Төгсгөл бол даруй шинэ эхлэл…
Тэртээгээс түүсэн тэмдэглэлүүд
Тэртээ 2015 он… Номын тэмдэглэл, тэнэж одсон бодлоос ургасан утга учиргүй урт богино бичвэр, автобусаар зорчих эсхүл номын санд үүрэглэх зуур төрсөн шинэ санаагаа бичиж үлдээдэг байсан дэвтрээ санаандгүй олж уншлаа. Энэ л дэвтрээс би таван жилийн өмнөх, (хоёрдугаар курсийн оюутан) өөрийгөө олж харлаа. Одооныхоор блогийн талбар болж байсан өчүүхэн бичвэрүүдээ ийшээ нүүлгэхээр зэхлээ.
Төгсгөл бол даруй шинэ эхлэл…
Англи хэлний сүүлийн буюу last гэх тэмдэг нэрийн үйл үгийн хэлбэр нь үргэлжлэх буюу lasting гэх утгыг агуулдаг шүү дээ. Зуны төгсөл намрын эхлэл болдог, оны эцэс нь дараа оны эхлэл болон үргэлжилдгийн адил ямар ч төгсгөл байсан тэр зүйл нь төгсгөл биш ердөө шинэ эхлэл.
Бид бүгд хэзээ нэгэн цагт одоо байгаа зүйлээ орхино, үзэл бодол, ажил мэргэжил,нөхөрлөл, харилцаа, итгэл үнэмшил…Тэгээд ямар нэгэн зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй болно.
Тиймээс сайхан эхлэлийн төлөө төгсгөлөө ч мөн сайн хийх хэрэгтэй.
Сүүлчийн бараагаа зарж байна уу, хэн нэгнээс харилцаагаа тасалж байна уу, хүндхэн өдрийн ард гарч байна уу гэдгээс үл хамааран төгсгөлөө сайн хийх хэрэгтэй буюу өөртөө хийгээд өрөөлд сайхан сэтгэгдэл үлдээж байгаарай.
Дорнын гүн ухаантан Лао Цы “ Төгсгөлийн тохируулгыг эхнийхтэй ижилхэн хийвэл, бүтэлгүйтэлтэй бага учирна” гэжээ.
Бидний дурлаж, тэмүүлсэн хайр сэтгэлийн харилцаа үзэн ядалт, мөрөөсөн байж авсан эд зүйлс зүгээр л нэг хог, сэтгэл зүрхээ зориулж эхлүүлсэн ажил өдрөө аргацаах хэрэгсэл, оны өмнө тавьсан дэлхийг эргүүлэм зорилго жилийн эцэс гэхэд хогийн саванд базсан цаас болон хэвтэж нь олон таа. Тиймээс бид аливаа зүйлд анхны сэтгэл зүйгээрээ хандаж чадвал тэр нандин бүхэн “хог” шиг санагдахгүй байж болох юм. Анхных шигээ сэтгэл зүйгээр хандаад ч бүтэхгүй байх аваас энэ бол бүтэлгүйтэл биш, даруй шинэ эхлэл гэдгийг ямагт санаарай.
*Бүтэлгүйтэл нь та юу ч биелүүлж чадаагүйн шинж биш ямар нэгэн зүйл мэдэж авсан гайхалтай туршлага.
- Бүтэлгүйтэл бол та нүүрээ хийх газаргүй болсон гэсэн үг биш ямар нэгэн зүйлийг оролдож үзсэний гэрч болно.
- Бүтэлгүйтэл таныг ямар нэгэн зүйлийг эзэмшиж чадаагүйг илтгэх биш арай өөр аргаар хийх ёстойг ухааруулсан байх болно.
- Энэ нь таны бууж өгөх шалтгаан бус илүү ухаалаг, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй нь дохио.
- Бүтэлгүйтэл бол бурхан эсхүл хэн нэгэн танаас нүүр буруулсан биш танд илүү сайхан том зүйл нь тохиохын шинж тэмдэг.
Таван жилийн өмнө нэг зүйл алдсан бололтойдог. Чухам юу гэдгийн одоо эс санах ч энэ санааг үргэлж санаж явъя гэх үүднээс хуваалцлаа.