“Морри” буюу Уранчимэг гэх бүсгүйг хоёр жилийн өмнө Шарк Танк нэвтрүүлэгт орсноос хойш таньдаг болсон юм. Тэрбээр цайны мэдлэгт нэвтэрхий болж, “Highgarden” ургамлын цайгаа тариалахад нь агрономич аав ээж ихээр нөлөөлжээ. Түүний хагас сайн өдөр бүр зохиодог “цайсал” эвентд очиж тарьж ургуулсан цайг нь уудаг болж, “highgarden” цайнуудад дурласнаар түүнийг илүү сайн мэдэх болов. Харин тавдугаар сард ярилцлага авч, хураангуйлж сайтынхаа life is ярилцлагын буландаа нийтэлсэн юм. Дотоод ертөнц нь маш сонирхолтой,өвөрмөц имижтэй, эрч хүч ундарсан энэ бүсгүйн яриаг яриаг товчлох үнэхээр харамсалтай байв. Харин өнөөдөр бүтнээр нь блогтоо оруулж байж санаа амрах нь. Цайны түүх, соёл, жор болон эрүүл мэнд, сэтгэл санааны нөлөөллийг багтаан судалж бичсэн “Цайсал” номын нээлтээ өнгөрсөн зургадугаар сард хийсэн юм.
-William Ewart Gladstone
-Сайн байна уу? “Морри” нэрнийхээ утгыг тайлбарлавал ? “Морритой өнгөрүүлсэн мягмар гараг” гэсэн номтой холбоотой нэр үү?
-10 гаруй жилийн өмнө би өөртөө “Морриган” буюу хар дарсан зүүдний хатан хаан гэсэн утгатай нэрийг бодож олсон юм. Энэ нэр сүүлдээ Морри гэдэг болчихсон. Тухайн үед 16 настай “эмо”, сахилгагүй, хүнд рок сонсдог хүүхэд байлаа. Юм бүхний учир шалтгааныг эргэцүүлж, сонирхож явдаг өсвөр насан дээр зүүд надад маш хачирхалтай санагддаг байж билээ. Бид хэлэхийг хүссэн зүйлээ ихэнхдээ залгидаг. Тэр зүйл нь хүмүүсийг унтаж байхад хар дарсан зүүд болдог. Иймээс хэн нэгний бусдад хуваалцаж чаддаггүй тэдгээр зүйлийг яриулж, сэтгэл дотрыг нь “уудлах”-ыг хүсдэг байсан.
- Тэгвэл цай тариалах болсон түүхээрээ биднийг аялуулаач?
- Би төрсөн цагаасаа эхлээд л тариалангийн талбайд төмстэй шуудайн дунд өссөн. Манай аав, ээж хоёр тариаланч, эмийн ургамал судлаач хүмүүс. Тэд энэ салбарт 30 гаруй жил ажилласан. Эмийн ургамалын талаар бүхий л мэдлэг, мэдээллийг ээж аавтайгаа хорин жил амьдрахдаа өөрөө ч анзааралгүй нэг л мэдэхэд цуглуулчихсан байсан. Хоёрдугаарт говь нутагт төрсөн минь “цайчин” болоход нөлөөлсөн гэж боддог. Учир нь говь нутаг хүнийг өөртэй нь нүүр тулж уулзуулан, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг, гайхамшигтай газар. Тухайлбал чийгний өвчтэй хүмүүс говьд очоод элсэн дээр нь гишгээд л эдгэх боломжтой тийм их энергитэй нутаг. Би 4 насандаа саа өвчнөөр өвчлөөд жил гаран хэвтэрт ороод эдгэсэн. Энэ хугацаанд би бичиг үсэг сураад маш олон ном уншсан. Ийнхүү бага наснаас минь миний дотор, уран зохиол, байгаль дэлхий хосолж бүрэлдсэн гэж боддог. Хүн эрүүл амьдрахын тулд байгальтайгаа ойр байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байж эрүүл хүнс хэрэглэж чадна. “Цайчин” болох сэдэл яг дөрвөн жилийн өмнө төрсөн. Ер нь бол цайчин байснаа өөрөө олж мэдсэн гэвэл онох байх. Нэг өдөр ээж цай хандалж өгдөг заншлаараа “өвөл болж байгаа юм чинь хоёулаа цайгаа хандалж ууя” гэж билээ. Яг л тэр мөчид “Аав, ээж хоёрынхоо энэ их туршлага мэдлэгийг өвлөж авч байгаа хүнийхээ хувьд үүгээрээ бүтээгдэхүүн гаргаж болох юм байна” гэсэн санаа төрсөн. Тэгээд л байгаа ургамлуудын нөөцөд тулгуурлан цай гаргаж үзсэн. Одоогийн байдлаар арван нэгэн төрлийн цайтай болчхоод байна. Цай тариалахаас өмнө ургамлын үр бэлтгэдэг компани байгуулж, ургамлаа тариалдаг талбайтай байсан маань цайнуудаа тариалахад дөхөм болсон. Эдгээр цайны ургамлаа мэдээж говьдоо тариалдаг .
Учир нь говь нутаг Монголын ургамалан массын 30 хувь нь ургадаг ч ургамлын нэр төрлийн 70 хувь ургадаг. Түүнчлэн говьд ургаж буй ургамлуудын эмт чанарын өсөлт нь өндөр байдаг юм.
-Цай тариалахад хэр их арчилгаа, хөдөлмөр шаарддаг вэ?
- Үрийг нь бэлтгэнэ, хөрсөө боловсруулж ариутгана, үрээ тариалж, бүтэн жилийн турш арчилна. Түүнийгээ хурааж, хэрчиж, ариутгаж, хатаана, савлана гээд олон үе шаттай ажил.Асар их хөдөлмөр шаардана.
-Эдгээр ажлыг гар аргаар хийх үү?
-Тийм. Ургамал тариалахад технологи хамгийн чухал. Тиймээс ургамал тариалж буй хүн энэ салбарын өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Нийгмийн бохирдол гэдэг зүйлд би их эмзэг ханддаг учраас ургамал тариалдаг орчноо хамгаалах зорилгоор тариалангаа нууцалдаг. Хүний ходоод руу орж буй зүйлийг хамгийн их хөдөлмөр, хайр шингээж хийхийг хичээж байна.
-Мэдрэмж гэж ярих их дуртай санагдсан. Та мэдрэмжийг өөрийнхөөрөө юу гэж тодорхойлох вэ?
-Яг үнэндээ юу чухал вэ гэхээр мэдрэмж л хамгийн чухал. Бидний ой тоонд хамгийн удаан хадгалагддаг зүйл бол мэдрэмж. Цайнаас авч буй байгалийн мэдрэмж, уншсан номноос үлдсэн сэтгэгдэл, эсвэл жил хагасын хугацаанд хэвтэрт байгаад алхах мэдрэмж бол үгээр илэрхийлэхийн аргагүй. Ерөөсөө дэлхий ертөнцөд сайн, муу олон янзын мэдрэмж, эрчим нүргэлж байдаг. Түүнийг ямар байлгахыг хүснэ, яг л тийм зүйлийг хүн болгон хийвэл маш гоё.
-Та байгалийг мэдэрч, байгалиас сайн сайхан зүйлсийг авдаг гэлээ. Тэгвэл эргээд байгальдаа та юу өгч байна вэ?
-Байгальдаа шууд өгч буй зүйл бол цөлжсөн талбайд нөхөн сэргээлт хийж байна. Манай оронд маш их цөлжилт явагдаж байгаа. Мөн өөрийнхөө байдаг фэйсбүүк бүлгэмүүдийг уриалж мод ургамал тарих ажлууд хийсэн. Миний дотор байгалиа хайрлах хүсэл байгаа цагт үүнийг ямар ч байдлаар гаргах боломжтой.
“Цайсал” гэх нэр их өвөрмөц санагдлаа. Энэ нэрийг хэрхэн бодож олсон бэ?
