Explore with Jinji
4 min readAug 10, 2019

Долдугаар сараас ухаарсан долоон зүйл

Та нарынхаа аялж зугаалсан зураг, пост, сторины ачаар бараг л гадагшаа дотогшоо аялаад галуу шувууны мах идээд халуун чулуу атгаад хорхог шорлог, өрөм хуруудаа идчихээд, далайн эрэгт лонг айланд бийч коктэйл угаад хэвтээд байгаа юмаа. Хайртай шүү сошиал найзуудаа ооё. Заа уулзаагүй мааш удсан байна, уучлаарай. Энэ удаагийн блогоороо долоодугаар сараас ухаарсан долоон зүйлээ хуваалцаж байна. Үүнийг уншиж байгаа та ч гэсэн өнгөрсөн сараас ухаарсан зүйлээ сэтгэгдлээр хуваалцвал ихээ баярлах болно.

1.Ажилдаа гардаг цагаасаа нэг цаг түрүүлж гарвал гайхамшиг тохионо

Гэгээрлийн зам мөрийг хөөдийм билүү? гялс хариу..

Нээрээ шүү амлая найзуудаа. Би 9 цагаас эхлэх ажилдаа 8 гэж гараад автуус хүлээнэ, түгжрэнэ тэгээд 8.40, 8.50 хавьцаа ирдэг байвоо. Харин ажил маань агаарын йогтой болсноор өглөө гэрээс 7 цаг гэж гараад ажил дээр 7.30 гэж ирээд агаарын йог хийж байна. 8 цагт ид ажил эхлэх гээд түгжирч өгдөг байв. Харин өглөө босоод урд орой нь бэлдсэн хоолны материалаа гялс хуураад савлаад, хөнгөхөөн цайлчхаад нүүрээ будалгүй гарна. Ажилдаа ирээд дасгалаа эхлүүлэхийн өмнө 5–10 минут бясалгачхаад 30 минут йогоо хийчхээд 10 минут шавасана хийнэ.(бясалгалын байдалтай амарчхаад) Ажил эхлэхээс өмнө, хувцсаа сольж, нүүрээ будаж биеэ бэлдэнэ. Ингээд дэлхийг эргүүлэх их эрч хүчээр ажлаа эхлүүлнэ дээ.

2. Кофений машинд кофе чанаж сурав

Харин наймдугаар сард сүүг янзын хөөрүүлж, латте арт зурж сурах төлөвлөгөөтэй байгаа. Американо, эспрессо, капучино, латте, грийн теа латте хийж сурсан. Гаднаас хөөстэй сүү, 5–6к-гаар кофе авч уухаа болив.

3. Премьер про программ ашиглан анхан шатны хар монтаж хийж сурч байна.

Наадмаас хойш нэг бичлэгээ эвлүүлж байна. Арай л урт настай бичлэг үү гүү юу ккк. Заримдаа мик-ээ асаахаа мартаад баахан яриа авчихсан эсвэл санамсаргүйгээр хийж буй прожектоо устгана, буруу рендерлэнэ гээд л. Үзэж, таарч үсэрч наалдана. Яван чангарах байх өө…

4.Тэвчээртэй сонсож сурахад суралцаж байна

Хүмүүс хэдий надад таалагдахгүй юм ярьж, бодлоо тулгаж, намайг олны өмнө шүүмжилж, гарагийн юм шаардах үед сэтгэл минь хариугүй нурж унах гэж байсан ч юу ч болоогүй мэт инээмсэглэл тодруулж сурч байна. Хүн бүлгийн дунд ярих үедээ нөхцөл байдлыг эргэцүүлэхээс илүүтэй амьтныхаа инстинктээр өөрийгөө зөвтгөн авч гарах, ялсан мэт мэдрэмж авах гэж чичирнэ. Тийм хүмүүсийг давах бус ярих зүйлсийг нь авахыг нь аваад бусдыг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөхийг хичээж байна. Ийм үед өөрийн бодлоо батлах гэж оролдох шаардлагагүй, дотроо инээд, уур хүрч байсан ч тэвчээд л өнгөрсөн цагт та ямагт ялагч нь. Мэдээж ингэж бичихийн дайтай хялбар байсан бол сайхнаа. Ялангуяа над шиг хэн нэгний хэлсэн хатуухан үгийг хэдэн жил бодож шаналдаг, эмзэг хүний хувьд хатуухан үгийг мартах, сонсоогүй юм шиг л авирлах л чанга даваа аж.

5.Та эелдэг загнаснаар хэзээ ч хохирохгүй

Итгэж, хүндэлдэг, ойр дотны хэн нэгэн яаж ч гомдоож, надаас нүүр буруулж байсан ч би эргээд надаас тусламж гуйхад нь туслах, гуйгаагүй байсан ч сэтгэл гаргах нь дайны уужуу байх нь ямар гайхамшигтай болохыг ойлгож авлаа.

6. Хэнээс ч айхгүй зоригтой байх хэрэгтэй, шаардлагатай тохиолдолд зарим хүмүүсийг явуулж сурах

“Тэнхимийн хаалгаар өрөөсөн нүдээрээ шагайдаг, ийм зүрхгүй байж яаж сэтгүүлч болох юм! Та нар өнөөдөр ерөнхийлөгчтэй маргааш гэмт хэрэгтэнтэй, эсвэл хэргийн хохирогчтой уулзаж ярилцах хүмүүс” хэмээн багш маань загнаж байсан нь одоо ч чихэнд сонсогдсоор. Энэ нийгэмд амиа аргацаахын тулд хулчгар зангаа таягдан хаях хэрэгтэй аж. Гаднах төрхөндөө сэтгэл хангалуун бус, мэдлэг чадвартаа эргэлзэж, дотроо өөртэйгөө мянга зөрчилдөж байв ч үүнийг өөрөөсөө өөр хэнд ч харуулах хэрэггүй. Найз нөхөд, хамт олон, гэр бүлийн хүрээлэл д надад таалагдахгүй зүйл байвал хэлж, зориглож чадсаныхаа төлөө өөрт ашигтай шийдвэр гаргуулахад суралцаж байна. Зээлсэн мөнгөө өгдөггүй найз, тооцоон дээр мурьдаг найз гээд нэг нэгээр нь явуулж нөхөрлөлийн хүрээлэлд ч бас минимализмыг хэрэгжүүлж байна.

7.Өөрийнхөө нэвтэрхий толь нь л бай, гүйцээ

Хорвоо ертөнц, хүмүүс, шинжлэх ухаан таних мэдэхүй энэ бүгдийг таньж мэдэхээс урьтаж өөрийнхөө тухай нэвт мэддэг болох хэрэгтэй. Чи юунд уйлж, юунд баярладаг вэ? Чиний амьдралын утга учир юу вэ? Юуг илүү сайн чадах вэ? Хэзээ хамгийн бүтээмж өндөртэй байдаг вэ? Ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх вэ, Бие махбодынхоо онцлогийг мэдэж таарсан хоол хүнс хэрэглэх, ямар хувцас өмсөхөөр илүү өөртөө итгэлтэй болдог вэ?Алсын хараа, амьдралын зорилгоо тодорхойлоорой. Бид өөрийгөө хөсөр хаячхаад хэзээ ч бусдыг хайрлаж, бусдын төлөө юм хийж чадахгүй шүү дээ. Жишээ нь би айраг их хэмжээгээр уугаад ходоодоо айхтар өвтгөж, өдөр шөнөгүй тамлуулсны дараа айраг, сархад надад зохихгүйг мэдсэн юм. Харин байгаль, бясалгал, жазз ая, уран бүтээл, жаахан даварвал амттан, аялал, цагаан дарс зэрэг нь my thing гэдгийг энэ сард баттай ойлгоод авлаа…

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet