Минутад 24 үг уншсан явлагханы боловсролын тухай бодрол

Explore with Jinji
4 min readNov 2, 2019

--

Жич алим идэж байгаад төрсөн гарчгийн санаа болно

Нэг зууны тэртээх хүн төрөлхтний хэрэглэдэг хүнс, ярьдаг утас, унадаг унаа тэрэг, хүмүүсийн төлөвшил хандлага тэнгэр газар мэт өөрчлөгдсөн хэдий ч хоёр зууны тэртээх боловсролын тогтолцоо харин өөрчлөгдсөнгүй.

Миний жишээ

Энэ хүүхэд минутад 24 үг уншжээ! Яахав, Орос хэл заасан багшийн хүүхэд болохоор 50 уншсан гээд биччихье гэж сургалтын менежер яхир өвгөн тайлант уншлагын үеэр өвөөтэй “хуйвалдахыг” нь сонсоод “турсагаа хуулуулах нь” тодорхой болсон тул өвөөг ангид үлдээгээд хам хум зугтаж гарсан тэр өдрөө би ер мартдаггүй. Дэрвэгэр цагаан палаж, дүплээ бэлдэн сургуульд орохыг хоног тоолон хүлээсэн, сурч мэдэхийн гал биш түймэр зүрхэнд авалцаж байсан намайг ийм л байдал угтана гэж хэн санах вэ дээ. Тоогоо буруу боддог, алдаа ихтэй бичдэг гээд анги тарахад авч үлдсэн хэдхэн хүүхдийн тоонд би зоолттой үлдэнэ.

Багш ангийн хамгийн цэвэр бичигтний дэвтэр шалгаруулна гээд гартаа хоёр дэвтэр барьсан байв. Гарцаагүй нэг нь минийх байсан тул баярлан суухад, хамгийн “балиар” бичигтэн гээд дэвтрийг минь үзүүлэхэд ичсэндээ хүүхдүүдийн нүүр битгий хэл цамц руу нь харж чадахгүй суусан зургаан настай өөрийгөө одоо ч тод санадаг юм.

Эээ бөмбөлөг гэж…

Хоёрдугаар ангид сурахгүй гурав луу үсрэх тул нэгдүгээр ангийн зун хурга ишигтэй ноцолдонгоо Солонго гэх өвөр монгол сэтгүүлийг хэдэн зуун удаа уншиж, цээжилсний эцэст намар нь уншилтаараа хэнийг ч г урдаа оруулдаггүй болов.

Зураг зураад суухад минь дэмий цаас эрээчлээ гэхэд загнахад ариун цэврийн өрөө орж суултуур дээр “хулгайгаар” зураг зурж суудаг хүүхэд байв. Тоогоо бодож чадалгүй хичээлийн цаг болонгуут нус нулимстайгаа хэдэн тэгшитгэлээ хольж идчихээд яваад өгнө. Багш самбар дээр дуудахад гай болж ганц бодож чадаагүй бодлого надад таарна. Бяцхан бор гараа цуцтал түүх, биологийн ном хуулна, хэзээ хэрхэн ашиглахыг мэдэхгүй ч тооны түмэн томьёо цээжилчхээд шалгалтын дараа мартаж орхино.

Толгойтой хүүхдүүд л тооны хичээл ойлгоно. Аан тийм дээрээс нь олимпиад энэ тэрд ордог бол хосгүй жаалд тооцогдоно. Царайгаараа явахгүй, тоогоороо гавихгүй. Заа даа хэл суръя гэтэл хэл бол хэрэглээ мэдлэг боловсрол биш гэж хэн нэгэн муйхарлаж байсан хүүхэд насны он жилүүд одоо бодох нь ээ хуучин хүүгийн арай л дээрдсэн хувилбар санагдана.

“Их сургууль сурахгүй л бол хүнээс дутуу явна” гэсэн айдас болгоомжлол миний үеийн мянга мянган хүүхдийн сэтгэхүйг хашиж байв. За тэгж алалцаж байж ганц ирсэн их сургуулийн сэтгүүлчийн хуваарийг авч баатар хот бараадав. Энд ч мөн ялгаагүй балар цагт сурсан эрдмээ 30, 40 жил тоть шиг давтсаар цээжилчихсэн байдаг багш нартай олон тааралдсан ч хамгийн чухал нь эрх чөлөөг олсон юм. Сонирхдог зүйлсээ өөрөө судалж, хэн нэгэнд тааруулах, хэн нэгэнтэй уралдаж, хэн нэгэнтэй харьцуулагдаагүй. Ийн алхаж сурсан жаал их сургуулиа төгсөж амьдрал гэх далайд сэлүүрдэхэд суралцаж явна, шаардлага гарвал сэлнэ чиг.

Хүүхэд бүрийн гараа ижилгүй. Тэдний өсөж хүмүүжсэн орчин авьяас чадвар, хүсэл тэмүүлэл онхи ондоо байтал нэг хэвэнд цутгаж, харьцуулж дүгнэх нь хэр зүйд нийцэх вэ? Яахав, биднээс өмнөх үеийнхний нийгэм цаг үе нөхцөлд тохирсон сургалт хүмүүжлийн арга байсан байж болох ч одоо бол цоо шинэ Z үеийнхэн бойжиж байна.

Интернетийн ачаар дэлхийн мэдлэг, мэдээлэл хүн бүхэнд нээлттэй болсон тул боловсролыг уламжлалт байдлаар бус илүү хялбар дөт аргаар олж авах боломж хүн бүхэнд нээгджээ. Тиймдээ ч zen G нар заавал бакалаврын зэрэг эзэмших гэсэн бодол ч үгүй болж.

Миний хувьд МУИС- ийн дипломоо үзүүлж ажилд ороогүй ч хандлага, ур чадвар, хүсэл эрмэлзлээр ажил олж хийгээд болоод л явж байна.

Бакалаврын диплом, хонхны баярын монтаж тавиурын мухарт тоосонд дарагдаад хэвтэж л буй.

Тэрслүү бодол

Романитизмийн үед төрж өссөн X болон millenial-уудын хувьд амьдралд ганц тохиох оюутан нас, дурсамж энэ тэр гэж сүржин баяр ёслол болж цай цуу болдог байсныг бид бүгд л мэндэ.

Харин сүр дуулиантай тэмдэглэсэн хонхны баяраа үнэхээр дурсдаг хүн байдаг болов уу? Интернет, мэдээлэл, шинэ бүхэн хомс цагийнхан ингэж цаг эмордог байсан байж мэдэх юм.

Урдахаа яая гэж байж юун арван жил, их сургуулийн хонхны баяр, оюутан нас энэ тэрээ дурсаад, эгшээд байх цаг зав үнэндээ гардаггүй санж. Харин ч цаг завтай байгаа дээрээ өшөө бие дааж судалгаа хийж, суралцаж, өөрийгөө боломжит бүх талаар хөгжүүлэхгүй яав даа гэсэн бодол л цухасхийдэг юм байна.

Мэргэн дүгнэлт байхгүй ч

Дэлхий ертөнц гэрлийн хурдаар хөгжиж байхад хэдүүлээ ийм хоцрогдсон байдлаар мэлхийн хурдаар ирээдүй рүүгээ зүтгэх үү… За мэдэхгүй ээ мэргэн шийдэл заах ухаан сэлт одоогоор надад байхгүй ч энэ байдлаараа явах нь таалагдахгүй байна. Хүүхдэд ямар байдлаар эрдэм боловсрол, төлөвшил олгоно, яг л тийм ирээдүйг бидэнд тэд бүтээнэ. Мэдлэгийг халтуурдаж, цаг аргацааж, хүчээр цээжлүүлж, дүнгээр уралдуулж олгохгүйгээр хүүхэд бүр онцгой гэдгийг мэдрүүлж, илүү прагматик, практикт суурилан хүртээмжтэй олгоосой.

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet