Metaskills: Хиймэл оюун ухааны эринд түүчээлэх 5 ур чадвар /номын товчлол/
Аж үйлдвэрийн эринд хүмүүс асуудлыг хэрхэн жижиг хэсгүүдэд хуваахыг суралцсан ч эдгээр жижиг хэсгүүдээс хэрхэн шийдэл боловсруулах чадварт суралцаж амжсангүй.
Хиймэл оюун ухаан, роботууд масс үйлдвэрлэл, эрүүл мэнд, санхүү, зам тээвэр гэхчлэн нийгмийн бүхий л салбарт нэвчиж хүний оюун ухаан, чадвараас давсан таскууд, нарийн тооцооллуудыг хийж, виртуал хотууд бий болж хүмүүс өөрсдийн хүсэмжит хувилбар болох аватар дүрээ бүтээн тэндээ амьдрал зохиож байна.
ChatGPT тэргүүтэй AI-ууд мэдээ, нийтлэл, илтгэл, эрдэм шинжилгээний өгүүллүүд бичихээс авахуулаад, пресентац, график дизайн бэлдэж тэр бүү хэл сурагч, оюутнуудын их дээд сургуулийн өргөдлийг бэлдэж эхлэв.
Дэлхийн аль бөөрөнд байхаас үл хамаарч хүмүүс виртуал ертөнцөд болзож, хамт ажиллаж, бодит амьдрал дээр авах мэдрэмж, боломжийг төвөггүйхэн хүртэх болов.
Үүнийг дагаад хүмүүсийн эрхэлж ирсэн ажлууд үгүй болж, мэдээлэл боломжид ойр хүн амын цөөхөн хэсэг нь хөрөнгөжиж үлдсэн хэсэг нь хоосорч, боломжийн тэгш бус байдал, дижитал хуваагдлын нөлөөгөөр гаарсаар.
Gym-дээ дасгал хийж байхдаа Meta Skills номын хураангуйг аудиог сонсоод сонирхолтой санагдсан тул файлыг нь олж авч уншаад хуваалцахгүй байж боломгүй санагдаад гол санааг нь хураангуйлан хуваалцаж байна.
Зохиолч, дизайнер, бизнесийн зөвлөх Marty Neumeier-ынхаар хүн төрөлхтний асуудлууд шийдвэрлэгдэх боломжгүйд бус, харин бидний ур чадвар гологдож буй нь асуудлын шалтгаан гэж тодорхойлжээ.
Тиймдээ ч асар хурдтай хувьсаж буй нийгэм, шийдвэрлэх асуудлууд урд хожид байгаагүйгээр олширч буй энэ эринд зохиолч Neumeier Meta skills номоороо дамжуулан ирээдүйд эрэлттэй дараах 5 ур чадварыг гаргууд эзэмшихийг санал болгож буй.
Эдгээр чадваруудаа хөгжүүлснээр та асуудал шийдэх хэвшмэл, тогтсон хандлагаа динамик, том дүр зургаар хардаг хандлагаар сольж, хиймэл оюун ухаан, алгоритм, роботуудаас 2,3 алхмын урд алхах төдийгүй илүү бүтээлч, утга учир, адал явдал дүүрэн амьдрах боломжтой хэмээн зөвлөжээ.
Зохиолч “Мета ур чадварууд бол тунхаг төдий зүйл биш алсын харж буй манлайлагчид, бодлого тодорхойлогчид, энтерпренерүүдийн луужин, харин инженер, дизайнер, шинжлэх ухаанчид, уран бүтээлчдийн хувьд бүтээлч байдлыг амин сүнс” хэмээжээ.
Тиймдээ ч үл тасрах хувьсал, хөгжлийн эринд амжилт гаргахын тулд дараах 5 мета ур чадварыг хөгжүүлэх хэрэгтэй болно.
*FEELING/Мэдрэмж: бусдыг сэтгэлээрээ ойлгож энэрэх чадвар болон зөн совин
*SEEING/Зураглах чадвар: Cистемчлэх сэтгэлгээ буюу аливааг том дүр зургаар харах, илүү гүнзгий хийгээд илүү холыг харах чадвар
*DREAMING/ Мөрөөдөх чадвар: Төсөөллийн биелэл
*MAKING/ Бүтээх чадвар: аливааг зохиомжлох, тестлэх
*LEARNING/ Сурахад суралцах, бие даан тасралтгүй хөгжих, сэргээн санах, үеэ өнгөрөөсөн мэдлэг хортой хэвшмэл хандлагыг үл сурах, өөрийгөө чөлөөлөх чадвар
FEELING/Мэдрэмж
Өөрийн оюундаа эргэцүүлж, ухаж ойлгохгүйгээр хуулах, цээжлээд шалгалтын дараа мартах, аялдан дагалдах, өндөр оноо авахыг шахаж шаардсан “үеэ өнгөрөөсөн” сургалтын арга барил гэрлийн хурдаар хувьсан буй энэ цаг үед хамгийн эрэлттэй ур чадваруудын нэг болох бүтээлч байдлыг үгүй хийж буйг зохиолч онцолжээ. Аж үйлдвэрийн эринд сэтгэл хөдлөл бол хүний бүтээмж, чадамжийг үгүй хийдэг хамгийн сул дорой чадварт тооцогдож байв.
Харин өнөөдөр эсрэгээрээ сэтгэл хөдлөл, мэдрэмж бол хиймэл оюун ухааны эринд бүтээлч байдалтай салшгүй холбоотой хүчин зүйл болж байна. Бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийн зан төлөв, сонирхол, хүсэлд нийцэх бүтээгдэхүүн, үйлчилгээг зохион бүтээх, аливаа зах зээл хүний амьдралын чанарыг дээшлүүлэх шийдлийг хэрэгжүүлэхээр уралдаж байна. Иймд EQ-г хөгжүүлэхгүй аваас “жалганаасаа” холдох боломжгүйг зохиолч сануулдаг.
SEEING/Зураглах чадвар
Ирээдүйд хүлээж, найдаж байгаа тэрхүү тааламжит үр дүнг бид зорилго хэмээдэг.
Сэтгэл хөдлөл бүтээлч байдлыг удирддаг шиг, аливаа бүтээлийг гүйцэтгэл, ажлын чанарыг бидний алсын хараа, зорилго тодорхойлдог. Асуудлыг хэрхэн хүлээж авч буй хандлага тэдгээрийг хэрхэн шийдвэрлэхийг арга замыг тодорхойлж байдаг.
Номын энэ бүлэг нь жаахан нуршуу, ойлгомжгүй санагдсан тул гүйлгэв. Миний ойлголтоор тодорхойгүй нөхцөл байдлыг тодорхой болгож харах, сэтгэх , бусдыг өөрийн шийдэл, алсын хараандаа итгүүлэх, алив асуудлыг framework-т оруулах буюу хэв шинжийг зураглаж чадах түүндээ итгэх чадварыг хэлж буй бололтой.
DREAMING: Хил хязгааргүй мөрөөдөх нь
Өнөөдрийн нийгмийн хөгжил дэвшлийн суурь бол хамтын мөрөөдлөөс эхтэй.
Карл Бенз анхны машиныг зохион бүтээж, ах дүү Райтс анхны онгоц зохион бүтээж, Тесла дэлхийг эрчим хүчээр хангах цахилгаан системийг бүтээж, Стив Возниак анхны ширээний компьютерыг бүтээж, Марк Зукерберг биет хил хязгаарыг үгүй хийж хүн төрөлхтнийг холбож, Илон Маск нэгэн цагт фантаз байсан цахилгаан машин, сансрын аяллыг бодит болгож байна.
Мөрөөдөж чадаж байгаа хүн бүтээж чадна. Төсөөлөл бол бүтээлч сэтгэлгээний үндэс. Боломжгүй зүйлийг бодит болгон сэтгэх, итгэн үнэмших, сэтгэх түүнийгээ гүйцэлдүүлэхэд чиглэсэн ур чадварыг аль ч боловсролын түвшний институтэд суулгахгүй байгаад зохиолч багагүй шүүмжилжээ.
Орчин үед бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийн сэтгэл ханамж, зан төлөв, бүтээгдэхүүний чанарыг илүүд үзэх болж бүтээлч байдлыг үйлдвэрлэл, үйл ажиллагааныхаа чухал хэсэг гэдэгт итгэж эхэлж байна. Тиймээс өнөө цаг үеийг мөрөөдөгсдийн эрин үе гэж хэлэхэд буруудахгүй.
