6000 милийн тэртээх эргэцүүлэл: My academic roller-coaster journey #1
Уг нь Америкт ирээд бичвэрээ ойр ойрхон оруулж, мэдсэн сурсанаа, анзаарснаа хуваалцаж байя гэж бодсон авч л хичээл, гэрийн даалгавар, унших материал, бичвэр, шалгалтуудын доороос цухуйж амжихгүй байгаад бүтэн семестр өнгөрчхөж.
2023 онд магистраар Харвардад сурч байна гэж (тэнэг хүний дотор уужуу гэгчээр)мөрөөдлийн дэвтэртээ 2018 онд бичиж байж.
Эхний алхмаа хийж чадвал үлдсэн нь жам ёсоороо өрнөнө. Урсгалыг дагаж амьдрах хэрэггүй, харин өөрөө тэр урсгал нь бай. (Руми, Хайрын дөчин дүрэм)
Хэн нэгэн надаас “бодит байдал гэж юу вэ гэж асуувал миний бодол, төсөөлөл багтаж буй тэр зүйл гэж би хэлнэ” гэдэг эшлэл санаанд оров. Харвард нь биш ч гэлээ хамгийн лаг хүмүүс л тэнцдэг гэж боддог байсан Фулбрайтын тэтгэлгээр Америк дотроо нийтийн бодлогын хөтөлбөрөөрөө сүүлийн 5 жил дараалан тэргүүлж буй Индианагийн их сургуульд элсэн суралцаж эхний семестрээ амжилттай дүүргэлээ.
Сэтгэлд багтсан бүхэн бодит байдалд биеллээ олж болдог.
Фулбрайтад тэнцэхэд чинь юу нөлөөлөв гэж хэд хэдэн удаа хүмүүс асууж байв. Шавь бэлтгэгдсэн цагт боломж үүд хаалгаа дэлгэдэг санж гэвэл арай поп болчихдог юм болов уу?
Шавь бэлтгэгдсэн гэдэг нь мэдлэг чадвар, туршлага хангалттай бүрдсэн гэдэг утгаар биш сурах зорилгоо бүрэн тодорхойлсон, ямар асуудлыг , ЯАГААД шийдэхийн төлөө гал эрмэлзлээр шатаж яваагаа ойлгосон, цаашид юу хийхийг хүсэж байгаагаа бусдад ойлгомжтой, эмх цэгцтэйгээр илэрхийлж чадах нь түлхүүр гэж бодож байна.
Давааны цаана даваа, гүвээний цаана гүвээ…
Цэлийсэн тэгш бартаагүй зам гэж байдаггүй бололтой Яаж ийгээд тэтгэлэгтээ тэнцчихвэл бүх юм амар сайхан болно гэж бодож байтал, сонгосон сургуулиуддаа тэнцэх, аль болох өндөр хувьтай тэтгэлэг авахын тулд өнөөх сүрдмээр GRE (магистр, докторын түвшинд элсэн суралцах шалгалт) өгөх шаардлагатай болов. 10 жил төгссөнөөс хойш тоотой зууралдаагүй миний хувьд эргээд мат, геометр бодох тэр тусмаа ielts-ийн унших, бичих хэсгээс даруй 3–4 дахин хүнд энэ шалгалтыг ажлынхаа хажуугаар бэлдэж, 3 удаа өгөх нь (хажуугаар нь НҮБ-ын нийгэмлэг, Төүсмастер гээд сайн дурын ажлуудаа хийнэ) гэдэг бас л чанга даваа байв. “Суга” гэдгээ мэдэрч уйлж байснаа бодохоор инээд ч хүрэх шиг. (lol) Хувиасаа 100 гаруй мянган доллар төлж сургах чинээлэг гэр бүлд төрөөгүйгээс өөрийгөө энэ чинээ зүйлд өөрийгөө дайчлахаас өөр яах билээ. Заа тэгээд сургуульдаа тэнцчихлээ, ингээд л эрх чөлөө, боломжийн эх оронд оччихвол амьдрал минь цэцэглэх нь гэсэн дэврүүн сэтгэлээр ирэхдээ энэ үйл явц teaser байсныг мэдээчгүй байл аа ккк.
Мэдэхгүй чадахгүйн зовлогийн дэргэд эрдэмд шамдах аяллын сорилт бол жаргал гэлтэй.
Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмүүлэх, ямар суга гэдгээ мэдэрч, алхам алхмаар урагшлах нь өөрөө өөртөө итгэх итгэлийг улам бүр нэмэгдүүлж хэзээ нэгэн цагт хүүрнэх түүхийг маань илүү сонирхолтой, хаа нэгтээ бий болгох үнэ цэнийг маань улам нандин болгоно гэж бодохоор урам зориг ундрах шиг л болдог.
Хамгийн олон анхны удаа…
Анх удаа Америк оронд ирсэн миний хувьд Холливүүдийн кино, Нью-Йорк, ЛА, Сан-гаар төсөөлдөг байсан хүлээлт, төсөөлөл орвонгоороо эргэв. Зун бэлтгэл хөтөлбөрт хамрагдахдаа амьдарсан Колорадо мужийн Боулдер хот одоо сурч байгаа Индианагийн Блүүмингтон бол бүхий л анхаарлаа сурахад зориулахаас аргагүй алс бөглүү коллеж таун.(100 мянга арай хүрэхгүй хүн амтай)
Pre-academic хөтөлбөрт хамрагдаж анх удаа дэлхийн өнцөг булан бүрээс (30 гаруй улс) ирсэн магистр, докторын оюутнуудтай урт хугацаагаар нэг танхимд тохой зэрэгцэн сууж, англи хэл дээр академик хичээлүүд авч, инээдэм ханиадам болж хооллож, халуун дулаан нөхөрлөлийг бий болгосон маш гоё боломж байлаа.
Монголдоо л болоод байсан англи хэл минь яг жинхэнэ академик орчинд мэргэжлийн үг хэллэг ашиглаж олны өмнө ярих, хэлэлцүүлэгт оролцох нь англи хэл дээр бакалавр, магистраа хийчихсэн оюутнууд, албан ёсны хэл нь англи орны оюутнуудын дэргэд хангалтгүй санагдаж, өөрийгөө ихэд чамлав.
МУИС-т plagrism-ийн талаар хичээл авах бүү хэл стандартын дагуу эшлэл зүүлт хийж мэдэхгүй төгссөн миний хувьд хэрхэн оюуны хулгай хийгүйгээр судалгааны өгүүлэл бичих чиглэлд сургалт авч, шалгалт өгч сертификат олгодог нь тун чухал санагдав.
Дээд боловсролын институт бол шинэ мэдлэгийг бий болгох ёстой газар гэдэг утгаараа plargism хийхийг хатуу хориглож, оюуны бүтээлийн эрхийг хамгаалахад маш том ач холбогдол өгдөг аж. Санаатай болон санаандгүйгээр оюуны бүтээлийн зөрчил гаргасан, тэр бүү хэл дутуу эшилсэн бол plagrism-д тооцож,сургуулиасаа хөөх хүртэл арга хэмжээ авах нь бий.
Мөн судалгааны өгүүлэл хэрхэн бичих, лекцээ хэрхэн тэмдэглэх, сургуулийн зүгээс олгох нөөц бололцоог яаж тултал ашиглах, академик институтийн дүрэм журмыг , АНУ-ын хууль журмыг хэрхэн дагаж мөрдөх, хуул эрх зүйн тусламж үйлчилгээ хэрхэн авах, хэрхэн сайн хөрш байх, болзоонд хэрхэн явах, дотно харилцаанд орох бол консент (зөвшөөрөл) хэрхэн үйлдэх, америк айлд зочилбол яах вэ, цаг хугацаа, стрессээ хэрхэн удирдах вэ зэрэг cultural competency чиглэлийн сургалтыг багтаасан нь миний амьдралдаа авч байсан хамгийн хэрэгтэй, мартагдахааргүй сургалт байв. Монголын их дээд сургуулиуд ийм сургалтын бэлтгэл хөтөлбөр боловсруулж оюутан болоход нь дэмжлэг үзүүлдэг бол ямар том өөрчлөлт гарах бол…
Хөдөөгөө хөсөр хаяхгүй хөгжүүлэх бодлого аль 1700–1800-аад оноос л хэрэгжүүлж ирсний нэг илрэл нь дээд боловсролын институтийг тараан байгуулсан явдал. Ийн боловсролын чиглэлд хэрэгжүүлсэн холч бодлого, хөрөнгө оруулалтын үр шим, legacy-г гадна дотны залуус хүртэх аж.
Фулбрайт хөтөлбөр байр савны асуудлыг шийддэггүй тул ирэхээсээ хэдэн сарын өмнөөс байр сав олж, барьцаа мөнгөтэй цуг түрээсээ төлчихсөн байх ёстой байдаг нь ярвигтай. Мань мэт шиг цаг тулгаж сарын өмнөөс байр сав хайдаг хүн нэг ч байдаггүй юм байна, бүх зүйлийг урьдаас төлөвлөж жин тан болгодог.
Дийлэнх коллеж таунууд том хотуудын хажууд амьдрах өртөг харьцангуй боломжийн, тайван, аюулгүй ч аливаа томоохон урлаг соёлын арга хэмжээ, шоу, хурал, цуглаан болдоггүй үе үе зохиогдох америк хөл бөмбөг, сагс, хоккей тэмцээнийг эс тооцвол залуу хүмүүст жаахан уйтгартай. Сонирхуулахад манай сургуульд Америкт ганц байдаг Монгол судлалын төв, Блүүмингтон хотод Төвд Монголын соёлын төв байдаг, монголчуудад их ээлтэй хот гэдгийг энд ирээд мэдсэн.
Дээрээс нь машингүй, гахай явган мань мэтийн хувьд нийтийн тээвэрт найдаж амьдрах маш хэцүү, кампус дотроо эсвэл кампустайгаа ойр байр түрээслэх хамгийн чухал.
Гэлээ гэхдээ Индианагийн их сургууль гэхэд сургалт, судалгаа, эмчилгээгээр дагнасан томоохон эмнэлэг (300 гаруй хэвтэн эмчлүүлэх ортой), театр, өөрийн гэсэн банктай, хэд хэдэн dining hall, урлаг, архитектурын музей, олимпын бассейний хэмжээтэй гадаа болон дотор бассейн, фитнес төв гээд уг нь хүн өсөж хөгжиж, амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлжээ.
Жинхэнэ академик амьдрал эхлэв:
Уншиж дуусгахыг тул ном унших үе байдаг шиг диплом л авчихвал асуудал шийдэгдэнэ гэж боловсролд хандах нь бий. Гадаадад магистрын зэргээ хийчихвэл ч арай ахиу цалин авна, боломж нээгдэнэ, энд тэнд яриад явахад сайхан л байдаг байх. Тэгвэл бид хүсэл мөрөөдлөө биелүүлж, аз жаргалтай хором мөчийг мэдрэх гэж амьдардаг болохоос үхэхийн төлөө амьдардаггүй биз дээ? (жаахан ко драма шиг сонсогдсон уу ххэ) Хичээлдээ уначихгүйхэн шиг кредитээ гүйцээж, дипломоо авахаа эцсийн зорилгоо болгох бус үүнийг өөрийгөө нээж олох, бүтээх аялал гэж нандигнавал сурах үйл явц асар зугаатай, үр шим, боломжоор бялхах учиртай.
Алхимич дээр гардаг Сантьяго хүү зөн зовингоо дагаж, хонио зараад эрдэнэсийн эрэлд (өөрийгөө эрж олох) гардаг. Испаниас Африк- Африкаас Испаниа руу аялах аяллын турш олон саад бэрхшээл, адал явдлыг туулахдаа огторгуйн дуу авиаг сонсож байгалийн өөрт нь өгч буй дохиог ойлгож уншдаг хүн болж хөгжиж эцэст эрдэнэсээ ч олдог, хайртай бүсгүйтэйгээ ч учирдаг.
Тэгэхээр миний хувьд онц дүнтэй диплом бол хайж буй эрдэнэс минь биш. Харин монголын хөгжилд хэрэгцээтэй чадвар, мэдлэгийг эзэмших, нетворкинг үүсгэх, эндийн амьдрал, нийгэм, соёлтой танилцаж, олон газраар аялж, шинэ хүмүүстэй нөхөрлөх, тэднээс суралцах, монгол соёл, ахуйгаа таниулах, ойлгож ухаарсан зүйлсээ монгол залуустай хуваалцах гүүр байх минь миний хайж буй эрдэнэс.
Ингээд цааш ихийг нуршилгүй эндхийн нийгэм, соёлоос анзаарсан, хэдэн бодлоо хуваалцъя. Сайн саар хоёр аль ч нийгэмд зэрэгцэн оршдог тул саарыг эс өгүүлье.
1.Энд эцэг эхчүүд хүүхдүүддээ дараах 2 алтан дүрмийг багаас нь хүмүүжилд нь суулгадаг аж. Нэгт, “thank you, please” (2 magic words) гэдэг үгийг үргэлж занших, хоёр дахь юу ч болж байсан үргэлж инээмсэглэх. Том хотуудад хүн бүхэн үргэлж нүүрэндээ нар мандуулаад байхгүй ч ерөнхийдөө үргэлж инээмсэглэж бусадтай харилцахыг хүүхдүүддээ ёс болгон заадаг надад маш их таалагдсан. Зарим хүмүүс америкчуудыг худлаа инээсэн хуурамч хүмүүс гэдэгтэй би лав санал нийлэхгүй. Инээлээ гээд хэн нэгэнд таатай, дулаан мэдрэмж төрүүлэх болохоос ямар гарз гарах биш.
Автуусанд суух, автууснаас буух болгондоо, багш асуусан асуултад нь хариулахад талархлаа илэрхийлэх юм. Тэр бүү хэл би зүгээр тэнгэр шүтлэг бөө, мөргөлийн талаар ангийнхаа залууд ярьж өгтөл сонирхолтой соёлоо хуваалцсанд маш их баярлалаа гэж хэлж билээ. Мөн ариун цэврийн өрөө эсвэл нийтийн газар хажуугаар зөрөхдөө хүртэл биед шүргээгүй мөртлөө уучлал хүснэ, надад ямар нэгэн онцгүй зүйл тохиолдвол I’m sorry about that гэдэг ч юм уу жижиг сажиг харилцааны etiquette, ньюанс их чухал аж. Харилцааны салбарт ажиллаж байсны хувьд ч тэр үү би ийм жижиг зүйлд яагаад ч юм их ач холбогдол өгдөг, хүмүүс захирсан, зандарсан өнгө аястай мэйл, чат бичиж, ярих хүмүүс баба шүү.
2. Айдас, хүйдэсгүй нөхөрсөг сурах орчин: Манайд хүн юм заахдаа айлгаж, ичээх, сүрдүүлэх, шүүмжилсэн сөрөг мэдрэмжийг түрүүлж төрүүлдэг. Улсын сургууль бол багш нар нь ачаалал ихтэй гээд ойлгож болмоор, лав би хувийн сургуульд сургуульд сурч байхдаа гэнэт чанга2 орилдог зүрхээр авчих гээд байдаг байсан багштай байсан тул алдаа гаргахаас үхтлээ айдаг, багштай санал нийлэхгүй байх, үзэл бодлоо хамгаална гэхээс трауматай болчихсон байж билээ.
Хүн гэдэг амьтан байгалийн инстинктээрээ сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй үед саруул ухаанаар аливааг хүлээж авах бус тархины амигадала хэсэг нь ажиллаж, өөрийгөө хамгаалах механизмд ордог. Америкийн сургуулийн соёл нь багштайгаа хаан мэт бус (хаха эможи) найз,үе тэнгийн мэт л харилцдаг аж. Мөн багш, зөвлөхүүд нь feedback өгөхдөө өөлж, гоолохоос урьтаж сайныг нь дурдаж, хичээл зүтгэл гаргасныг онцлон сайшаасны дараа нь засаж сайжруулах зүйлсийг нь хэлж өгдөг.
Жишээ нь би хичээл дээрээ ямар ч тэнэг асуулт асуулаа гэхэд асуулт асуусан зориг, хичээлд анхааралтай оролцож буй зүтгэлийн үнэлж, that’s very interesting/ great/million dollars question гэхчлэн урамшуулна.
Нэг удаа гэрийн даалгавраа буруу хийгээд очиход муу дүн тавихын оронд, чамд зөв ойлгуулж чадаагүйдээ уучлал хүсье гэж билээ. (too good to be true, lol)
Бас нэг багш маань хичээл хаагдсаны дараа биднийг гэртээ үдэшлэгт урьж, уух зүйлс, хоол ундаар дайлж, халуун дулаан яриа өрнүүлж, гэрээ танилцуулж, нэг оройг сонирхолтой өнгөрүүлж билээ.
3. Ерөнхий мэдлэг, аргумент дэвшүүлж, үзэл бодлоо ул суурьтай хамгаалах чадвараар биднийг хол хаясан нь:
Би 25-тай ч бараг ангидаа хөгшиндөө орно, зарим америк болон олон улсын оюутнуудтай ярихаар газар зүй, дэлхийн түүх, урлаг, гоо зүй гээд ерөнхий мэдлэг нь маш өндөр, дээрээс нь испани эсвэл франц, герман ч юм уу заавал нэг гадаад хэл сурсан байна, өдий хүртэл би юу уншиж судалж, сурч мэдсэн юм бэ гэж бодогтол авна.
Аргументаа гаргаж ирж байгаа үндэслэл нь, түүнийгээ нотолж бататгаж байгаа нь үнэхээр үлгэрлэмээр. Ингэж олноороо мэтгэж, шүүн тунгааж байж илүү рациональ шийдэлд хүрдэг байх нь. Хуульж бичих, зөвхөн багшаа сонсох байдлаар идэвхгүй арга барил бус мэтгэлцэх, хэлэлцэх, бүтээлчээр шүүн тунгаах байдлаар хичээл нь явагддаг тул тэд хүний санаанд оромгүй “галзуу” зүйлсийг сэдэж, бүтээж бусдаас түрүүлж алхдаг бололтой.
4. Шинж чанар биш мөн чанар агуулга чухал: Гадаад байдалдаа ихээхэн анхаарал хандуулж, брэндээр гангарч, уралддаг өвчин манай азиудад л байдаг бололтой. Хамгийн үнэтэй хувцас, гоо сайхны брэндүүд энд л үүссэн атлаа багш нь сурагчид нь өөрсдөө түүнийгээ хэрэглэхгүй, Columbia, Patagonia, Under Armour ч юм уу хэдэн спортын брэндээ өвөл зунгүй, хаа сайгүй өмсөж харагдах юм. Тэр үнэтэй, чамин брэндүүдээ гадны ялангуяа азийн зах зээлд борлуулдаг бололтой. Emily in Paris дээрх шиг нүүр амаа бүлтэртэл будаж, шунхдаж, өдөр болгон л үдэшлэгт явах гэж байгаа мэт дэгжин хувцаслаж харагдсан нэг ч америк хүн харсангүй, маш энгийн, даруу, хээгүй байдал нь үнэхээр амар санагдсан.
Өөртөө арчаатай байхад буруудах зүйлгүй ч цаг хугацаагаа, энергиэ хувцас хунар сонгож, хооронд нь зохицуулж өмсөх, харагдах байдлаа өнгөлөн чимэхэд зарцуулах нь цагийн гарз санагддаг бололтой. Би лав өсгийт өмссөн, шинэ жилийн хөтлөгч үү гэмээр хослолтой профессорууд харж байсангүй. Өө тэгээд тэр трифт дэлгүүрээс л бүх хувцасны хэрэгцээгээ хангадаг ш дээ гэж ярих нь энүүхэнд.
5. Энэ хэсгийн бичвэртэй олон хүн санал нийлэхгүй байж мэдэх ч таргалалт бол хөдөлгөөн хомс, хэт боловсруулсан хоол хүнс их хэмжээгээр том хотуудад түлхүү анзаарагддаг юм байна лээ. Анзаараад байхад хүйтэнд шорт, повдолктой өглөө оройгүй гүйж, шогшиж, дугуй унаж харагдах юм. Амьдралын чанар, цаг агаар, агаарын бохирдол, стресс гээд 50, 60 нас гараад манайд өвчний үүр болоогүй, цоо эрүүл чийрэг хүн маш ховор байдаг. Энд бол 70, 80 хүртлээ ажиллаж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, найз нөхдөөрөө фитнест явж, усан сэлэлтээр хичээллэж эрүүл чийрэг байж, амьдралдаа enjoy-дох бүхийд зүйлсийг хийж харагдах юм.
Ойрд монголоороо бичээгүй уджээ, мэдрэмжээ ингэж тухлан буулгах нь ямар гоё байдаг юм бэ? Цаг гарган уншсанд баярлалаа, хэрэгтэй гэж үзсэн хүмүүстээ хуваалцаж, clap дарж дэмжээрэй pls.
Далайг хэр хүн байна гэж асуувал хөлөг онгоцтой хүн, явган хүн, уулын оройд буй хүн, далай хэзээ ч үзээгүй хүн өөр өөрийнхөө харах өнцгөөр хариулна байх.
Тиймээс энэ зөвхөн хагас жил сурч буй миний л анзаарсан өнцөг, тунгаасан бодол тул уншигч таныхтай зөрвөөс өөрийн бодол, эргэцүүллээ хуваалцвал баярлах болно.
Дараагийн бичвэрээр түлхүү академик орчны соёл, etiquette, ойлгож анзаарсаа хуваалцна аа.