Young, Dumb and Broke-Part 1-Xi’an

Explore with Jinji
11 min readJan 1, 2020

--

Travel is never matter of money but of courage

Shaanxi муж Xi’an хотын төвөөс 45 км зайтай орших Teracotta Warriors цогцолборын орчимд

Хувийн амьдралаа хэнтэй хуваалцах, цагаа яаж өнгөрөөх, ХЭН байхаа, ЮУ бодохоо, хэнээс ч үл хамааран, ЯАЖ амьдрахаа өөрөө шийдмээр байна…Оюун санаа, сэтгэлээ гадаад хүчин зүйлсээс үл хамаарах амар амгалан, энхжингийн орон байлгамаар байна.

2019.11.30

Амьдрал минь хулганы нэг л тойрогт гацчихсан юм биш биз? Нэг л зүйл дутуу? нэг биш ээ, нэлээд хэд ч байж мэднэ. Гэхдээ материаллаг зүйл огтоос биш билээ. За байз би юуг хайгаад байгаа билээ? Магадгүй дотрыг минь дүүргэж очтон гэрэлтэх ёстой тэр зүйл байж мэдэх юм. Бүр өөрийгөө огт ойлгохгүй үеүд байх юм… Үүн дээр аль багаас л соёлсон хөндүүр үе үе гарч хатгана…

Амьдрал хэмээх буйдхан өрөөнийхөө салхивчийг нээлгүй жил гаруй болсон тул огиудас төрөм, илжирсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Тийм ээ салхи оруулах цаг хэдийн болжээ.

Гурван жилийн өмнөөс жил бүр заавал нэг шинэ газар үзэх зорилго тавьж биелүүлж эхэлсэн ч ажилчин ангийн эгнээнд нэгдсэн сүүлийн жил цаг хугацааны тээрэмд нухлагдаад шинэ газар үзэх зорилгоо мартах шахжээ.

Тиймээс түр ч атугай сэтгэлийн хөндүүр, өдөр тутмын ялих шалихгүй асуудлаас хэсэг хором болов ч ангижран, эрч хүч шинэ санаагаар өөрийгөө цэнэглэн, зөвхөн өөртэйгөө байж болох тийм л газар луу явахаар зориглосон маань энэ.

Угтаа би зүүн өмнөд Азийн орнуудаар аялах санаа сарын өмнөөс тээсэн ч амралтыг минь хувааж олгох болсон тул 14 хоногт туугдан явахын оронд урд хөршөө хөндлөн аялахаар шийдэв. “Ядаж байхад яр” гэгчээр хэд гурван цаасаа хэмнэж ядан байхад нохойн минь нүд өвдөж, бас лаптопны цэнэглэгч шатчихаж, яалтай билээ өөрөөсөө харамлан байсан жаахан мөнгө рүүгээ сарвайн 130 мянгаар цэнэглэгч авч, нохойгоо эмчлүүлэв.

7 хоногийн дотор 3 долоо хоногийн нийтлэлээ майлахаас наагуур юм болж арайхийн дуусган хүлээлгэн өгч урьд шөнө нь ямар хотуудаар аялахаа эцэслэн шийдээд өглөө нь хуримтлуулсан өчүүхэн хадгаламж, амралтын мөнгөн дээрээ хамаатнуудаас зээлсэн хэд гурван цаасаа нэмж (1.3 сая) солиулаад 2 ээлжийн өмд, цамц, пүүз, дотуур хувцас, камер, хөл, ойр зуурын будаг шунх, замын турш хань болох ном, дэвтрээ цүнхлээд хам хум гарав.

Чадах чинээгээрээ минималист байдлаар ачаагаа бэлдсэн царай минь

Вокзал орох такси бариад түгжрэл дунд жолооч ахтай хуучлан хаа хүрэх гэж яваа хэрэг зориг юүгээ хэлтэл сүрхий хүүхэд вэ гээд вокзал үнэгүй хүргэж өгөв.

Галт тэргэндээ суухын алдад зүрхний найз Пүүжээ маань салхи татуулан гүйн ирж нэг уут баавар цай, 50 мянган төгрөг атгуулан үдсэн нь анхны соло аяллаа хийж буй намайг гаргаж өгсөн эхний хүн болов.

Эмэгтэй хүүхэд байж ганцаараа, дээрээс нь аялах төсөв, төлөвлөгөө ч гэхээр олигтой юм байхгүйг сонссон хүмүүс инээд, сэтгэл зовнилоо барьж ядан байсан юм.

Хэзээний ээжээс зөвшөөрөл авч үзээгүй зангаараа явчхаад ирье ээжээ гэхэд “Миний хүү өөрөө л мэддэг шүү дээ” гэх хоолойн өнгөнд жил шахам уулзаагүй охиноо хэд хоног ч болов хажуудаа байлгах нууцхан хүслийг нь мэдрэхийн цаагуур мэдэрсэн ч аялал гэгчид ухаанаа өгөөд туучихсан ачлалгүй өөрийгөө тогтоож дийлсэнгүй.

Бичих нь хааяа даа сэтгэлийн асар их тансаглал, аа харин заримдаа бодлоо цэгцлэн, үгс болгон нэрэх хэчнээн зүдэрмээр гэж санана. Харин одоо олон дэмий бодлуудаа эмхлэн, төлөвлөгөө, замбараа үгүй гарсан аяллынхаа тэмдэглэлийг эмх цэгцтэй болгох, авсан мэдрэмж бүрийг л алсарч одохоос нь өмнө сийрүүлэх гэж зүдэрч зууна.

Суусан цэцнээс явсан тэнэг дээр

Улаанбаатар-Замын үүд-Эрээн-Хөх хот- Шиан

Big wild Goose Pagoda орчим

Яарч сандран шал бэлтгэл дутуу гарсан амьтан хан үндэстний хошуунд халуунд хөлс нь цувж, хүйтэнд нусаа нааж явахдаа өмнө нь аяллын 2, 3 ч нийтлэл бичсэн атлаа туршлагын хувьд шал түүхий аялагч гэдгээ ахин дахин мэдрэв.

Замын үүд: Алтай нутгийн охинд нар уулсын цаанаас үнэгчлэх биш тэгш талаас олгойдох нь цоо шинэ үзэгдэл байв. Толгой өвдөөстэй. Шөнөжин хажуу местнийнхэн хашгичан хөзөрдөж, бас хачин нарийхан орноосоо унах вий гэх болгоомжлол, үүргэвч болон камераа алдахвий гэсэн айдсаасаасаа болж өвөртөлж унтсан би яахан тухтай унтаж чадах билээ. Бүгчим ч гэж жигтэйхэн. Биш ээ буруу ярьж байна. Би чинь тухлах гэж биш дотоод хийгээд гадаад ертөнцийн адал явдалын эрэлд гарсан аялагч шүү дээ.

Эрээнэнградаас шууд Бээжин орох төлөвлөгөөтэй байсан ч архаг аялагч найзын зөвлөснөөр Хөх хот орж тэднээсээ түүхэндээ олон удаа дундад улсын нийслэлээр сонгогдож байсан эртний түүхт Xian хотыг зорих болов. Аяллыг нарийн төлөвлөөгүй гарсан би жинхэнэ адал явдалд ийн хөл тавив. Тэнгэр газрыг зааг тодрон тодорсоор Замын Үүдэд хорвоогийн нэгэн өглөө ирлээ. 07:10 минутад галт тэрэгнээс буутал хүйтэн гэж жигтэйхэн. Хаалт, хил гаргана гэсэн унаанууд улаа үзсэн элээ аятай шавав ч автуус хямд байдаг гэж сонссон би хаширлаж вокзал орчмыг бүтэн тойроод автобусны зогсоол эс олов. Хавар намрын хальсан куртик, торон пүүзтэй тул даарахын эрхэнд 2000₮-ийн жижиг тэрэгт суун хаалтад ирлээ. Эндээс 50 юаны истанад суув. Эндээс л нөгөө адал явдал гээч нь эхэлнэ дээ.

Хил дээр очоод нөгөө тэргийг маань 40-өөд минут шалгаан оношилгоонд ороогүй гээд нэвтрүүлсэнгүй. Бидний цөөхөн Монголчуудыг “ хогхоноор” тэжээх, эсвэл бид олсон хэдэн цаасаараа эднийг тэжээх энэ хилийг хэзээнийхээр Монголчууд бүчин өглөөний 8 цагт амьдрал буцалж байна.