Тиймээс та бүтээлч сэтгэлгээгээ хэр зэрэг хөгжүүлж, ашиглаж чадахаас роботтой өрсөлдөх энэ эрин үед таны амжилт тодорхойлогдоно.
MAKING: Хэрэгжүүлэх нь
Хэрэв чи гараа бохирдуулмааргүй, асуудалтай зууралдмааргүй байгаа бол бүтээлч сэдэл огтоос төрөхгүй.
Жинхэнэ галзуу, бүтээлч санаанууд эмх замбараагүй, ойлгомжгүй байдлаас төрдгийг зохиолч онцолжээ.
Асуудлыг цар хүрээг хязгаарлаж, асуудалтай холбоотой хэрэгцээгүй мэдээллийг цэвэрлэж, хэрэгцээтэйг нь зөв ангилж эрэмбэлэх нь шинэ боломжийн түлхүүр болж, хэрэгжүүлэлт болон шийдлийн уялдаа холбоо болох болно.
Тэрээр оюун санаандаа шинэ санаагаа удаан хадгалах тусам анхны мөн чанараа алдаж, өнөөх догдлол, эрмэлзэл сарниж эхэлдэг. Иймд хамгийн чухал зүйл нь зүрхшээхгүйгээр бодсоноо хэрэгжүүлэхийн төлөө алхмууд хийхийг энэ бүлэгтээ зөвлөсөн байна.
*LEARNING/ Сурахад суралцах нь
Суралцах нь илүү бүтээлч болох хамгийн дөт зам юм.
Бүтээгчид мэдрэхэд суралцдаг, зураглахад суралцдаг, мөрөөдөхөд суралцдаг мөн хийхэд суралцдаг. Тиймээ ч аливаад суралцах чадвар бол шинэ эриний хамгийн чухал чадваруудын нэг.
Өнөөгийн боловсролын систем сурагчдын хүсэл тэмүүлэл, суралцах үйл явцаас авах авах зугаа, таашаалыг үгүй хийж байна.
Тэгвэл суралцах илүү үр дүнтэй аргачлалд юу багтах вэ?
Хийж, турших байдлаар суралцах: Аливаа заалгасан судалсан мэдлэгээ практик дээр туршсанаар үзвэл илүү хурдтай суралцахаас гадна тухайн мэдлэг илүү үлдэцтэй байна.
Зөв ажлаа олж хий: Бид хийж буй ажлаасаа алхам тутамдаа суралцсаар байдаг. Хэрэв та хийж буй ажилдаа дурлахгүй бол түүнээс юу ч сурахгүйгээс гадна хамгийн аймшигтай нь цагаа гарздаж буй хэрэг юм.
Суралцах дадлыг , сэтгэлгээг бий болго: Үр дүнтэй суралцах арга барилаа олох, сурсан зүйлээ үе шаттайгаар давтах нь хүсэж буй ур чадвараа эзэмших, зорьж буй оргилдоо хүрэх түлхүүр.
Зорилго, мөрөөдөлдөө бүрэн төвлөр: Бүтээлч байдал, амжилт бол анхаарал төвлөрлийн үр шим гэх хэлж болно. Бүхий л анхаарлаа хийж буй зүйлдээ зориулж чадсан нэгэн шинэ санаа, шинэ бүтээл, төслөө хэрэгжүүлж, зорьж буй оргилдоо хүрч чадна.
Олон шинэ бүтээлч санаануудыг хооронд нь холбож, гагнах үйл явцыг бүтээхүй, бүтээлч байдал гэнэ. Энэ нь сатааруулагч зүйлсийг ялгаж сурах, чухал зүйлст төвлөрч бүтээж эхлэхийн үндэс юм.
Дүгнэлт:
Өнөөгийн боловсролын систем эдгээр мета ур чадварыг заахгүй байгаа нь хүн төрөлхтний хөгжлийн тушаа болж байна. Бүтээлч сэтгэлгээг үл ойшоодог аж үйлдвэржилтийн үеийн сэтгэлгээ, хандлага өнөөгийн нийгмээс шувтарч бүтээлч байдал гол цөм болон ноёлсон цаг үе эргэж байна.
Иймд тус номын гол санаа нь та ямар салбарт ажиллахаас үл хамааран зах зээлд ноёрхож буй дээрх ур чадваруудыг хөгжүүлэх нь ирээдүйд бэлтгэгдэх тэргүүн шаардлага гэвэл хилсдэхгүй.