Чи бодоогүй байхад….
Чи үргэлж ярьдаг шигээ ухаалаг бас эгцлэн харахын төдийд нүд дальдчим харц шигээ сонирхолтой ,нууцлаг нэгэн байгаагүй. Хайрын тухай яриагүй ч хэн хэнийг маань догдлуулсан уулзалтууд, хоосон хөндий харилцааг цааш үргэлжлэхдээ өөр болноо гэж бодсонсон.
Ухаалаг нэгэн болж аяглан ярихдаа чимээ анирдахыг хүлээсэн зүрхээ хоёул чагнаж амжаагүй ээ. Чамаас давж гарах гэсэн утга нь эвлээгүй яриа, догдлолоо нуусан харцыг минь тэгэхэд чи анзаарсангүй. Ярилцах зуур дараа нь юу ярих вэ? гэх аятай чимээгүй бодлогошрол чинь, зурвас бүрт догдлолоо нуух гэсэн бардам зан чинь намайг өөртөө татаж хааяа бас түлхэж байлаа.
Оршихуйг эргэцүүлсэн философилог яриа, сонгодог урлаг, хэзээд ийм уйтгартай харилцаанд зохимгүй тансаг сэдэв байсан. Алив асуудлаас өөрийгөө эвлэгхэн авч гарах чинь, нөхцөл байдал бүрээс ашиг хонжоо хардаг зан чинь, хэтэрхий ухаалаг ярианд чинь, хөндий хоосон сэтгэлд чинь дасахвий гэхээс би явсан. Явсан гэдэг үг ч бидэн хоёрын харилцаанд гоёдоно. Дурлал үгүй, хайр бол бүүрч байгаагүй… Яг л шатрын өрөгт дараагийн нүүдлээ эргэцүүлсэн хоёр байсан. Ойрхон хэрнээ тийм хол хэн нэгнээсээ юуг хүлээлгүй алсрах зүрхнүүд байж.
- Чи эмэгтэй байсан бол өөрийгөө сонгож хайрлах байсан уу? Гэсэн асуултад минь нэлээд бодлогоширсноо чи яах байсан бэ?миний хариулт бол “үгүй” . Хэнээс ч илүүтэй өөрийнхөө муу талуудыг мэддэг болохоор. Өөр сонирхолтой, хүлцэнгүй биш,өөрийнхөөсөө эсрэг өнгөтэй ертөнц байдгийг хайж олж хайрлах байсан байхаа. Чи харин өнөөх оч шиг нүдээ эргэлдүүлэн маш олон зүйл хэлснийг чинь би одоо сайн санадаггүй. Харин нэг л өгүүлбэрийг тод санадаг. Би үдэшлэгний хатан хаан шиг, тийм гал цогтой эмэгтэй байх байсан. Энэ л харилцан ярианаас хойш чи бид хоёр хэзээ ч бие биенийхээ хайж буй ертөнц биш гэдгийг би ойлгосон.
- Хором хормоор алсрахдаа хэн хэн маань ч эргэж харалгүй одсон.
- Харин одоо надад чиний талаар ямар нэгэн эерэг,сөрөг сэтгэгдэл, дурсамж алга. Гагцхүү аз жаргалаа хуваалцах хэн нэгнээ олж өөрийнхөө өгч чадахаасаа илүү ихээр хайрлаарай хүсч байна.