Штампаа даруулж гартал өнөө тэрэг маань явахгүй тул жолооч хүүхэн бидний гзамын унаанд дайчихав. Замын унаа яасан байх нь уу, хил гаргаад шидчихэв. Тэндээс хүний 5 юань гэх Эрээний таксинд суугаад зээл гэдэг зах дээр буув. Цуг явсан эгч энэ вокзал нь шүү гээд газар заасан юм. Таксидвал 6 юань л гарна гэв.

Ойрхон харагдсан тул алхаж очих гээд төөрч орхив. Мап ашиглах гэтэл сүлжээ барихгүй. Соло аялагч гээд өөрийгөө өргөмжилсөн атал хил давангуутаа 500 метр алхаад төөрч буй би арайхийн нэг аялал жуулчлалын компани олж очоод вокзалыг нь заалгаад очтол Хөх хот явар тасалбар дуусчээ. Арга мухардан байтал нас хэдийн 50 хэвийсэн ах саймширч хот хоорондын автуусны зогсоол руу хүргэж өгөхөөр болов. Таксинд явдаг гэнэ, 20 иод жил хойшоо техник зөөж, олон аймгаар явсан гээд нэг голын хүнээ харсан аятай баярлан урсаж гарав. Ах хүүд дугаар авах хэрэгтэйгээ хэлтэл өнөө салж унахаа шахсан гурван дугуйт тэргээрээ тэр хавийн үүрэн сүлжээний төвүүдийг самнан байж china telecom-д ирж тэндээс 100 юаниар дугаар авав. Нутаг ус хаана, хаашаа юу хийж яваа, найз залуутай эсэхийг хүртэл асуугаад амжлаа.

Сүүлдээ давраад хоол идсэн үү, ах нь хоолоор дайлъя, пийжүү уух уу гэж хуцдагийн би чинь тэгээд дуугаа өндөрсгөн “Үгүйээ би бууъя аа” гэв. “Ах нь муу хүн биш ээ та битгий буруугаар ойлгоорой” гээд уур нь хүрсэн бололтой автуусны буудлын наах нь буулгаад “Та өөрөө алхаад орчих тэр байна” гээд зааж өгөв. Тэндээс 12:30-д Хөх хот орох тасалбараа 95 юанаар тататунгадаж байж авчхаад хойшоо хартал үүргэвчтэй аялагч хос ард минь зогсож байв. Хөх хот орж, цаашаа Шиан руу зам нийлэх тул ханьтай болсондоо хөл хүрэхгүй баярлав. Стив Шотландынх, харин Жессика Америк аялагч байлаа. Онлайнаар англи хэл заадаг TEFL/TESOL зэрэгтэй, аялж эхлээд хагас жил болж буй хосууд аж. Долоо хоногийн ажлын 5 өдөр аялаад, амралтын хоёр өдөрт нь хичээлээ заадаг гэнэ. Яг л миний мөрөөдлийн амьдралаар амьдарч буй тэдэнд цагаахан атаархал төрөв. Монголд нэг сар амьдрахдаа аяллынхаа хугацааны талыг хөдөө өнгөрүүлсэн тэдэнд дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн нутаг таалагдсан нь ярианы өнгөнөөс илхэн.

Ээ чоорт Хөх хот орох автуусыг томхон тухтай автуусаар төсөөлж байтал хэдэн жилийн өмнө манай аймаг руу явдаг байсан паз автуусыг бодоход арай давгүй автобус байв. Дотроо чамлаж суусан автобус маань замдаа эвдрээд биднийг өөр автобусанд сэлгэн суулгав. Утасны 4G, татсан бүх VPN ажиллахгүй би ч хэдийн сэтгэлээр унаад эхэлсэн байв. Steve-ийн утсыг гуйж нетээс хайж арайхийн дата тохиргоог хийсэн атал vpn ерөөсөө болсонгүй. 19 цагийн үед бид Хөх хотод ирж биднийг гал тэрэгний буудал хүрэхгүй буулгачхав. Стив, Жесс бид 3 газрын зургаа харан алхсаар вокзалаа олж ирээд 225 юанаар торгоны замын эхлэл тавигдсан Шиан хот орох тасалбараа захиаллаа. Замын хоёр найз маань хооллох зуур би vpn- ий учрыг олохоор вокзалын ажилтнуудыг гуйц цаг гаран дээгүүр доогуур гүйв.