-Энэ нэр нь цай болон Засал гэсэн үгнээс үүссэн. Хүн өвдсөнийхөө дараа бус өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Тиймээс өдөр болгон ургамлын цай ууснаар өөрийн сэтгэл санаа болон биеэ засаж буй хэрэг. Англиар ч гэсэн Tea teraphy-tearaphy гэдэг шүү дээ. Үүнийг монголчилсон чинь их зохицсон.
-Хүүхэд насны хамгийн жаргалтай дурсамжаа хуваалцвал?
-Саа өвчнөөр өвчлөөд жил гаран хэвтсэний дараа алхаж чаддаг болсон тэр өдрөө би хэзээ ч мартдаггүй. Д витамин дутагдаад майга хөлтэй, царай муутай болчихсон надад яг л нисэх мэт мэдрэмж төрсөн. Ваав амьдрал бол алхах, хийх юмтай байх юм байна гэдгийг мэдэрч байлаа. Миний аз жаргалын дээд цэг нь одоо ч нисэх мэт мэдрэмжүүд байдаг.
-Мэргэжил нэгт эцэг эхтэй байхын сайхан нь юу вэ?
-Манай аав, ээж хоёр хөдөө судалгаагаар яваад өгнө. Ах, дүү гурвуулханаа үлдээд тус тусдаа хувь хүн болж төлөвшсөн л дөө. Өөрөө өөрийн үзэл бодолтойгоо төлөвших орон зайг үлдээсэн гэх юм уу даа. Нөгөө талаараа тэр хоёрын үзэл бодол адилхан, бидэнд өгч буй санаа нь ерөөсөө нэг.
-Хорин настай өөртөө юу гэж хэлэх вэ?
-Хэлмээр байдаг, хийх ёстой байсан зүйлүүд байлаа ч хэзээ ч хэлэхгүй. Яагаад гэвэл би маш олон удаа бүтэлгүйтэж түүнийгээ даван туулж байсан. Харин миний хувьд 10 жилийн дараа өөртөө юуг хэлэхгүйн тулд амьдрах вэ гэдэг нь их чухал санагддаг.
-Хүн болгон хорвоод ямар нэгэн зүйл хийхээр төрдөг байх. Таных юу вэ?
Цай уух.
Гэхдээ цай уухдаа ганцаараа биш, мэдрэмжээ хүмүүстэй хуваалцаж , хамт цай уух.
Би өнөөдрийг хүртэл 800 гаруй хүнтэй хамт цай уучихсан. Хорвоо дэлхий дээр хийх гэж ирсэн зүйл бол үхэхээсээ өмнө өөрийнхөө ургуулсан цайг нэг тэрбум хүнд уулгах.
- Таны амьдралдаа сонсож байсан хамгийн гоё үг, зөвлөгөө юу вэ?
-Манай нөхрийн “Миний хайр, ингээд л өөрийнхөөрөө миний хажууд жаргалтай байж бай” гэж хэлдэг. Юунд ч санаа зоволгүй өөрийн хүсэл мөрөөдлөөрөө амьдрахыг минь дэмждэгт баярладаг.
-Ингэхэд нөхөртэйгөө яаж танилцаж байв?
-Бид хоёр найман жилийн Play time дээр танилцсан. Одоо түүнийгээ дууриасан хөөрхөн буржгар үстэй таван настай охинтой.
-25 хүртлээ ойлгосон 3 зүйлээ нэрлэвэл?
1.”Хайр” бол хамгийн чухал зүйл
2. “Мэдрэмж”- Хайр мэдрэмжийг үүсгэнэ. Мэдрэмжээ дагаад маш чухал зүйлсүүдээ хийж, үзэн ядалтыг давж чадна.
3. “Өөрийнхөөрөө байх”-хийхийг хүссэн зүйлийг ямар нэгэн айдасгүйгээр хийх.
-Биенийхээ аль хэсэгт хамгийн хайртай вэ?
Би өөрийнхөө бүх л хэсэгт дуртай. Өөртөө маш их хайртай.
Бүх л зурхайгаар сайн ба маш муу хүн гээд биччихсэн байдаг ч мэнгэнүүддээ хайртай.
-Таны нуруунд байдаг шивээснүүд ямар утга учиртай вэ?
Надад 5 шивээс байдаг. Эхний шивээс нь байгаль, хоёр дахь нь баахан жижигхэн буржгар үснүүд тэр нь миний хайртай хүмүүс. Миний нөхөр охин буржгар үстэй. Ирээдүйн хүүхдүүд буржгар байх /инээв/. Дараагийнх нь дорго. Дорго нь жижигхэн хирнээ том могой зэрэг амьтдыг иддэг. Би түүнийг хатан дорго болгож шивүүлсэн. Юунаас ч айхгүй гэсэн утгатай. Түүний доор “Born this way” буюу “Би иймээрээ л төрсөн” гэх утгатай Лэди Гагагийн дууны нэрийг шивүүлсэн. “Хувирал” романд би маш дуртай, түүнтэй холбоотой гоё дурсамжууд байдаг болохоор гаран дээрээ сүүлд “жоом” шивүүлсэн.
-Таныхаар аз жаргал гэж юу вэ?
-Аз жаргал бол Гарваа шүү дээ ххэ тоглосон юм. Аз жаргал бол одоо цагтаа байх. Гэртээ харингуут охин маань саначихсан хүлээж байж байна. Өдөр болгон дуртай ажлаа хийнэ. Намайг өөрчилсөн зүйл бол “хайр”. Ингэж боддог болох хүртлээ нэлээдгүй хугацаанд их муухай ааштай байсан. Нөхөртэйгөө учирснаас хойш манай найз нар, ээж хүртэл намайг маш аз жаргалтай болсон гэж хэлдэг. Би хайртайгаа учирснаас хойш амьдралыг илүү гоёор мэдэрч эхэлсэн. Цай, хайр, мэдрэмж бол би юм даа.
-Өнөөдрийг хүртэл өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт юу вэ?
Өөртөө итгэсэн минь юм болов уу? Одоо болтол би өөрийгөө олоогүй явж байгаа. Бүх л үед өөрийнхөөрөө байж чадсан минь л байх.
- Та имиж их өвөрмөц санагддаг. Хувцаслалтын загвараа юу гэж тодорхойлох вэ?
- Би өөрийнхөөрөө хувцаслах дуртай. Хүмүүст яаж харагдах гэхээсээ илүүтэй надад ямар мэдрэмж өгч байна гэдэг дээр төвлөрдөг. “Би” л гэж нэрлэх байх даа учир нь тэр хувцасыг харахаар, өмсөхөөр би юм шиг мэдрэгддэг. Би монгол дизайнерүүдийн урласан үндэсний хэв маягтай хувцас өмсөх их дуртай.
-Улаанбаатарт очих хамгийн дуртай газрыг нэрлэвэл?
Cozy club, Fatcat, манай гэр, тэгээд миний цайны өрөө.
-Миний хараагүй өнцөг, танд хэлэхийг хүссэн зүйл байвал энэ хормыг танд үлдээе
-Хүн болгонд өдөр болгон хүссэнээрээ амьдрах боломж байдаг. Бид өнөөдөр хэцүү эсвэл аз жаргалтай ямар ч нөхцөл байдалд байсан нэг л чухал зүйл байдаг. Тэр нь чамгүйгээр чиний хийж буй ямар ч зүйл утгагүй. Хэзээ ч хүний нүүр хармааргүй ичмээр байдалд орж болно гэхдээ би өнгөрчихвөл маргааш миний ичих хэнд ч хамаагүй шүү дээ. Өөрийнхөө хүсэж буй зүйлдээ төвлөрвөл хүн илүү утга учирыг олох боломтой. Бид өнөөдөр хүсээгүй зүйлээ хийж, хангалттай сөрөг байж болно. Жоохон зориг гаргаад хүсдэг зүйлээ хийгээд үзвэл алдсан байсан ч учир нь олддог…
- Ярилцсанд баярлалаа ^^ morrizm loves&cheers
https://lead.style/c/K5VE1pzEq7F2kugKa91b/n/iJh5ac77UhWAQDaQxdRL-Lead.style сайтд нийтлэгдсэн хувилбарыг эндээс унших боломжтой.