My year in review 2020
Хүн бүрийг догдолуулж, зүрх сэтгэлийг нь баяр хөөрөөр бялхуулдаг арванхоёрдугаар сар өндөрлөж байна. 2020 оныхоо ололт амжилтаа дүгнэж, алдаа сургамжаа цэгнэн, гомдол хорсол байх аваас умартаж, сэтгэл зүрхээ ариусган, эрч хүч, урам зориг, хайр энэрлээр өөрийгөө дүүргэн шинэ оноо угтахад бэлдээд завгүй байна уу. Ингээд энэ жил миний амьдралд тохиосон онцлох үйл явдлууд, ухаарал, амжилт гээд 2020 оноо хэрхэн дүгнэснээ хуваалцахаар шийдлээ.
My highlights in 2020
Ам мөлтөс гадагшаа аялж амжсан нь
Компанийнхаа шилдэг ажилтнаар шалгарч Тайландын Букет арал руу аялах аяллын эрхээр шагнуулав. Тайландын аялал хойшлогдсон тул захирал маань Туркийн Анталъя аялах сонголт байгааг хэлэхэд эгчтэйгээ уулзах далим тохиосон тул өмнө нь үзчихсэн ч гэлээ уухайн тас хүлээн авлаа. Ийн хоёр дахь удаагаа газар дундын тэнгисийн сувд гэгдэх Анталъяг зорихдоо хоёр жил уулзаагүй эгчтэйгээ уулзаж, өмнө нь үзэж амжаагүй үзэсгэлэнт Памуккаллег үзэж, домогт хатан Клеопатрагийн рашаанд орж, ангараг гарагийн хөрстэй хамгийн ойролцоо хөрстэй гэгддэг Салда нуурыг үзэж, оникс чулуу болон дарсны үйлдвэрээр зочилж амжлаа.
Гадаад аялж галуу шувууны мах идэх нь үлгэр домог болж хувирна чинээ хэн санах билээ дээ. Биднийг ирсний дараахан цар тахал газар авч, хил хаагдсан юм. Жил болгон цоо шинэ газрыг нээх зорилгыг минь биелүүлж өгсөн захиралдаа баярлалаа.
Төрөгдөл: Аялал жуулчлалын компанийн хөтөлбөр нь хувиараа аялсантай харьцуулахад олон газар үзэж, цаг хугацаа, зардал хэмнэж болох ч над мэтийн адал явдал явдал эрэлхийлэгч бадарчинд аяллын хөтөлбөрт баригдаж, жуулчдыг халаасыг хоослох дэлгүүр хэсэхэд их цаг зарцуулж адал явдал эрэлхийлж, хүссэнээ хийж чадахгүй байсан нь таалагдаагүй.
Дуртай зүйл биш ч хэрэгтэй зүйлээ хийж туршлагажсан нь
Бүтэл муутай, ханаж цадахаа мэдэхгүй увайгүй хэдэн улс төрчдөөс болсон уу бүү мэд улс төр хэзээд миний хувьд сонирхолгүй сэдэв байсаар ирсэн. Тэгтэл улс төрийн пр-ын ажил хийх даалгавар оногдох нь тэр. Мэдээж ажил учраас минь дуртай, дургүй байх нь хамаагүй оногдсон хийх л ёстой болж судалгаа, анализ хийж, сурч мэдсэнээ амьдрал дээр хэрэгжүүлж ажиллаж үзэв. Аль нэг талыг, хэн нэгнийг дөвийлгөх хувийн үнэт зүйл, зарчмын үүднээс аваад үзэхэд guilty санагдсан авч улс төрийн пр гэх олон зуун жилийн турш дэлхийд хэрэгжиж буй практик, салбар шинжлэх ухааны тоглоомын дүрмийн арга тактикт суралцаж, зах зухаас нь туршлага хуримтлуулав. Гэрлийн хурдаар өөрчлөгдөж буй нийгэмд өөрлөлтөд асар хурдацтай дасаж зохицох чадвартай, ул болж үеэ өнгөрөөсөн мэдлэгийг үл сурдаг, бүтээлч сэтгэлгээ, зөв хандлагатай байвал туршлагатай гэгдэх хэн хүнээс ч илүү үнэлэгдэж болохыг ойлгосон.
Тууштай байдалд өөрийгөө сорьсон нь
48 өглөө эртлэн гүйж үзсэн нь
Дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэн өглөө болгон гүйх чалленж эхлүүлжээ. Цастай, бороотой, сараа эгчтэй зэрэг өдрүүдийг үл ажран тасралтгүй биш ч гэлээ 3 сарын арай хүрэхгүй хугацаанд 48 өглөө эртлэн гүйжээ. Хамгийн эрчимтэй гүйсэн үе буюу тавдугаар сард 22 өглөө гүйжээ. Харамсалтай нь зургаадугаар сарын 20-ны өдөр өглөө гүйдэг хөлбөмбөгийн талбай дээрээ очтол өндөөр гэгчийн хашаа бариад цоожилчихсон угтсан юм. Уг нь өглөө нэлээн хэдэн хүн энд гүйж дасгал хийдэг байсан сан. Өглөө ямар бөбөөчин нь ийшээ орж архи уув л гэж дээ үнэхээр логикгүй шийдвэр гаргадаг махан толгойтнууд шүү. Маргааш өглөө нь заавал гүйнэ гээд хашаа давж байгаад унаад өвдөгөө хөхрүүлээд гүйхээ зогсоосон байдаг юм. Ингээд хөх няц өвдөгтэй, бүдүүн шилбэтэй үлдсэн ч гүйсэн өдөр бүхэн өөрийгөө ялсан мэдрэмж авч, аз жаргал эрч хүчээр бялхаж байдаг байлаа.
Ууланд тууштай алхагч болов
Байгалийн үзэсгэлэн эрчим энергид нь ховсдуулж найзуудаа ууланд хамт алхахыг уриалж нэг үзнэ, хүчилж нэг үзнэ, нүд мүд нь аниатай чигээр нь хүчээр дагуулж алдаг оног ууланд алхдаг байлаа. Өнгөрсөн жилийн хугацаанд хамт алхахаар тохирсон хүмүүстээ хулхидуулж гурван удаа уудаа ганцаар ууланд алхаж үзсэн байдаг юм. сард хөхөө өвлийн хүйтнийг үл ажран өдөр болгон тууштай ууланд алхаж буй Бамбар гэх мундаг, тууштай ахтай өнгөрсөн тавдугаар танилцаж урам зориг авч, жинхэнээсээ алхагч болох эхлэл тавигдсан. Тийн Бамбар ах бид 2 ууланд алхах сонирхолтой хүмүүсийг нэгтгэхээр “Эрүүл, эерэг Монгол” нэртэй фэйсбүүк групп нээж өдгөө 7000 гишүүнтэй, идэвхтэй 40 гаруй алхагчтай өнөр гэр бүлийг үүсгэсэн. Уг нь амралтын аль нэг өдөр ууланд алхах зорилго тавьсан ч аялал, зугаалга томилолттой, хөл хориотой, эрт унаа олдохгүй байх зэргээс шалтгаалан 2020 онд нийтдээ 20 өдөр ууланд алхжээ. 52 долоо хоногийн 20 өдөрт нь Богд уулаар доншуучилжээ. Дажгүй шүү. Ирэх ондоо 40 өдөр ууланд алхаж зүүн оргил руу 25 минутанд гардаг болно гэсэн зорилт тавиад байгаа.
Өглөөний хүн болох “дасгалчин болох” аялалд гарсан нь
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн өглөө 6:00-гаас өмнө босох чалленж эхлүүлж алдаг оног сэрж, өглөө гүйж, англи хэлээ давтав. Үндсэндээ зуны саруудад аялал зугаалга гээд тасарсан ч гэлээ чадахаараа эрт сэрж л байв. Гэхдээ зорилго минь хэмжиж болохуйц хэмжээний нарийн тодорхой бус, хамтрагчгүй байсан тул өдөр бүр амжилттай хэрэгжүүлж чадахгүй байлаа. Харин арваннэгдүгээр сарын дундаас хөл хорионы үеийг ашиглаад он дуустал өөрийнхөө арай дээр хувилбарыг бүтээхээр яг 30 өглөө 6:00-цагаас өмнө босжээ. Эрт босох хамгийн чухал дадал бол эрт унтах гэдгийг мэдэрч, орой 10:40 гэхэд орондоо ордог болсон. Үүний ачаар англи хэл дээр нэг бүтэн ном уншиж дүүргэж, Lingors-ийн марафонд оролцож нийтдээ 100 гаруй мянган үг уншжээ./сонссон номыг оролцуулахгүйгээр/. Мөн арваннэгдүгээр сард 11 өдөр дасгал хийсэн бол арванхоёрдугаар сард ням гараг болгон ууланд гарч нэг ч өдөр алгасахгүй дасгал хийжээ. Ингэхдээ өглөө, оройд гээд 2 удаа хийсэн ба 6 өдөр л өдөрт нэг удаа хийсэн байна. Үүний үр дүнд 1.5 кг хасаж чаджээ. /аль болох эрүүл хооллож, 2 өдрөөс бусад өдрүүдэд 6 цагаас хойш хоол идээгүй болно ххэ/. Хүн хэзээ, хаанаас эхлээд хаана ч хүрч болохыг би өөртөө мэдрүүлсэн юм. Үүнд хамгийн чухал хүчин зүйл бол ижил хүсэл тэмүүлэлтэй, тууштай хамтрагчаа олох нь ганц өдөр яав л гэж хэмээн өөртөө чөлөө өгөх, замынхаа дундаас няцахгүй байх, урам зориг дүүрэн зорилго өөдөө тэмүүлэхэд хөшүүрэг болдог аж. Энэ дашрамд маш мундаг willpower-той, гялалзуур, эрч хүч нь халгиж байдаг, тууштай хоёр хамтрагч Цээнээ болон Далай эгчдээ амьдралд минь орж ирж, өөрийнхөө илүү сайн хувилбарыг бүтээх аялалд минь нэгдсэнд хичнээн их баярлаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй.
30 өглөө хүйтэн шүршүүрт орсон нь
Дасгал хийж эхэлснээс хойш өглөө болгон хүйтэн шүршүүрт орох дадал бүтээжээ. Гагцхүү ууланд гардаг өдөр хүйтэн шүршүүртээ ороогүй байна. Хүйтэн шүршүүрт ордог болсноор, сэтгэл зүйн хувьд илүү хүчирхэг тэвчээртэй болж, хуянгаа тарааж, ханиад томуу тусахаас сэргийлэн дархлаагаа дэмжиж, орондоо орохын төдийд унтдаг болж чадсанаас гадна тодорхой хэмжээнд жин хасаж, арьс минь зүгээр л торго шиг толигор болсноос гадна ертөнцийг эргүүлж дийлэх эрч хүчтэй болсон үр дүн ажиглагдсан шүү. Өнгөрсөн жил 7 хоног л хүйтэн шүршүүрт ороод шантарсан, ингэхдээ нэг минутаас хэтэрдэггүй байсан бол одоо 2–5 минут ордог болсноос гадна энэ удаад хүйтэн шүршүүрийг шүдээ угаадагийн адил өдөр тутмын дадал болгохыг зорьж байна.
Үсээрээ тоглож өнгөрүүлсэн өнгөлөг жил ххэ
Солонгон үст үүлэн үст, малина гээд дуудуулаад сийхгүй тууж явлоо. Яадаг юм цусс 50 хүрсэн хойноо ингэж будуулж, дэгэж дэрвэж явж чадахгүй хойно залуу, тэнэг байхдаа олон өнгөөр будуулж дүр төрхөө өөрчилж үзэв. Нэг хэвийн амьдрахад залуу нас дэндүү хайран биз дээ хэхэ. Цоглог амьдарнаа хэдүүлээ ккк.
Очиж үзээгүй 6 аймгаа үзсэн нь
Хар зүрхний хөх нуурыг үзсэнээс биш Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж үзээгүй байлаа. Харин энэ жил ажлынхаа далимаар хурдан хүлгийн тэнгэр нутаг Сүхбаатар, Хэнтий аймгийн үзэж, амьдрал ахуйтай нь танилцах боломж тохиов. Мөн компанийнхаа зугаалгаар Дундговийн Цагаан суварга, Өмнөговь аймгийн Хонгорын элс, Ёлын амыг үзэхдээ эх орныхоо үзэсгэлэнг сэтгэлдээ бахдаж бүх аймгаар аялах хүсэл төрж билээ. Говийн аяллаасаа буцаж ирсний дараа наадмын амралтаар удаан уулзаагүй найзтайгаа уулзаж сэтгэлээ дэвтээнгээ Монголын хөх сувд Хөвсгөл нуурыг үзэж, хөвчийн үзэсгэлэнт байгалийг биширч ирэв. Ганцаар зөрсөөр байж наадмын амралт тааруулж товлосон, хүсэн хүлээсэн аяллын минь хугацаанд тэнгэр өдөр шөнөгүй усан нүдэлж, найзуудтайгаа үүрэг хариуцлагаа тодорхой ярилцаагүйгээс үл ойлголцох асуудал гарах гээд хүлээлтийн минь дөнгөж 20 хувьд хүрсэн байдаг юм. Гэхдээ хэдийд Хөвсгөл рүү аялах нь тохиромжтой байдаг, сэтгэл санаа нийлсэн хүмүүстэйгээ аялах нь ямар чухал болохыг дараагийн удаа аялал зохион байгуулахад юуг анхаарах ёстой зэрэг маш том сургамж авав. Үүний дараа ээлжийн амралтаараа нутаг буцаж, өвөө эмээгийнхээ зуслан, тоглож өссөн Цэнгэлхайрхан уулаа зорьж, очиж үзээгүй газруудаа өөртөө нээж, өвөг дээдсийнхээ овоонд очиж хийморио сэргээсэн нь бас нэг онцлууштай үйл явдал байлаа. Мөн намар ажлынхаа эгчийн хуриманд уригдан Өвөрхангай аймгийн төвийг үзсэн нь өөртөө нээсэн бас нэгэн цоо шинэ газар байлаа.
Мөрөөдөл минь тулгарах сорилт, тоочих шалтгуудтай харьцуулшгүй том байх учиртай
2020 оны санхүүгийн зорилгоо 100 хувь биелүүлсэн нь
Өмнө нь бага сагаар хуримтлуулдаг байсан ч амьдралын шаардлага, сахилга бат сул байсны дээр санхүүгийн элдэв асуудалд хүчин мөхөстөж хадгаламжаа хэд хэдэн удаа үрж орхисон сон. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард захирал маань ажилтан болгондоо ажил олгогчийн хуримтлалын данс үүсгэж өгсөн нь 2020 оныхоо хуримтлалын зорилгоо биелүүлэх үндэс болсон юм. Өдөр болгон 2000 төгрөг, заримдаа 1000 төгрөг ч болов хуримтлуулахыг зуршил болгов. Мөнгөтэй, цалин буусан үедээ 100 мянган төгрөг хийчхээд үлдсэнийг нь хүргэж амьдрав. Хувцас эсвэл элдэв хорхой хүргэм зүйлс, хямдрал зарласан бараа сэлт нүдэнд өртөөд авмаар санагдсан үедээ шууд л тухайн барааны үнийн дүнтэй дүйцэхүйц мөнгийг хуримтлалынхаа дансруу хийдэг болов. Үүний хажуугаар НДШ-ээс чөлөөлөгдсөн хугацааны цалин, байгууллагын урамшуулал зэргийг компаниас гар дээр олгохгүй хуримтлалын данс руу шилжүүлж байсан нь хадгалах урам зоригийг улам бадраасан. Үүний ачаар оны эцэст 2 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүсгэнэ гэсэн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, ирэх ондоо сар бүрийн орлогынхоо 30 хувийг хуримтлуулж, энэ дүнг хоёр дахин өсгөх боломжтой гэсэн итгэлийг өгсөн. Боловсролдоо хөрөнгө оруулах, европыг тойрон аялах аяллын минь хуримтлал түм бумаар үржих болтугай.
Хоёр дахь хамт олоноо олсон минь
Өнгөрсөн аравдугаар сард Ub Toastmasters клубийн гишүүн болж цоо шинэ гэр бүлд багтаж чадсан минь энэ оны онцлох олотын нэг яах аргагүй мөн байлаа. Англиар бүү хэл Монголоор илтгэл тавилгүй удсан миний хувьд олны өмнө илтгэлээ тавьж эхэлсэн минь өөртөө итгэх итгэл, бүтээлч сэтгэлгээг, англи хэлний ярианы чадварыг минь ахиулж, хором мөч бүр шинэ санааны эрэл хайгуулж хийж, бямба гараг болгоныг бүтээлч өнгөрүүлдэг болсон. Хамгийн гол нь ижил хүсэл зорилготой залуус бүхий шинэ хамт олонтой болж манлайллын ур чадвар болон англи хэлээ сайжруулах боломжийг шүүрч чадлаа.
15 ном уншсан нь
Энэ жил хувь хүний хөгжил, намтар, уран зохиолын гээд Англи, Монгол 20 ном уншиж зорилго тавьснаас 15-ыг уншжээ. Үүнээс онцлох ном гэвэл өөрийгөө удирдах хүч гэж юу болохыг тултал мөлжсөн судалгаа баримтаар дүүрэн “Willpower”, хором мөч бүрийг амтлан өнгөрүүлэх “Ичиго Ичие”, болон хязгаарлагдмал бодол, сэтгэлгээнээсээ чөлөөлөгдөж, үр дүнтэй суралцах, ажиллахад туслах “Limitless” зэрэг номыг онцлох бол харин уран зохиолын номын тухайд Хайрын дөчин дүрэм, өөрийн өвөрмөц ертөнц, сэтгэхүй, бичлэгийн ондоошлоороо уншигчдынхээ сэтгэл зүрхийг эзэмддэг Харуки Муракамийгийн “Kafka on the Shore”-ыг нэрлэнэ.
Ганц дайчин ганцаардахгүй
Нэг л өглөө босоод ирэхэд хамтдаа нэг зүг рүү тэмүүлж байсан аялагчид өөр өөрсдийн зам мөрөө хөөгөөд хөлгүй их далайд завин дээрээ ганцаар торойн үлдэх үе бий. Итгэж мөрөөдөж, танил дасал болсон бүхэн хормын дотор замхрах мөч мэдээж амаргүй ч ганцаар ч болов гэлдрэх сэтгэлийн тэнхээ зоригтой, ингэхдээ хаана гэрэл гэгээ байгааг олж харах алсын хараатай, зорилготой байх аваас асуудал мэт санагдаж буй зүйл хөх инээд хүргэх вий.
Овьёосжин болсон нь
Овёосыг сүүлийн нэг жил маш олон төрлөөр хэрэглэж, панкейк, овьёостой жигнэмэг, овьёостой капкейк хийж сурав. Аан тийм пицца болон аарцтай пирогийг хашраадаг болоод байгаа. Надад сайхан хандаж байвал тэгж байгаад хийж өгнөмз.
Shooting&editing ур чадвараа бага багаар ахиулж гэрэл зураг сонирхогчдын платформоо баяжуулав
Товчхондоо 2020 оны миний хувьд тавьсан зорилгуудаа 100 хувь биелүүлж чадаагүй, ковидтой байсан ч адал явдал, дурсамжаар дүүрэн хамгийн гол нь урд өмнө нь байгаагүйгээр тууштай байж, хандлага, сэтгэлгээний хувьд өөрийгөө цоо шинээр бүтээсэн, амжилт, ухаарлаар дүүрэн, олон гайхалтай хүсүүтэй танилцсан жил байлаа.
2021 он минь намайг илүү их сорьж хүчирхэгжүүлээрэй. Та бүхэнд шинэ оноо баяр жаргал, амжилт бүтээл дүүрэн өнгөрүүлж, олон гоё дурсамжийг бүтээгээрэй…
Lots of love….. 💞
Хэрэв бичвэр минь танд ганц ч атугай зүйл ухааруулж, бодогдуулсан болч 1-50 хүртэлх clap дарж, надад урам хайрлаарай. ххэ