Охин минь болж төрөөрэй ЭМЭЭ
Бидэнд тохиож болох хамгийн гунигт өдөр. Бүтэн 365 хоногийг тангүйгээр өнгөрөөнө чинээ төсөөлж байгаагүй гэнэн нас. 19 жилийн турш танаасаа 365 хоног хол байж үзээгүйсэн. Энэ жил хорвоо та миний амьдралд олон үнэтэй зүйлсийг ухааруулж дээ. Хайртай бүхэн чинь хажууд чинь үүрд байгаад байдаггүй, нэг л өдөр орхиж явдаг харин тэр өдөр огтоос харамсахгүй байж чадах эсэхт бэлэн байх уу гэдэгт…. Харин надад хичнээн гунигтай байсан ч харамсал огтхон ч байгаагүй ээ.Онгирохдоо ч биш би үүргээ биелүүлсэн гэж бодсондоо. Хонхны баяртаа таныг урьж, ажил төрөлтэй болоод тантайгаа хамт амьдарч, хүүхэдтэй болж эмээдээ зулайг нь үнэрлүүлнэ дээ гэж мөрөөдөж ирсэн. Харин одоо би нутаг руугаа, гэрлүү харихаас айж байна. Тэр л дурсамжууд, таныг байхад дүүрдэг асан хоосон орон зай, таны үнэрийг улам их үгүйлэх юм шиг .Одоо болохоор гэрт харихаар эмээ минь хүлээж суугаа мэт л санагддаг. Айл гэрдэж, зурам агнаж өссөн арцатын аман дах өвөөгийн гэрийн алтан буурь, хамгийн их дурсамж хадгалж үлдсэн өвөлжөө, Аймгийн төвийн цагаан байр… Үлдээсэн дурсамж бүр нь сэтгэл бүлээцмээр тийм халуун дулаан,айлдсан сургаал бүхэн нь уулга алдмаар тийм үнэн, бусдад зориулсан сэтгэлийг нь сүн их далай,сүмбэр их уултай ч жишимгүй хүн бол Миний Эмээ байсан. Арвилж хэмнэх, өсгөн үржүүлэх, бусдыг асарч энэрэх, тэтгэх,бусдын төлөө өөрийгөө зориулахаар төрсөн буянтан байж.Та хол ойрын хэнийг ч ялгалгүй ах дүүгээ гэж зунжин хөлс хөдөлмөрөө шингээж хураасан цагаан идээгээ тарааж орхидогсон.
Таныхаа дэргэд мөн ч оодгор өссөн дөө, сарлагийнхаа сүү, өрөм цөцгийнд умбаж чихэртэй ааруул, торт хийнэ гэж эрхэлж. Эмээгийнхээ хатан ухаан, холч уужуу бодол, бусдын төлөө гэсэн агуу сэтгэл, ерөөсөө л ажлын төлөө төрсөн мэт үүрийн таван жингээс үдшийн бүрийг хүртэл борви бохис хийлгүй хөдөлмөрлөдөг зангаас суралцсан охин нь их азтай. Эмээгийн охин байсан цаг хугацаа амьдралын хамгийн жаргалтай үеүүд байж дээ.. Ах эгч нар хамгийн гоё хувцас хунар, амттан шимттэнээр тасраахгүй. Айл саахалтынхан, хамаатнууд эмээгийн мундаг охин гэж бүгд хайрлана. Сургуулиасаа хагас жилийн чөлөө авч таныгаа бурхны замд одон одтол хамт байж чадсан минь энэ амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсансан. Эмээ уурлаж -яах гэж сургууль соёлоо орхиод ирж байгаа гэж гаднаа зэмлэвч сэтгэлдээ баярлан хэвтээг нь анзаарч билээ. Бага ангидаа зохион бичлэг бичихэд өвөө маань багш харин эмээ маань оёдолчин, хүүхдийн асрагч, саальчин гэж бичээд багшийгаа баахан инээлгэж байсансан. Нэрээ л эмээ маань өөрийн өрөөлийн гэлгүй олон хүүхдийг өсгөж, уйгагүй өдөржин юм оёж, хэдэн сарлагаа ямар их хайрлана гээч өвөл хүний гар үзэх мал гээд нэг товчных нь сүүг дандаа үлдээж өгдгийг харж өссөн жаал тэгж бодохгүй гээд яах билээ. Ажилч, хичээнгүй, өглөгчөөрөө нутаг усандаа нэртэй хүний дээд хүн дээ миний муу эмээ. Өвөө эмээгийн авдар гэж муухан супермаркетаас дээр байдагсан. Зусланд очихоор чихэртэй өвөөгийнх ирлээ гээд манайхаас хүүхдийн дуу тасардаггүйсэн.. Нэг удаа өвөө эмээ, Балжаатайгаа намаржаандаа шөнө буугаад гэрээ барьж амжилгүй гадаа өргөн ор засаад оддын доор юм ярьж хоносон тэр шөнө миний мэдэрсэн хамгийн тансаг зүйлсийн нэг байсан. Бусад хүүхдээ хатуу гараар өсгөсөн ч хааяа загнуулахыг эс тооцвол нэг ч удаа надад гар хүрээгүйсэн та. Ухаангүй хэвтсэн тэр шөнө бурханаас би миний амьдралаас 5 жилийг аваад эмээгийн минь амьдрах хугацаанд ядаж 5 сараар уртасгаж өгөөч гэж гуйж хоносон, даанч сонсоогүй. Хааяа таныг зүүдэлж сэрсэн өдөр хачин сайхан болдогсон. Надад амьдрал бэлэглэсэн ижийг минь төрүүлж өсгөсөнд гялайлаа.Холын холыг, үнэний оронг зорьсон хайрт эмээгийнхээ гэгээн дурсгалд зориулав. Охин минь болж төрөөрэй эмээ. Надад мэдрүүлсэн тэр их хайрыг буцааж танд мэдрүүлэхсэн. Ум сайн амгалан болтугай…