Нарны илчит хайр, уулын энтэй нөмөрт таныгаа дурсаад…
Алтайн уулс шигээ нөмөртэй миний эмээ-жилийн өмнөх бодрол
Өдөр хоног өнгөрсөөр л. Би сургуулиасаа хагас жилийн чөлөө авчхаад эмээгээ хараад байж байна. Эмээгийн минь бие нэг л дээрдэж өгөхгүй, ханиад хүрчихсэн улам зовууртай байна хөөрхий минь. Элдэв тариа эмчилгээ хийлгээд тусыг эс олов бид. Шөнө нэлээд ханиалгалаа босч ус буцалгаж халуун юм өгтөл арай намдаж баярлаж байгаа гэж жигтэйхэн. Яг л жаахан хүүхэд шиг болчих юм тэд өтлөхөөрөө. Солонгосоос миний авчирсан цай, кофе амттан тэргүүтнийг нандигнан боогоод цүнхэндээ хийжээ. Хааяа миний охион өнөө сайхан цайгаа нэг найруулаач гээд л.
Би уг нь энчээ ирээд эмээгээ гялалзтал асраад тэнхрүүлнэ гэж бодсон чинь санаснаар болдог зүйл ер биш байна. Өдрөөс өдөрт бие нь муудаж урьдынх шигээ надтай юм ярихаа ч байсан. Ойр зуурын хэдэн үг солино, чих нь сайн сонсдоггүй болохоор төвөгшөөдөг бололтой. Хөгшрөх үнэхээр аймшигтай юм. Бурхан минь өвдөж, хэвтэрт орж үр хүүхдэдээ ачаа болохгүй өтлөх юмсан. Үхэл магадгүй бидний боддог шиг тийм аймшигтай зүйл биш бол яах вэ? Энэ орооцолдсон утас шиг амьдралаас илүү амар амгалан зүйл бол яах вэ? Бурхан минь одоо эцэг эх минь л эрүүл байгаасай. Эмээ минь үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлсэн болохоор зарим нэг хөгшчүүлийн шиг насны эцэст гомдох зүйл үзэхгүй байгаа ч өөрийн хүслээр босоод хүссэн газар луугаа алхаад, хиймээр санагдсан зүйлээ хийгээд идэхийг хүссэнээ идэж, хүмүүстэй чөлөөтэй харилцаж чадахгүй байх нь өөрөө үхэхээс ялгаа юу билээ.
Би бодлоо тамир минь барагдахаас өмнө хөлсөө гартал шөнөжин бүжиж, хайртай хүмүүстээ халуун дулаан үг харамгүй хэлж, очихыг хүссэн газар,танилцахыг хүссэн хүмүүстэйгээ танилцаж, сохор болзоонд явж үзэж, хэн нэгнийг болзоонд урьж хийж үзмээр санагдсанаа бүгдийн хийж, утга учиртай, эргээд харахад дурсамж дүүрэн, эрүүл л амьдрахын хүсч байна.
Өөрийгөө үл хайрлан ажил хийхийн төлөө төрчихсөн юм шиг залуу нас, эрүүл мэнд цаг хугацаагаа зориулсан зүйл нь харамсалтай нь хэнд үнэлэгдэхгүй ах дүү нар нь ч мэдэхгүй байх нь гомдмоор гэхээс өөр юу гэх билээ.. Харин энэ бүхний үр шим нь үр хүүхдүүд бид л байх шиг байна даа. Одоо бол цээжлэхээс өөр үамгүй байсан эмээгийн сургаалийг ягштал биелүүлэхийг зорьж байгаа. Чи гоё ганган эд зүйлс хэрэглээд ч жинж жинж хэвээрээ үлдэнэ, гялгар гялтгараар бус уул шиг уужим зан, тусч сэтгэл, эрдэм мэдлэгээр өөрийгөө чимээрэй. Эртэч бай маш эртэч… Ажилла, ажилла хэзээ ч битгий хийцгүйр ч хэвт. Өөрийгөө завгүй байлга.
Харин одоо нөмөр Алтайн тэр уул хэдийн үгүй болж….
ЭМЭЭ дөрөвхөн үсэгтэй ч хорвоогийн хамгийн халуун дулаан үг. Эмээ нар цаанаасаа л нэг тийм сайхан. Дуудах бүрт аз жаргал хайр түгээдэг, бүр нялхармаар үг гэж бий тэр нь маань мэгзэм бус ердөө л эмээ.
Яагаад ч юм холын холыг, үнэний оронг зорьсон та минь бодогдоод. Хэнтэй ч хуваалцамгүй тийм гунигтай ч юм шиг жаргалтай ч юм шигээ энэ мэдрэмж зугуухан зүрх догдлуулна.. Үлдээсэн дурсамж бүхэн тань сэтгэл бүлээцмээр тийм халуун дулаан, айлдсан сургаал бүхэн нь уулга алдмаар тийм үнэн, бусдад зориулсан сэтгэлийг нь сүн их далай, сүмбэр их уултай ч жишимгүй хүн бол гагцхүү та байсан. Арвилж хэмнэх, өсгөн үржүүлэх, бусдыг асарч энэрэх, тэтгэх,бусдын төлөө өөрийгөө зориулахаар төрсөн буянтан байж . Өдий наслахдаа миний таньж мэддэг хамгийн тэвчээртэй, ухаантай хүн бол угаасаа та. Хоолоо идэхгүй, орондоо орж унтахгүй зөрүүдэлдэг байсан ч таныхаа урмыг хугалах зүйл хийж гомдоогоогүй гэж боддог шүү охин чинь. Гэр чинь хаана вэ гэвэл таны минь байсан тэр л газар байсан. Арцатын аман дах зуслан, тариан талбай дах намаржаа, Партизаны дэнж дэх өвөөгийн өвөлжөө, аймгийн шүүхийн хажуугийн гурван давхар цагаан байр… 19 жил эмээг дагаж нүүж явдаг дэндүү дасал болсон хэзээ ч уйдамгүй тэр л амьдрал минь холын холд бие дааж амьдрах шинэ амьдралаар солигдсон . Багадаа эмээ минь байхгүй бол амиа хорлох болно гэж тэнэгхэн охин чинь боддог байж билээ. Даль жигүүрээ дэвэн нисэх эрх чөлөөт хөх огторгуйд өвөө та хоёрын минь олгосон хүмүүжил, сайхан зан чанарууд хэзээ ч муу явуулахгүй гэдэгт итгэдэг. Өвөө та хоёр минь тэнгэрээс харж үргэлж хайрлаж,хамгаалж дэргэд байдгийг мэдэрдэг болохоор би хамгаас жаргалтай хөөн…
Нэгэн цагт намар дуусна гэж
Нэгэн цагт нар хүртэл бөхнө гэж
Нэгэн цагт намайгаа та минь орхино гэж
Нэгэн цагт андуухан бодож явжээ би
Санааны амьсгалд навчис алдуурсан хэвээр
Сансрын эс бүхэнд гэрэл хувилан бүжсээр
Сая сая галавын шаргал ай дунд
Сайхан мэлмий тань үргэлж ширтээстэй байх юм