурхаан…больёо тэгэх үү гэмээр. Өмнө нь бичсэн блог, бичвэрүүдээ харахаар буцаж очоод өөртөө таван салаа боов өгмөөр санагдана. Жилийн дараа ч өөртөө ингэж хэлэх л байх, гэхдээ яван чангарна гэдэгтээ итгэл төгс байна өө. Орчуулгын тухайд бол бүр яриад ч хэрэггүй байсан юм билээ. Харин гадаад мэдээ, нийтлэл орчуулдаг болсноор орчуулгын чадвар бага багаар сайжирч, хөрсөн дээрээ маневэрлэх, эх хэлээрээ сэтгэх, ньюансыг барих тал дээр бусадтай харьцуулж боломгүй ч өөрийнхөө хэмжээнд л сайжирч байна.

3. Өөртэйгөө илүү их ярилцаж, өөрийгөө уучилж, эмчилж чаддаг болов

Махан бие өвдөж чилээгүй л бол бид сэтгэлзүйн эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй улс.

Хариугүй нурж уначих шахаж буй сэтгэлээ тайтгаруулах, шалтгааныг, эмчлэх арга замыг олохын оронд “юундаа маяглаад байгаа юм, энийг хар, түүнийг хар, гэтэл өөрийгөө хар, аль эсвэл март” гэхчлэн хүчтэй байхад өөрийгөө цаг үргэлж хүчилж иржээ. Өөрийгөө тэвчээртэй сонсдоггүй, “дарамталсан” энэ байдал, олон жил хуримтлагдан санаа зовнилтой зэрэгцэн сэтгэл зүйн тогтвортой бус байдалд удаан хугацаанд автуулсан байлаа. Хүн дотоод би-гээ анзаарахгүй, зөвхөн бодит,гадаад хүчин зүйлд ач холбогдол өгснөөр хэзээ ч сэтгэл хангалуун болдоггүй аж. Тиймдээ ч энэ байдлаас гарахын тулд эхлээд өөрийгөө сэтгэл зүйн асуудалтай эсэхээ хүлээн зөвшөөрч дараа нь тайван, эерэг сэтгэл зүйтэй байх шийдэл, арга замыг хайж эхлэв.

Ингэхдээ итгэдэг хүмүүстэйгээ илэн далангүй ярилцах, бясалгах хүйтэн шүршүүрт орох, хол ойр хамаагүй хаа нэг тийш аялах, хэн нэгнийг шалтгаангүй баярлуулах, цэвэр агаар, байгальд гарах, удаан гэгч нь алхах, хөвсгөр чихэртэй сүү эсхүл карамельтэй макиато уух, кино үзэх зэргээр өөрийгөө аз жаргалтай зүйлсийг олж хийх болов.

4. “Чамгүйгээр чиний хийж буй ямар ч зүйл утгагүй”- гэдгийг ойлгов

Хятад, Жан жиа жие хот.2019.11.16

Энэ магадгүй миний сонсож байсан хамгийн нандин үгсийн нэг. Хүндэлж явдаг morrizm эгч маань хэлж байсан юм. Бид хүний нүүр харахаас ичмээр, тэнэг байдалд орох, мэдлэг чадвар дутагдах, бусдын анхаарлыг татахуйц хангалттай хөөрхөн биш, өөртөө итгэлгүй түүн дээр нэмэх нь бүтэлгүй гээд аль нь ч байж болно. Гэвч эдгээрийн аль ч чухал биш. Гол нь чамгүйгээр чиний хүсэл мөрөөдөл, хөдөлмөр, карьер гэх эдгээр зүйл ямар ч утгагүй. Чи маргааш байхгүй болчихвол ичиж, зовох хэнд хамаатай гэж. Тиймээс өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, уучилж, ууртай тэнэг байсан бол уужуу тэнэг байхад суралцаж байна.

5. Тэнэг бас зоригтой байвал тэнгэрийн умдаг атгана

Үнэндээ тэр тэнгэрийн умдаг гээчийг атгаж үзээгүй яваа ч айдасгүй, хэт удаан эргэцүүлээгүй, зоримог шийдвэр ямар их хожил, баяр баясал авчирдгийг би ахин дахин мэдэрсэн. 1.8 сая төгрөгөөр та юу хийж чадах вэ? Гайгүй утас, лаптоп, дуран, lux фитнесийн төвийн бүтэн жилийн эрх, хувьцаа, бас бус зүйлс. Юу гээч, харин би энэ мөнгөөр энэ хорвоогийн хамгийн баян хүн болсон юмаа. Яаж вэ гэж үү?

Ганцаараа зориглон гарсан үүргэвчтэй аялал минь тэнэг залуу халаас нимгэн миний хоосон оргих сэтгэлийг дүүргэж, нүдийг нээж, гайхалтай туршлага, бахармаар хүмүүстэй учруулж санаж явбал бүтэж, сажилж явбал хүрдэгийг ойлгуулав. Олигтой төсөв, төлөвлөгөө ч үгүй, хятад хэл түй ч мэдэхгүй намайг ойр дотныхон минь эмэгтэй хүүхэд гэж өрөвдөж байлаа. Хүссэн зүйлээ хийх, зорьсон газраа хүрэхийн тулд хар юмтай байх, эсхүл хэн нэгэнд туршлагаа хуваалцах, үзэл бодлоо илэрхийлэхийн тулд нас минь тэндээс өтөл байх ёсгүй биз дээ.

Аялал бол мөнгө, цаг завын тухай сэдэв биш эр зоригийн талаарх асуудал байжээ.

6. Ажил, мэргэжил бол мөнгө олох төдий хэрэгсэл ердөө биш, өөрийгөө бүтээх хэрэгсэл аж

Заримдаа залхмаар түвэгтэй, цаг наргүй санагддаг ч, сэтгүүл зүй нь салбартаа хайртай. Мөнгө олох хэрэгсэл гэж харсан бол би маш олон гайхалтай боломж, гоё зүйлсийг анзаарахгүй өнгөрөх байлаа. Ажлын талбар дээр өөрийгөө бүтээх, суралцах ихэнх үйл явц явагдаж, бидний амьдралын ихэнх үнэт цаг ажил мэргэжилд зориулагддаг тул мөнгөөр нүдээ таглахыг бүү зөвшөөрөөрэй.

Арга мухардсан үедээ өөрөөсөө “энэ ажлыг хийснээр би цалин авахгүй байсан ч аз жаргалтай байх уу, хийж буй ажил минь үнэ цэнэ өгч байна уу, ур чадвар минь өсөж, танилын хүрээ минь тэлж байна уу” гэж бодохын төдийд зүрхэнд минь түймэр дүрэлздэг юм.

Тиймээс үүрэгт ажлаасаа илүүг сэтгэдэггүй, санаачлаггүй бөөс би хийж буй ажлынхаа босс байхыг хичээх хэрэгтэйг ойлгосон.

7. Амьдрах, амь зуух хоёр асар ялгаатай ойлголт гэдгийг ухаарав

Даалгасан ажил, үүргээ биелүүлчхээд нэг л газартаа, нэг хэвийн амьдрахад хорин хэдэн нас дэндүү уйтай. Тухтай бүсээсээ өөрийгөө чөлөөлж, олон гайхалтай зүйлс туршин, адал явдал эрэлхийлж, хааяа дүрэм зөрчиж үзээрэй. Даруу, бусдад ая тал засаж, урсгалаараа амьдрахад залуу нас дэндүү хайран тул илүү их адал явдлыг эрэлхийлж, зориг гаргаад үзвэл хэзээ ч харамсахгүй. Ярилцлага хийж, олон гайхалтай хүмүүсийн амьдралын түүхийг хуваалцахад нэг л зүйлийг ойлгосон минь бидний амьдралын нөхцөл байдал тэнгэр газар шиг ялгаатай байлаа ч авсанд ороосон муми шиг биш асаж буй бамбар шиг эрч хүчтэй амьдрах, сонирхолтой амьдрах хэрэгтэй. Сонирхолтой гэдэг нь зугаацаж, цэнгэхийн нэр биш шүү.

8. Бусад хүн сэтгэл гаргаагүйн төлөө сайхан сэтгэлээ гээж болохгүй

Турк, Анталяа хот

Төлөвшсөн хүн хэзээ ч бусдаас ямар нэгэн зүйл хүлээх, горьдохоо больдог гэдэг ч больж чадахгүй байна аа яах вэ байз. Хүмүүст сэтгэл харамгүй зориулдаг болохоор (би тийм ч сайхан сэтгэлтэй хүн биш, биш, миний л бодол шүү) бусдыг өөр шигээ санаад сэтгэл гонсойх үе бишгүй. Нэг удаа найз Цэнгүүн маань: “Сэтгэлээ зориулдаг хүмүүс чинь чамд эргээд сэтгэл гаргах эсэх нь чухал биш, харин чи амьдралдаа эргэн тойрныхоо хүмүүст гаргах сайхан сэтгэлээ хэзээ ч бүү гээгээрэй. Сэтгэл гаргахаа больчихвол хүн байхаа больчихно” гэж билээ. Хэдий хүмүүс итгэлийг чинь алдаж, сэтгэлд чинь хүрэхгүй байх аваас тэднээс юуг ч юм горьдож өөрийгөө зовоох хэрэг юун. Харин ийм хүмүүсээс болж цайлган сэтгэл, гэнэн араншингаа гээгээгүй цагт чиний ертөнц үргэлж гэгээлэг байж, сайхан хүмүүсийн хүрээлэлд үргэлж багтаж чадна. Тиймээс хэн нэгнээс юу ч хүлээхгүй, хариу сэтгэл горьдохгүйгээр тус хүргэж мэддэг чаддагаа бусдад харамгүй хуваалцахыг хичээж байна.

9. Өөрийгөө хэзээ ч бүү гол, хийх явцаа сурчхаж болно шүү дээ

Корпрэйт орчны хурал уулзалт, нетворкоос авахуулаад ажил хэргийн ертөнцөд мэдлэг чадвар дутагдах, өөрийгөө чамламаар санагдах нь бишгүй. Энэ тоолонд өөртөө итгэх итгэлгүй болж, хэн нэгний өмнө буруутай мэт санагддаг л байсан биз. Гэхдээ энд мэдэхгүй зүйлдээ мэдэмхийрэхийн тухайд яриагүй шүү. Мэдэхгүй, чадахгүй бол хийх явцдаа сурчхаж болно, гол нь мэддэг чаддаг хүнээс ичиж зовохгүй тусламж гуйх, суралцах ширэн нүүртэй байх хэрэгтэй, гүүгл гэж сүрхий багш ч байна.

10. Ганцаараа гэж үү, яадаг юм зүгээр…

Ганцаар аялах, ууланд алхах, хоолонд орох, кино театрт ганцаараа кино үзэх, бэрхшээл гунигийг ганцаар даван туулах. Яагаад болохгүй гэж? Зарим хүмүүст эмо санагдаж мэдэх ч өөртэйгөө болзох, ярилцах өөрийгөө илүү ойроос чагнах энэ хэсэгхэн хормыг мэдрэхийн тулд заавал хэн нэгэн дэргэд тань байх хэрэгтэй гэж үү. Олон хүмүүсийн дунд ганцаардаж байснаас ганцаараа байх нь хавгүй дээр санагддаг болсон. Эрх чөлөө, хувийн орон зайд хэр баргийн зүйлс халдаахгүй гэдгээ ч өөртөө амлав.

12. Headspace-ийн тусламжтай бясалгаж сурав

Баруун ширээтийн намар аа гэж, ийм л яруу. 2019.09 сар

Guided meditation буюу бясалгалын сургуулилт бүхий энэ аппликэйшний тусламжтайгаар эхлээд 3 минут, 5 минут, сүүлдээ 15 минут бясалгадаг болов. Өглөө сэрээд бясалгасны дараа сэтгэл санаа тогтвортой, төвлөрөх чадвар илүү нэмэгддэгийг мэдэрч байгаа.

13. Агаарын йог хийж сурав

Уян хатан байдал, сунгалт, тайвшрал, уужуу байдлыг агаарын йог хийдэг болноор олж авав. Амьдралд хандах эерэг хандлага, аливаа бэрхшээл, өвдөлтөд заах тэвчээр, тайван, одоо цагтаа оршихуйн мөн чанарыг ухаарав. Зуны турш өглөө эртлэн ажилдаа ирж агаарын йог хийдэг болсноор стресс уур бухимдалгүй маш эерэг нэгэн болсон байлаа. Эмээдээ үргэлж массаж хийж өгдөг байснаас үүдэн хуянгийн бяцхан уурхай болсон байлаа. Жаахан удаан сууж хичээл хийх, компьютер шагайгаад суухаар гар даагдахаа больдог байв. Харин агаарын йог, гэртээ байх үедээ жирийн йог хийдэг болсноор хуян гээчийг мартав. Тэгж онгирч байтал цаадах чинь хүрээд ирэх вий.

14. #Эерэгболгоё хөдөлгөөнд нэгдэж амьдралаас гэрэл гэгээг өдөр бүр эрдэг болов

Өөдрөг, хүсэл тэмүүлэл, сонирхол нэгтэй нэгтэй охидын #Эерэгболгоё community-д нэгдэн өдөр бүр амьдралд талархах гурван шалтгааныг эрдэг болов. Миний, бидний амьдрал төгс биш ч, өдөр бүр талархмаар зүйлс хэчнээн их, ямар үзэсгэлэнтэй дэлхий, хэчнээн их боломж дунд амьдарч байгааг анзаарч эхэлсэн. Хамгийн гол нь өөрөөсөө илүү бусдын сайн сайхан, байгаль дэлхийн тогтвортой байдалд анхаарал хандуулдаг охидын хүрээлэлд багтаж илүү их мэдээлэл солилцдог болов.

15. Илүү нээлттэй сэтгэдэг болов

БНТУ, Анталяа. 2020.01.19

Нэгэн найз маань ижил хүйстнээ сонирхдог гэнэ хүү хаа пүү паа, 17 тойдоо төржээ пээ, шивээс, piercing хийлгэж үсээ цайруулбал эвдэрсэн хүний шинж, гурав дахь удаа хүнтэйгээ суужээ, эсвэл 30 гарлаа одоо болтол хүнтэй суугаагүй…Энэ мэт биднийг нийгэм цаг үргэлж шүүсээр ирсэн, шүүх ч болно. Харин би, та тэдний нэг байгаад юу нэмэгдэх юм?Хүний амьдрал тааварлашгүй. Үүнээс ч хачирхалтай зүйлс таны ойр дотны хэн нэгэнд эсвэл танд тохиолдож болохыг үгүйсгэх аргагүй. Тэглээ гээд бусдыг, тэдний сонголтыг өчүүхэн оюунаараа хар цагаан, сайн муу, пээ паа гэж шүүх, бусдын амьдралд оролцох, дүгнэх эрх бидэнд байхгүй. Дийлэнх тохиолдолд өрөөсөө өөр хэнийг ч өөрчилж чадахгүй тул бусдыг өөрчлөх гэж хямрах хэрэггүй. Зөнд нь орхи.

16. Юу ч мэдэхгүйгээ улам бүр мэдрэв

БНХАУ, Жан жиа жиэ хот, Тэнгэрийн хаалга уул. 2019.11.15

Нэг л газраа нөгөө л хийж дадсан зүйлээ хийвэл хэзээ ч тухтай бүсээсээ гарч чадахгүйгээр барахгүй залуу хүн та зэвэрч эхэлнэ. Техник технологийн хөгжлийн эринд та бидний эзэмших ёстой ур чадвар, мэдлэг цаг минуттай уралдан өсөх ёстой. Нүд аажмаар нээгдэж, юм үзэж, туршлага хуримтлуулах тусам ямар уужим ертөнцийн өчүүхэн хэсгийг таньж мэдсэнээ ухаарав. Юу ч мэдэхгүйгээ мэдрэх тусам өдөрт ядаж нэг шинэ зүйл мэдэж авахгүй л бол дотор давчиддаг болов. Шинэ англи үг, хэлц, мэйл бичих соёл, зөв бичгийн дүрэм, биеэ авч явах соёл, зураг авах, засварлах, технологийн мэдлэг, шинэ хоол, амттан гэх мэтчилэн нэг ч зүйл болов сурахгүй бол байж ядаж, суралцах сувгийг эрх хайдаг боллоо.

17. Боргол чанаж сурав

Хааяа стрессддэггүй, толгойгоо гашилгадаггүй ямар нэгэн ажил хийдэг бол хэчнээн амар вэ гэсэн бодол төрдөг л биз. Энэ үед би өдөржин кофе чанамаар санагддаг. Үр бутлуурын дуунд толгой дахь түмэн хашхирааныг түр умартан, сэтгэл сэргээм үнэрт нь хоргодон, аяга бүрт сэтгэлээ шингээсэн кофегоор хайртай хүмүүсээ дайлмаар.. Кофений машин ашиглан американо, латте, каппучино чанаж, сүү хөөрүүлж сурав.

18. Өдрийн хоолоо өглөө хийж авч явдаг болсноор ходоодны өвнөөсөө ангижирав

Шарсан хуурсан тэр тусмаа ямар орчинд хийсэн бол гэхээс гадуур хоол идэхээс цэрвэдэг л биз. Азаар манай ажлын ойролцоо олигтой хоолны газар байдаггүй юм, нэг бол тэнгэрийн үнэтэй, эс бөгөөс ширхэгийн хоол зардаг болохоор гэртээ хоол хийж авчрахаас өөр сонголт үлддэггүй. Орой махаа гаргаж, ногоогоо арилгаад, өглөө босоод хуураад, жигнээд гарахад тийм ч их цаг ордоггүй юм билээ. Мөнгөнд хэмнэллттэйгээс гадна, эрүүл бас өглөө босох цагаас 30 минутын өмнө ч болов босох шалтгаан болж өгдөг. Хеликобактер, нүүрэнд гарах батга харьцангуй багасав.

19. Юу минийх мөн бас биш болохыг бага багаар таньж л явна

БНХАУ, Шаанши муж, Шиан хот. 2019.11.14

Бүх зүйл утгагүй мэт санагдсан сэтгэл санаа тавгүй үед хэн, юу намайг тайтгаруулж, хурцалж чаддагийг, бараан үс хэзээ ч надад зохидоггүйг, skinny жинс улам намхан харагдуулдгийг, хэрхвэл бүтээмж өндөртэй ажиллаж чаддагийг, ямар өнцгөөс бичвэл нийтлэл минь хүмүүст хүрэхийг гадарлаж, даруй өндөр өсгийт өмсөж сурахгүй л бол шилбэ минь улам бүдүүрч байгааг анзаарсан. Бас магтаалаас илүү шүүмжлэлд дурлаад байгаа, сул талыг минь олж харж, оновчтой шүүмжилж өгдөг хүмүүст их баярладаг болсон ххэ.

20. Одоо эс бөгөөс хэзээ гэж

Магадгүй 30, 40 хүрчхээд үсээ цагаан эсвэл ягаанаар хүссэнээрээ будаж, хумсаа 10 өөр өнгөөр будаад тоохгүй явж чадахгүй. Одооных шигээ эрч хүчтэй байх нь мэдээж боловч зарим зүйлс цаг хугацааны эрхээр энэ насных шигээ тохиромжтой байхгүй нь лавтай. Тиймээс хэтэрхий оройтохоос өмнө зарим нэг зүйлийг хойш суулгүй, амжуулах хэрэгтэй. Жишээлбэл үүнийг хийхэд арай туршлага дутна, балчирдана, хүмүүс юу гэх бол, бүтэлгүйтвэл яана, цаг, мөнгөний гарз, би бэлэн биш гэхчлэн өөрийгөө хойш нь чангаахгүй байхаар шийдсэн. Үзээд алдъя яадаг юм, биш ээ үзээд онъё.

21. Хоббигоо эрсний эцэст олов

БНХАУ, Гуанши муж, Гүйлин хот, Пин ан будаа тариалангийн тосгон

Гэрэл зурагт ухаангүй дуртай байсан атал би өнгө будаг, аж байдал, тухайн хормын торгон мэдрэмжийг өгөх энэ урлагийн нэг хэсэг би байх боломжтой гэдгийг хожуу боловч ойлгосон юм. Тиймдээ ч хэн ч намайг шүүмжлэхгүй байх тийм л платформ олж дурандаа буулгасан зургуудаа хуваалцдаг болж, гэрэл зургийн гүрү нарын сонирхолтой нийтлэлийг уншдаг болов.

Турк улс. Денизли хот. 2020 он. 01.15

Зургийн аппаратыг бага сага танин мэдэж, их сургуульдаа ухаан жолоогүй хуулж бичсэн лекц минь ямар үнэ цэнэтэй байсныг эргэн харж, судалж, практик дээр туршиж үзэж, хийхэд суралцаж байна. Хоббиноосоо уйдах эсэхийг чөтгөр мэднэ биз, юутай ч үзүүрээс атгасан хойно заавал хэргийн гарганаа.

БНХАУ, Гуанши муж, Гүйлин хот. 2019.11.24

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

Responses (1)