Уучлаарай…намайг
Өглөө ажил руугаа аудио ном сонсоод алхаж явлаа. Жигтэйхэн чамин алтан өнгөтэй хээ хуар болсон авс ачсан буяны хөсөг хажуугаар зөрөхөд зогтусан хэсэг бодолхийлэв.
Үхлийн тухай боддоггүй, бодлоо ч түүнийг ямар нэгэн зугаатай адал явдал мэтээр төсөөлдөг үедээ л хүн залуу явдаг гэж нэгэн найрагчийн бичсэн үг санаанд зурсхийв.
Ингээд л би хэзээ нэгэн цагт цаг хугацааны эргүүлэгт хөөс болон замхраад одвол юу өөрчлөгдөх бол? Энэ хорвоо дээр дурсагдах үнэ цэнэ юу байх бол, жинхэнэ өөртэйгөө уулзаж амжилгүйгээр одчихвол алтан авсанд хийлгэх хувь тохиосон ч амьдарсны хэрэг юу сан билээ. Ийм бодол төрөх хүртэл хүн залуу явдаг гэсэн, тэгэхээр би … гэж бодсоноо толинд харснаа хэн нэгэнд зориулж биш, зурагаа авахуулах гэж биш зүгээр л өөртөө зориулж инээмсэглэлээ…
Энэ л инээмсэглэл намайг жинхэнэ Мөнхжин болгодог, өөрөөсөө олж харахыг хүсдэг гэнэхэн бас чинь сэтгэлийн инээмсэглэл мөн байлаа… Хэн нэгний эв хавгүй хачин онигоо сонсоод бүгд инээж байхад, ганцаараа хөлдүү, серёоз царайлахгүйн тулд ярзайдаг тэр хуурамч инээмсэглэлээс тэс ондоо. Энэ гэнэхэн инээмсэглэлийг өөрөөсөө хичнээн ч жил харамлаж, балчирхан өөрийгөө ямар ч их гомдоож, голж байсан юм бэ дээ…Ахиад уучлаарай.
Өнөөдрийг хүртэл гомдоож голж ирсэнд. Гэр бүлийн орчин, арван жилд байхаас хэт даруухан байж, өөрийн талаарх сөрөг имижээ тултал бүрдүүлж түүндээ гүн бат итгэж хорин хэдэн жилийг баржээ. Уучлаарай энэ бүхэнд… Найзуудтайгаа зэрэгцэж зогсоод л толинд харахад өөрийгөө үргэлж дотроо голдог сон. Өндөр нуруутай, цасан цагаан цэвэрхэн царайтай, нүүрэн дээр нь барагтай л юм гарна гэж байхгүй. Харин дэргэд нь би гэж бух шиг том толгойтой, дээрээс нүүрэн дээр байсхийгээд бэржийсэн батга гарчихна. Айлын хүүхдүүд шиг, ганган хувцаслах нь тоотой. Эгчийнхээ, хамаатны эгчийнхээ багадсан хувцсыг өмсчихнө. Найз маань аав ээж нь цалин буух тоолонд хувцас авч өгдөг гэж гайхуулж ярина. Миний хувьд сар болгон ном, сэтгүүл захиалуулж авахуулж л зүрхэлдэг байсан санагдана.
Одоо бодох нь ээ үсрээд 50 орчим л кг жинтэй байсан болов уу, тэгсэн атлаа өөрийгөө бодит байдлаасаа хэд дахин бүдүүн, царай муутай гэж итгэж явсан сан. Үеийн охид болзоонд дэрвэж гүйхэд би утга уран зохиолын ертөнцөөр аялж, хэл сурч, тоогоо бодох гэж нус нулимстайгаа холилдож суудаг байлаа.ккк
Хариултыг нь мэддэг ч гараа өргөөд хариулчих, самбарын өмнө гараад тоо бодчих зориг дутна. Товчхондоо үргэлж өөрийн ур чадвар, гадаад үзэмжид итгэлгүй, төгс рүү дөхүүлж байж сая нэг юм дуугарч зүрхэлдэг нэгэн байжээ. Яг үнэндээ энэ олон жилийн дараа үүнийг анзаарах, ойлгож эхэллээ. Өөрийн сэтгэл, чадамж, бие мах бодоос бусад зүйлд бүгдэд нь талархалтай хандаж иржээ. Харин энэ удаа онцгойлон эрүүл саруул байгаадаа бие махбоддоо, энэ биеийг минь дааж яваа 2 хөлөндөө, гайхалтай санаа сэдэж, бүтээмжтэй ажиллаж ч чаддаг тархиндаа, өглөөнөөс орой хүртэл миний төлөө надаас юу ч нэхэхгүйгээр ажиллаж өгдөг 2 гартаа, өглөө эртлэн босож, орой эрт унтаж, мөрөөдлөө бодит болгох зүйлсийн хэлтэрхийг ч болов сахилга баттайгаар хийж байгаа ЧАМД МАШ ИХ БАЯРЛАЛАА, ХАЙРТАЙ ШҮҮ.
Өрөөс бусад юу гэж хэлж бодох нь падлий ч байхгүй. Угаасаа хүн бүхэн тус тусын амьдралдаа анхаараад хэн ч намайг, таныг, биднийг бодох, шүүмжлэх сөхөөгүй байгаа. Тиймээс өнөөдрөөс эхэлж чамайг чамлаж, голохгүйгээр сэтгэл, оюун санаа бие махбодоо юу юунаас илүү нандигнан хайрлаж хамгийн эрүүл хүнсээр тэтгэж, өдөр багадаа 1 цагийг зориулж байя. Хамгийн гоё адал явдлыг чамд зориулж бүтээж, хамгийн мартагдашгүй түүхийг бүтээхээр дэлхий ертөнцийн сонин хачиныг үзүүлнэ. Хамтдаа хэзээ ч үл мартагдах, тодоос тод үнэ цэнэ, баялгийг бүтээцгээе… ХАРИН ЧИ ҮРГЭЛЖ ЭРҮҮЛ САРУУЛ ДЭРГЭД МИНЬ БАЙЖ ЧАДАХ УУ… Бусдад үргэлж амжилт, сайн сайхан, халуун дулаан бүхнийг хүсдэг атлаа өөртөө зориулж ингэж хэлж үзсэн бил үү бид?