Ууртай тэнэгийн дотор ухна, ишиг үхлүүт…

Арай гэж нэг өвөр Монгол ажилтан эмэгтэйг олж уулзтал vpn- ийг чинь ажиллуулах ямар ч боломжгүй гээд холоос тээршаав. Харин англиар бага сага ярьдаг залуу надад тус болохыг ихэд хичээсэн ч vpn огт ажиллахгүй, baidu, bing зэрэг хятадад ашиглах хайлтын систем татах гэхээр мэдээж playstore орохгүй. Xian-д буудлаа захиалаагүй, цаашид нет орж чадахгүй, орчуулгын апп, татсан газрын зураг минь оффлайн үед ажиллахгүй тул арга мухардан нулимсаа барьж ядан өнөө хоёр дээрээ ирж энэ байдлаар цаашаа аялах боломжгүй тул буцах ухааны юм гоншигнотол тэр хоёр сэтгэлийг минь сэвхийтэл өргөөдөхөв. Яаж ийгээд Xian ороод интернет кафе орж учраа олцгооё гэлээ. Цаг үдшийн 9.40 болж байхад бид унталгын галт тэргэндээ суув, тэр хоёр надаас түрүүлж тасалбар авсан тул бид өөр купе байж таарав. Миний тасалгаанд үеийн гэмээр хятад залуу таарсан ч сониучирхан үг солих тэнхэл үлдсэнгүй. Өнөө хэдэн vpn-ээ дахин даин оролдон явтал аз болж yoga гээд vpn гэнэт ажиллаж би санаа зовнисон хүмүүсийн чатад даруй хариу өгөнгөө оффлайн үед ашиглах аппууд, хайлтын хөтөч, газрын зураг татаж буудлаа захиалж амжив. Даанч vpn ашиглаж байгаа болохоор дата хурд гэж үнэхээр суга байлаа. Уурласан, цөхөрсөн үед хүн эрүүл ухаанаар тунгааж чаддаггүй асуудлыг улам хүндрүүлээд байдгийг би өөрийнхөө жишээн дээрээс илхэн олж хараваа…

Хорвоо дэлхий ямар уужим юм бэ-ШИ-АНЬ

Улаанбаатараас гараад 2195 км зам туулж түүхийн амьд ном гэмээр Shaanxi мужийн Xian хотод саатав. 38.64 сая хүн амтай энэ хот хоёр мянганы түүхийг шинэ цагийн түүхтэй энэ тэнцүү хадгалан бахархалтай гэгч налайна.

Bell tower

Торгоны замын эхлэл, эртний Хятадын долоон нийслэлийн нэг, түүгээр ч үл барам Хятадын 6 төрт улсыг нэгтгэсэн Чин Ши Хуан хааны бунхан, 6000 гаруй торгон цэрэг, болон морьдын хөшөө, хараад л сүрдэм Хуашань уулаараа алдартай энэ хот сая сая жуулчны сэтгэлийг эрхгүй л булаах аж. Хятадын хөгжил цэцэглэлтийн оргил үе болох Хан болон Тан гүрний түүх соёлын охь хийгээд шавар цэргийн гайхамшиг болсон энэ хотыг үзэхгүй явбаас алдас болно.

Өглөө 10 цагт Шианд ирэв. Мэдээж VPN ажиллахаа больсон ч додигор амьтан галт тэрэгнээсээ бууж өнөө хоёртой зам нийлэхгүй тул салах ёс хийв. Ингээд маргааш шөнийн нэг цагт Жиан жиа жиеэ орох галт тэрэгний тасалбар бичүүлээд жуулчны мэдээллийн цэгт ирж буудлаа асуутал зааж өгсөн автуусны дугаар нь буруу байж таарлаа. Арга мухардан алхаж яваад чемодан чирсэн нэгэн аялагч байрын хятад залуутай таарч буудалдаа яаж хүрэхийг асуутал ганцаараа олоход бэрх хэмээн хүргэж өгөхөөр болов. 20 гаран минут автуусаар явж эртний Bell&Drum дуганы ойролцоо автуусны буудалд буугаад 10 гаруй минут алхаад буудлаа олов.

Соло аялагчтай таарвал чадахаараа тусалж ачийг чинь хариулнаа.

Check in хийх цаг болоогүй, ходоод хоржигнох нь жигтэй тул хамт хоол идэхээр ойрхон хоолны газар оров. Өнөөх маань англиар муухан ярих тул утасны аппаар бичилцэн ойлголцлоо.Видео камерний гэрэл худалдаалдаг компанид борлуулалтын ажилтан хийдэг тэрээр Wuhan хотоос Шианд томилолтоор ирсэн аж.

Хоолны цэс нь нэг ч латин үсэг бүү хэл зурагч үгүй тул гайхшран өнөө залууг чи захиал гэтэл хоёр шөл захиалжээ. Амт гэж амнаас унам, порц гэж аяганы ирмэгээс халим их тул шинэ танилынхаа урмыг хугалахгүйн тулд талыг нь хусчхав. Ингээд ойр зуурын яриа өрнүүлж байгаад талархсанаа илэрхийлж хэтэвчинд буй ганц нэрийн хуудсаа өгөөд зам замаа хөөв.

Dan dan noodle

Хожим Монголд ирж мэйлээ шалгатал чи миний анхны гадаад найз нтр гэсэн мэйл илгээсэн тул бид wechat хаягаа солилцон, дэвэн дэлхийн зүйлсийн талаар бичилцдэг сайн найзууд болсон.

Drum tower

Энэ хотод нэг бүтэн хийгээд хагас өдөр саатахдаа эхний өдөр Bell&Drum дуганыг үзсэний дараа уйгарчуудын гамбиран талх, зүсэн зүйлийн халуун ногоо, бэлэг дурсгалын зүйлс, торго хуар, чихэр сэлтэд төөрүүлэм муслим хоолны гудамжаар тэнэхдээ Пауэло Кэльогийн Алхимичийн Сантьяго хүүгийн дүрд хувирсан мэт л мэдрэмж төрж байв.

Muslim street

Үүнээс гараад Wild goose Pagoda буюу том галуун дуганыг үзэхээр явж байгаад Бээжинд амьдардаг, Турк гэр бүлтэй таарч хөл хөөрцөг болон хэд гурван үг сольж хаанаас метронд хаанаас суухаа заалгав.

Big wild goose Pagoda

Неон гэрлийн гайхамшигт гудамж, эртний сүм дуган, хиймэл гол, ший жүжиг, хэлхсэн сувд шиг үзвэр үйлчилгээний газрууд нүд эрээлжим.

Эгшиглэнт хөгжим намуухан уянгалж, тун чиг яруу сартай энэ үдэш түмэн жуулчин сэтгэлээ баясган, хөгшдүүд цуглан бүжиж дэрвэх нь янзтай харагдаж байлаа. Нэг мэдэхэд орой 11 цаг болсон тул буудал руугаа харив.

хөөрхөн гэж жигтэйхэн

Харин өглөө нь тааваараа босож усанд орж, цайлчхаад ачаагаа аваад галт тэрэгний буудал орж үүргэвчээ 10 юан төлж үлдээгээд Terracotta Warriors шавар цэргийн бунханыг үзэхээр явлаа.

1976 онд тус хотоос 34 км-ийн зайд амьдардаг нэгэн тариачин эр худаг ухаж байхад 5 метрийн гүнд нэг зүйл тээглэсэн нь terracota дайчдын бунхан байжээ.

Дэлхийн найман гайхамшгийн нэгт тооцогдох шавар цэргийн бунхан 20 гаруй мянган метр2 талбайг эзэлнэ. Хоёр мянганы тэртээд хамаарах 6000 гаруй шавар цэрэг, морьдын асан урлагийн эл бүтээлээс эртний Хятадын ахуй соёл, технологийн түвшин, ур ухааныг харж болмоор.

Жуулчны улирал хэдийн дууссан ч түмэн жуулчны хөлд дарагдан байлаа. Шавар цэргийн музей гэхэд л гурван том цогцолбороос бүрдэх аж. Хажуу хавирга нь битүү ой шугуйгаар бүрхэгдсэн цогцолбороос, нэг км орчмын зайд орчин үеийн худалдаа үйлчилгээний гудамж сүндэрлэнэ. Мань мэт нь үйлчилгээ авбаас үнэтэй тусах тул дэлгүүрээс авсан ус ундаа жимс, жигнэмгээ идэн явав.

Багахан мэдээлэл: Тус улс 2018 оны байдлаар дотоодын 142 сая жуулчин, 134 сая гадаадын жуулчин хүлээн 5. 98 триллион юаны орлого олжээ.

Өөртөө зориулж зөвхөн дурсамж л бүтээ, аялсан газраа гагцхүү хөлийнхөө мөр хийгээд сайхан сэтгэгдэл л үлдээ…

Ши ань хотын хотын төв хэрэм нь 1370 онд баригдаж эхэлжээ. Өдгөө Хятадад хадгалагдан үлдсэн хамгийн том, бүрэн бүтэн эртний хэрэмд тооцогдоно. Тус хэрэмний хажууд галт тэрэгний буудал байрлана.

Teracotta Warriors буюу шавар цэргийн цогцолбороос цаг орчим явж байж 20 цагийн алдад вокзалдаа буцаж ирэхэд хот хэзээнийх шиг л завгүй аахилна. Вокзал руу орох гэтэл үүдний тасалбар шалгагч ихэд санаа зовонгуй дуржигнуулаад оруулсангүй. Тасалбараа хартал надад өчигдрийн тасалбар биччихжээ. Яаж ч гуйж сөгдөөд нэмэргүй, дээрээс нь унтлагын бүү хэл суудлын галт тэрэгний билет дуусжээ.

Xi’an-д буудалласан 100 юаны хостел. Жуулчны улирал дууссан тул хямд хостелууд захиалсан ч азаар дандаа цэвэрхэн, өрөөндөө ганцаар байрлаж таарав.

Энд ахиад нэг шөнө хонох бол хостелд доод тал нь 100 юан төлж, цаг алдах тул standing галт тэрэгний билет авч 18 цаг тамлагдахдаа өөртөө таван салаа боов өгмөөр санагдав. би энэ амьдралдаа хэзээ ч мартахгүй. Хятадын хамгийн бүдүүлэг, оркуудыг ийшээ чигжчихсэн гэмээр. Сүүлдээ хувь тавиландаа эвлэрч явтал зам дагуу хотуудад хүмүүс буусаар үүрээр суудал олж суув.

Тийн явсаар орой 19 цагт хачирхам эгц уулс хадтай, байгалийн гайхамшигт тогтцын өлгий, тэнгэрийн хаалганы орон Жиан жиа жиеэ-д ирлээ.

Бяцхан зөвлөгөө:

Дундад улсаар аялахаар зэхвэл та интернетэд холбогдох боломжоо судалж бэлтгэлтэй гараарай.

  • Заавал татах аппууд: Хятадад ажиллах VPN-үүд. Хангалттай олныг татахад гэмгүй.
  • Google, Yahoo гэх мэт хайлтын хөтөч ажиллахгүй тул утсандаа Baidu, Bing зэрэг Хятадын хөтчүүдийг ашиглах.
  • Хэл мэдэхгүй бол оффлайн үед ажиллах орчуулгын апп судалж байгаад татах. Microsoft translate, Google translate, Itranslate,wechat гэхчлэн хэрэгтэй апп-уудыг мартахгүй утсандаа татаарай.
  • Оффлайн үед амь аврах ганц апп Maps.me-г татсанаар газар мэдэхгүй ч хүссэн газраа төвөггүй хүрэх боломжтой.
  • Халуун барьдаг аягатай явах. Guilin хотод хостелд буухдаа үе тэнгийн нэг хятад охинтой хамт байрласан юм. Цай хандлаад намайг дайлахаар аягаа аваад ир гэхэд аягаа гэртээ мартаад иржээ гэхэд, хүн бусад зүйлийг мартаж болно, аягаа яаж мартаж болно гэхэд ичсэн гэж жигтэйхэн. Дундад улсад хөгшин, залуу, хөдөө, хотын хэн бугай ч халуун барьдаг аягандаа ус, ногоон цайгаа ууж харагдана. Би усны сав ачааны нэмэр гээд орхисон тул өдөр болгон жижиг ус авсаар багагүй мөнгө үрчихсэн тул даруй усны аяга авч билээ.
  • Аялахаар төлөвлөсөн улсыг тань зорих гэж буй аялагчдын фэйсбүүк, lonely planet, meet up, message me,couchsurfing community зэрэг сошиал бүлгэмүүдэд элссэнээр өөртэй чинь адил аялж байгаа залуустай танилцаж, уулзалтад очиж, шинэ хүрээлэлтэй болох гайхалтай боломж юм.

Үзэсгэлэнт Жиан жиа жиеэ, тэнгэрийн доорх диваажин Guilin хотын тэмдэглэлээр удахгүй уулзацгаая. Саатан уншсанд гүнээ талархъя.

АЖИЛЛА, ХУРИМТЛУУЛ, АЯЛ, ЭНЭ БҮХНИЙГ ДАВТААД Л БАЙ…

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet