Ид, Залбир, Хайрла

Explore with Jinji
5 min readOct 21, 2018

--

Энэхүү адал явдалт хүнд нэгийг бодогдуулам аяллын тэмдэглэлдээ сэтгүүлч,аялагч америк эмэгтэй Элизабет Гилберт нь амьдралын утга учрыг эрэн 3 I- ийн орон буюу Итали, Энэтхэг, Индонез зэрэг улсуудаар жил гаруй аялсан тухайгаа өгүүлдэг.

Аваад хэзээ ч өмсдөггүй хувцас, илүү дутуу хэрэггүй эд хогшил гээд хэт материаллаг зүйлст төлдөг төлбөр, олон жилийн турш нэгэн хэвийн хийсээр ирсэн хугацаа давчуу туурвих ажил, ойр дотны хүмүүсээ асран тойлох гээд л бүхий л амьдралаа бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр дуусгах нь утгагүй санагдаж өөрийнхөө тааллаар амьдрахаар шийдэн нөгөөтэйгөөр нөхрөөсөө салж, бас нэгэн бүтэлгүй хайрын түүхтэй учирч шархалсан сэтгэл зүрхээ эдгээрээх аялалд гардаг.

ИД

амьдралын үнэн мөнийг олохоор өөрийгөө таньж мэдэхээр 32 насандаа амьдралаа цоо шинээр эхлэхээр зэхэж юу нь түрүүнд тамирдаж эцсэн сэтгэлээ илааршуулахаар, сонсголонт итали хэлийг сурахаар Италийн Ром хотыг зорьдог.

Энэ номын нэрний утга нь ч бүсгүй Италид урлагийн сайхныг тамшаалж элбэг хангалуун, хүссэн бүхнээ зооглож хаясан жингээ эргүүлэн авч(сүүлийн 3 жилд гэр бүлийн асуудлаасаа болж 15 кг турсан) сэтгэлийн шархаа эдгээн товчхондоо Италийг 4 сарын турш нь хөндлөн гулд нь аялж тансаг амьдралаар амьдарчхаад буцдаг. Энэ бүлгийг дүгнэвээс танд эцэг эх тань амьдрал хайрлалаа. Харин та хариуд нь хүн болж төрснийх амьдралын сайхныг амталж, мэдрэх үүрэгтэй.

ЗАЛБИР

Харин дараагийн аялал нь сүсэг бишрэлийг орон Энэтхэгийн Ашрам буюу мөргөлийн газрыг зорин 6 сар бясалгадаг. Тэрээр протестант гэр бүлээс гаралтай ч өөрөө буддын шашин шүтдэг. Гэлэнмээ эсвэл амьдын жаргалыг эдэлж чадахгүй нэгэн болохыг хүсэхгүй ч орчлонгийн оршихуйн чанарыг ойлгож бурхантай зүрхээрээ ойртохын тулд Энэтхэгийн ашрамд амьдарч үздэг. Ер нь Йог гэж юу вэ?бидэнд ямар хэрэгтэй вэ?

Санскритээр “нэгдэх, нийлэх” гэсэн утгатай. Энэ үгийн үндэс нь yuj буюу буулгад оруулах гэсэн утгатай үг бөгөөд зорьсон зүйлдээ буулгад оруулсан шар мэт зүтгэх хэрэгтэй гэсэн утгыг илэрхийлдэг байна.Йогийн гол зорилго нь оюун ухаан ба бие махбод, хүн ба бурхан, хүний бодол ба түүний шалтгаан,багш ба сурагч нарыг хоорондын чухам ямар уялдаа холбоо байдгийг олж мэдэх, сэтгэлийн амгаланг олон амьдрахад оршдог билээ. Өрнийн соёлд йогийг янз бүрийн байрлал аван зогсох дасгал хэмээн ойлгох нь түгээмэл. Дээр үед хүмүүс биеийн сунгалтаа сайжруулах төдийхнөөр бус харин бясалгал хийхийн өмнө бие сэтгэлээ чөлөөлж, бие халаахын тулд хийдэг байжээ. Йог гэдэг үгийн утга учир үүгээр үл хязгаарлагдана. Йог гэдэг бясалгал, дуугүй бясалгал буюу оюун санааны дияан бөгөөд аль нэг шашныг үгүйсгэн, сөргөлддөггүй. Та өөрийн ариун шүтээн Будда, Христ, Мухаммед, Кришна, Яавэтай ойртож нэгдэхийн тулд Йогийн бясалгалыг ашиглаж болно.

Йогийн мөрийг хөөнө гэдэг хүний биед орших төрөлхийн дутагдлыг үгүй хийх буюу дотоод сэтгэлийн амар амгаланг олоход саад болдог зовлонгийн эхийг үгүй хийхэд оршино.Үүнийг даосизм буюу бумбын шашинд оюун санааны тогтворгүй байдал, Буддын шашинд мунхагийн гай, Исламын шашинд бурхны сургаалийг үл дагасны гай, Христосын шашинд анхдагч буюу төрмөл нүгэл гэж тайлбарладаг. Харин йогчид хүн дотоод сэтгэлээ нээн хэн болохоо таньж чадахгүй байгаа нь зовлонгийн үндэс болдог гэж тайлбарладаг. Үхэхээс айх , өнгөрсөн амьдралдаа харуусах, алдаа дутагдал гээд хүн бүр өөрийгөө бусдаас ялгаатай гэж бодгаль гэж үздэг учраас өөртөө зовлон хураадаг ажээ. Бидний сэтгэлийн гүнд үргэлж энх амгалан оршдог.Бид өөрсдийгөө бусдаас онцгой, бие даасан хүн гэж үздэг учраас хувиа хичээсэн өчүүхэн бодлоосоо болоод сэтгэлийнхээ гүнд оршдог тэнгэрлэг амгалан чанараа хайхардаггүй.Йог бол хүн өөрийн тэнгэрлэг чанарыг мэдрэхийн хичээх зүтгэлийг хэлэх бөгөөд нэгэнт түүнийг олсон бол түүнээс үүрд салалгүй эрхэмлэн дээдлэх сэтгэлийн мөрийг хэлдэг.

Өөрөөр хэлбэл йог гэдэг нь өнгөрснөө дурсан харуусах, ирээдүйд ямар нэгэн зүйлсийг хүсэж мөрөөдөн түүнийхээ хойноос эцэс төгсгөлгүй тэчъяадан хөөцөлдөхийн оронд өөрийн тэнгэрлэг чанарыг олоод, эргэн тойрноо амар амгалангаар нигүүлсэхэд оршино. Зөвхөн нигүүлсэхийн утга учрын олсон цагт энэ хорвоогийн мөн чанар гэж юу болохыг ойлгоно. Жинхэнэ амар амгалан гэгээрлийг олсон йогчид, энэ орчлонгийн эрэгтэй эмэгтэй, хүүхдүүд, манжин, өт хорхой, далайн шүр гэх мэт бурхны бүх бүтээлийг энэ тэнцүү гэж үздэг бөгөөд тэдгээрийг дүрээ хувиргасан бурхан гэж хүлээн авна. Бусад амьтад бурхны бүтээл хэдий ч өөрсдийн мөн чанарыг ухаарах оюун ухаангүй тул бурхныг олж чаддаггүй гэнэ. Хүмүүн төрхийг олж төрнө гэдэг эрхэм тавилан агаад Гагцхүү бид л өөрсдөд заяасан оюун ухааны ачаар гэгээрэлд хүрснээр бурхныг олж харж чаддаг ажээ.Иймд энэтхэгчүүд сэтгэлийн амар амгаланг олохын тулд йогоор хичээллэх хэрэгтэй гэж үздэг байна.

Хэрэв зээ та хэн нэгэн хутагтын хойд дүр болж төрөөгүй л бол гэгээрлийн мөрийг хөөхөд чинь хэн нэгний тус дэм, сургаал хэрэг болно. Ийм учраас мөргөлчид хэдэн мянган жилийн турш гэгээрлийн мөн чанарыг олсон багшаа (Гүрү) олж авах гэж Энэтхэгт ирсээр….МЭӨ 1р зуунд Грекийн нэгэн элч, Таяана хотын иргэн Апполониус, Энэтхэг орноор аялсан тэмдэглэлдээ “Энэтхэгийн брахманууд энэ дэлхий дээр байгаа боловч байхгүй мэт, ямар ч цайз хэрэмд бэхлэн суугаагүй боловч бат бэх хэрмээр хамгаалагдсан мэт, ямар ч эд хөрөнгөгүй боловч хамаг баялагийн эзэн мэт амьдарч байхыг харлаа” гэж бичжээ. Жинхэнэ гэгээрлийн Гүрүгийн туслалцаагүйгээр олох боломжгүй агаад Гүрү гэдэг нь гэгээрэлд хүрч тэр байдлаа удаан хадгалсан, тэрхүү диваажингийн тэнгэрлэг мэдрэмжийг бусдад дамжуулах чадвартай байдаг. ГҮРҮ гэдэг санскрит хэлний “гэрэл ба харанхуй” гэсэн 2 үгнээс бүтэх бөгөөд харанхуйгаас гарч ирсэн гэдэг утгыг илэрхийлдэг байна.

…. Эл бүлгийн нэг өгүүлбэрт дүгнэвээс Энэ орчлон ертөнцөөс амьдралын утга учрыг бүү нэх, бүү хүлээ Зөвхөн зүрх сэтгэлдээ хүрч чадах юм бол тэндээс амар амгаланг олох болно..

ХАЙРЛА

Ислам шашинтнуудын хамгийн их нягтралтай амьдрах хоёр мянган километр үргэлжилдэг Индонезийн хойгийн дунд зөвхөн Хиндичүүд амьдардаг бяцхан арал Балид урд өмнө таарч байсан Катут хэмээх настай бөөг сураглан , шавилахаар ирдэг.Энэ арлын хүмүүсийн аж амьдрал, амьдрах арга ухаан, соёлтой нь танилцан саатахдаа домч найзтай болж түүний зүдруу амьдралыг сайжруулах хандив босгож мөн өөрийн хайртай бразил залуутай учирдаг.

Дүгнэж хэлбэл : Миний урьд өмнө нь уншиж, таарч байсан аялагчдын түүхээс ялгаатай нь түүний хувьд олон орноор өнгөц аялах бус тухайн очсон улсынхаа эгэл амьдрал буцалсан тэр л тогоонд 5,6 сар амьдарч соёл, зан заншил, хүмүүсийн ааш араншин, амьдрах арга ухааныг таньж, нийгмийн аж байдлын өөрөө нэг хэсэг нь байсан нь илүү сонирхолтой санагдсан.

Хэлэхийг зорьсон санаа нь хүн амьдралаа нэг ч удаа болов тухтай эргэцүүлж бусдын хүлээлтээр,жишгээр амьдрах бус өөрийн амьдралын утгыг эрж хайх ёстой. Эс бөгөөс нэгэн хэвийн, цаанаасаа хувь заяа нь зурагдчихсан мэт амьдрахад амьдрал дэндүү хайран…

Харин эгээ л америк хүний зангаар өөрийн сэтгэл хөдлөл, хувийн үзэл бодлоор дүгнэж хувийн амьдрал, сэтгэл санааныхаа байдлыг хэт нуршсан нь номын агуулгыг сул болгосон мэт санагдлаа. Энэ номонд миний хувийн зүгээс өгөх үнэлгээ 10/7

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet